Уншиж байна ...

Т.Сүхболд: Ажил хийдэггүй тамирчин, дуучин цагдаагийн байгууллагад хэрэггүй

А.Төгөлдөр, iKon.mn
1 цаг 45 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Цагдаагийн Ерөнхий Газрын дарга Т.Сүхболд "NTV" телевизийн “Лхагвын тойм” нэвтрүүлэгт оролцох үеэрээ цагдаагийн байгууллагаас цалинждаг дуучин, тамирчдыг чөлөөлсөн тухай ярьжээ.

Тэрбээр “Ер нь агентлаг дотроо ч юм уу өөрчлөлт, шинэчлэл хийе гэхээр хүн дургүйцдэг болчихдог юм билээ. Байгаа газраа дасчихдаг. Бид ярилцаж байгаад ажил хийдэггүй тамирчин, ажил хийдэггүй хэр нь цалин авдаг дуучин хэрэггүй юм байна гэж шийдсэн.

Ингээд 2024 оны гуравдугаар сард тушаал гаргаад ажил хийдэггүй тамирчин, “Сүлд” чуулгын нэр дээр явдаг дуучдыг бүгдийг нь чөлөөлсөн.

Одоо “Сүлд” чуулга гэж дангаараа байхгүй. Урьдчилан сэргийлэх албаны харьяанд иргэд рүү чиглэсэн соён гэгээрүүлэх хэлтэс болсон.

Мөн “Хүч” спорт хороог сургалтын төв рүү нэгтгээд алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр сургалт явуулдаг байгууллага болгосон.

Өмнө нь улсын шигшээ багийн тамирчин хүн багаасаа цалин авдаг. Тэгсэн хэр нь цагдаагийн байгууллагын дүрэмт хувцас өмсөөд, цагдаагийн цолны цалин аваад явдаг байсан.

Тодорхой хэмжээний эсэргүүцэл ирсэн. Зарим нь “Наад хүн чинь гавьяат тамирчин хүн шүү. Чингис хаан одонт дуучин шүү дээ. Болох юм уу. Наад хүн чинь танай байгууллагын нэрийг гаргаж яваа шүү” гэж байсан.

Гэтэл бид шударга ёсны зарчимтай байх ёстой. Ажил хийж цагаа бүртгүүлээд үр дүн гаргаж байгаа хүн цалингаа авах ёстой. Харин цагдаагийн байгууллагын нэрээр явж байгаа нь ардчилсан нийгэмд байх ёсгүй” хэмээн ярьжээ.