Уншиж байна ...

АНУ-ын ерөнхийлөгч Европын архи дарсанд 200 хувийн импортын татвар оноохоор сүрдүүллээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 28 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Трампын засаг захиргаа АНУ-д нийлүүлэгдэх ган, хөнгөн цагааны бүтээгдэхүүнд импортын өндөр татвар оноож эхэлсэнтэй холбогдуулан Европын Холбоо саяхан хариу арга хэмжээ авсан юм.

Ингэхдээ $28 тэрбумын дүнтэй АНУ-ын бараа бүтээгдэхүүнд импортын татвар оноосон байна. Үүнд Америкийн бурбон виски төрлийн согтууруулах ундаа багтсан юм.

Энэ хариу үйлдэл АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трампыг нэлээд бухимдуулж, Европын орнуудын архи, дарсны төрлийн бүтээгдэхүүнүүдэд 200 хувийн татвар оноохоор сүрдүүлжээ.

Тэрбээр өчигдөр өөрийн сошиал хуудсанд “АНУ-ын давуу талыг ашиглах ганцхан зорилгоор байгуулагдсан Европын Холбоо манай вискинд 50 хувийн импортын татвар оноолоо” гэж бичээд уг шийдвэрээ нэн даруй цуцлахгүй бол Европын бүх архи, дарсны бүтээгдэхүүнд 200 хувийн татвар оноохоор заналхийлсэн байна.

АНУ-ын ган, хөнгөн цагааны 25 хувийн импортын татвар Лхагва гарагаас үйлчилж эхэлсэн юм. Үүний хариуд Европын Холбооны эрх баригчид ижил төстэй арга хэмжээ авахдаа бурбон вискинээс гадна завь, мотоцикл зэрэг бараа бүтээгдэхүүнүүдээс импортын өндөр татвар авахаар болжээ.

Европын комисс АНУ-ын авсан арга хэмжээг “шударга бус” гэж дүгнэсэн ч тохиролцоход хэзээд бэлэн байгаагаа мэдэгдсэн юм.

 

Эх сурвалж: Business Insider