Кремлийн үнэнч суртал нэвтрүүлэгч ОХУ-ын ерөнхийлөгч Путинийг ил тод шүүмжилж эхэлсэн нь олныг гайхшируулж байна
Оросын сөрөг хүчнийхнийг ангуучилдгаараа алдартай Кремлийн үнэнч суртал нэвтрүүлэгч гэнэт ерөнхийлөгч Владимир Путинийг олон нийтийн өмнө шүүмжилж эхэлсэн нь аль аль талын хүмүүсийг гайхшируулаад байна.
Мягмар гарагийн орой 42 настай хуульч, блогч Илья Ремесло өөрийн Телеграм хуудсанд “Би Владимир Путинийг дэмжихээ больсон таван шалтгаан” гарчигтай өгүүлэл нийтэлжээ.
Тэрбээр Кремлийн удирдагчийг Украины эсрэг “төгсгөлгүй дайнд” оросуудын амийг золиосолсон, эдийн засгийг сүйрүүлсэн, иргэдийн амьжиргааны түвшнийг бууруулсан, интернэт болон хэвлэл мэдээллийн хяналтыг чангатгасан, авлигыг цэцэглүүлсэн гэж буруутгасан байна.
Украины дайныг дэмждэг нийтлэлчид буюу “Z блогчид” хааяа эрх баригчдыг шүүмжилдэг ч Ремесло шиг Оросын ерөнхийлөгч рүү шууд ингэж дайрч байсан тохиолдол байхгүй.
Түүний энэ хачирхалтай үйлдлийг улс төрийн хүрээнийхэн янз бүрээр таамаглаж байна.
Тухайлбал Кремлийн алдартай суртал нэвтрүүлэгч, телевизийн хөтлөгч Владимир Соловьев түүнийг “дайсны талд орсон байж магадгүй” гэж дүгнэжээ.
Чеченийн удирдагч Рамзан Кадыровын тусгай зэвсэгт хүчин болох Ахматын командлагч Апти Алаудинов түүнийг барьцаалагдсан байж болзошгүй гэх таамаг дэвшүүлсэн байна.
“Тэр бол Навальныйг шоронд хориход гол үүрэг гүйцэтгэсэн хүн. Тэр Оросын талд тууштай байсан. Харин түүний одоо гаргаж буй үйлдэл түгшүүртэй санагдаж байна. Магадгүй түүнийг хаа нэгтээ барьцаалж, хүслээс нь гадуур зүйлийг хүчээр хийлгэж байж болох юм” гэж Алаудинов хэлжээ.
Ремесло олон жилийн турш хууль эрх зүйн мэдлэгээ ашиглан сөрөг хүчний идэвхтнүүд, Кремлийг шүүмжлэгчидтэй ширүүн тэмцсээр ирсэн юм.
Тэрбээр сөрөг хүчний удирдагч Алексей Навальныйгийн эсрэг кампанит ажилд тэргүүлэн оролцож, шүүх хуралд нь хүртэл оролцож байжээ.
2018 онд Навальныйгийн ерөнхийлөгчийн сонгуулийн кампанит ажлыг удирдаж байсан, одоо гадаадад амьдардаг Леонид Волков түүний 180 хэм эргэсэн энэ үйлдлийг Z-блогчдын дунд “миний харж байсан хамгийн огцом эргэлт” гэж нэрлэсэн байна.
“Ерөнхийлөгчийн засаг захиргааны хэн нэгэн Ремеслод ингэх зөвшөөрөл өгсөн гэж төсөөлөхөд ч хэцүү байна. Энэ бол дэндүү аюултай Пандорагийн хайрцгийг нээсэн хэрэг юм. Энэ нь байж болох бүх улаан шугамыг давсан хэрэг” гэж тэр сошиал хуудсандаа бичжээ.
Лхагва гарагт Ремесло гадаадад үйл ажиллагаа явуулдаг Агентство мэдээллийн хэрэгсэлд өгсөн ярилцлагадаа Путиний талаарх шүүмжлэлээ дахин бататгасан байна. Тэрбээр өөрийнх нь мэдэгдлийг хэн нэгэн Путиний анхааралд хүргэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа хэлжээ.
Санкт Петербург хотод амьдардаг Ремесло хэрвээ “миний гэр бүлд ямар нэг байдлаар заналхийлэхгүй л бол” Орост үлдэх хүсэлтэй байгаа, мөн хууль хүчний байгууллагууд өөрийг нь юунд ч буруутгахад бэлтгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.
“Тэд үнэндээ Путинийг шүүмжилсэн хүн бүрийг шоронд хийж чадахгүй. Ингэвэл ямар ч утгагүй” гэж Ремесло ярьжээ.
Эх сурвалж: The Moscow Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
