Филиппиний ерөнхийлөгч асан Родриго Дутерте өнөөдөр буюу Баасан гарагт Хааг дахь Олон Улсын Эрүүгийн Шүүхийн (ОУЭШ) шүүх хуралд анх удаагаа оролцохоор болжээ.
Түүнийг улс орондоо хар тамхины эсрэг тэмцэл явуулахдаа олон мянган хүний амийг хууль бусаар хөнөөж, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг үйлдсэнд буруутгаж байгаа юм.
Өчигдөр орой гаргасан мэдэгдэлдээ ОУЭШ энэ хэргийн эхний сонсгол Баасан гарагт, орон нутгийн цагаар 14:00 цагт эхлэх тов зарлажээ.
Энэ үеэр 79 настай Дутертед ямар хэрэгт буруутгагдаж байгааг нь болон шүүгдэгчийн хувьд ямар эрх эдлэхийг нь танилцуулах гэнэ.
Лхагва гарагт Хааг хотод хүргэгдэж ирснийхээ дараа тэр “Би цагдаа, зэвсэгт хүчинд тушаал өгч байсан. Энэ бол миний ажил байсан тул хариуцлагаа хүлээх болно” гэж мэдэгджээ.
Мягмар гарагт Хонконгоос эх орондоо буцаж ирсэн Дутертег цагдаа нар Манила хотын олон улсын нисэх буудлаас баривчилсан юм.
Тэрбээр баривчилгааг эсэргүүцэж, 12 цагийн турш тэмцэлдсэний эцэст Филиппиний засгийн газрын тусгай үүргийн онгоцоор Нидерланд руу ниссэн байна.
“Хааг хотод хүргэхийн тулд та нар эхлээд намайг алах хэрэгтэй” гэж Дутерте тухайн үед цагдаагийн удирдлагад хэлж байжээ.
Дутертег баривчлахдаа Филиппиний эрх баригчид ОУЭШ-ийн ямар нэг тушаал захирамж үзүүлээгүй гэж өмгөөлөгчид нь маргаж байгаа.
Энэ үйл явдал Филиппиний улс төрд нөлөө бүхий хоёр гэр бүлийн зөрчил хурцдаад байгаа цаг үетэй давхцаж байна.
Филиппиний одоогийн ерөнхийлөгч Фердинанд Маркос, Дутертегийн охин дэд ерөнхийлөгч Сара Дутерте нарын хооронд улс төрийн ширүүн тэмцэл өрнөж байгаа.
Маркосын амь насанд халдах хуйвалдаан зохион байгуулсан хэрэгт Сара Дутерте буруутгагдаж, албан тушаалаа алдаж магадгүй болсон байна.
Сара одоо эцгийгээ дэмжихээр Нидерландад очоод байгаа юм.
Дутертег баривчилж чадсан нь ОУЭШ-ийн хувьд томоохон амжилтад тооцогдож байна.
Тус шүүх өмнө нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху нарыг баривчлах захирамж гаргасан ч гишүүн орнууд нь биелүүлээгүйгээс нэр хүндээ алдаад байв.
Өнгөрсөн сард АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп холбоотон улсын (Израил) удирдагчийг хууль бус үндэслэлээр баривчлах шийдвэр гаргасных нь төлөө ОУЭШ-ийн эсрэг хориг арга хэмжээ авсан юм.
“Олон улсын хууль дүрэм бидний хүссэн шиг хүчтэй биш гэж олон хүн үздэг. Би ч үүнтэй санал нийлж байна. Гэхдээ олон улсын хууль дүрэм зарим нэгний бодож байгаа шиг тийм ч сул биш гэдгийг би дахин сануулмаар байна. Бид нэгдэж, түншлэлээ бэхжүүлсэн цагт хуулийг дээдэлдэг болно. Захирамжийг биелүүлдэг болно” гэж Дутертег баривчилсны дараа ОУЭШ-ийн ахлах прокурор Карим Хан мэдэгджээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!