"The MongolZ" баг Германы "MOUZ"-ийн эсрэг тав дараалсан хожигдлоо өнөө орой зогсоож чадах уу?

Н.Эрхбаяр, iKon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "BLAST Open Rotterdam 2026" тэмцээн өчигдөр Данийн Копенгаген хотод эхэлсэн билээ. 

1.1 сая ам.долларын шагналын сантай тус тэмцээнд дэлхийн шилдэг 16 баг А болон В хэсэгт хуваагдан өрсөлдөж байна. Хэсэг бүрээс гурван баг Playoffs шатанд өрсөлдөх эрхтэй болох бөгөөд нэгдүгээр байраар шалгарсан хоёр баг шууд шөвгийн дөрөв рүү дэвших учиртай. 

Манай улсын "The MongolZ" баг тус тэмцээнд хоёрдугаар сарын дэлхийн чансааны оноогоор уригдан оролцож байгаа. Тэд В хэсгийн эхний учраандаа Германы "MOUZ" багийн эсрэг өнөө оройн 23:00 цагаас тоглох хуваарь гарсан. Хожсон баг нь Францын "Team Vitality" болон Аргентины "9z Team" багийн аль хожсонтой нь маргааш шөнийн 02:30 цагт тоглохоор байгаа юм. 

"The MongolZ" баг өндөр чансаатай тэмцээний хүрээнд "MOUZ"-тай долоон удаа учраа таарч тоглоход ердөө нэг л удаа хожсон. Тэр нь 2024 онд Хятадын Шанхай хотод зохиогдсон дэлхийн аваргын хэсгийн шатанд нэмэлт үед буулган авч байжээ. Үүнээс хойш таван тэмцээн дараалан хожигдсон бөгөөд 2026 он гарснаас хойш хоёр ч удаа хожигдоод байгаа юм. Мөн энэ хоёр багийн долоон учраанд нийт 12 "map" дээр хүч үзэхэд манай улсын баг ердөө нэгхэн "map" дээр ялалт байгуулсан аж. Тэд дэлхийн үнэмлэхүй аварга Францын "Team Vitality"-ийн эсрэг ийм муу үзүүлэлттэй тоглож байсангүй.

Тиймээс өнөө орой тав дараалсан хожигдлын цувралаа зогсоож чадах уу гэдэг хүндхэн сорилттой нүүр тулгарахаар болж буй хэрэг.

Энэ сарын эхэн үеэр дууссан "ESL Pro League Season 23" тэмцээний хасагдах шатны тоглолтод дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцож чадаагүй. Тэгвэл энэ удаагийн тэмцээнд мөн адил багтайгаа оролцож чадахгүй бөгөөд цахимаар холбогдож заавар зөвлөгөө өгөх аж. 

"BLAST Open Rotterdam 2026" тэмцээнд түрүүлсэн баг 250,000 ам.долларын шагнал авах бол дэд байр шалгарсан баг 160,000 ам.доллар хүртэнэ.