Уншиж байна ...

Өмнөд Солонгосын хамгийн цөөн хүн амтай нутаг Мьянмарын дүрвэгчдэд найдлага тавьж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
6 цаг 2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хүн амын тоогоор Өмнөд Солонгостоо хамгийн сийрэгт тооцогддог болсон орон нутгийн захиргаа Мьянмарын дүрвэгчдийг нутагшуулах санаачилга гарган хэрэгжүүлж эхлүүлжээ.

Умард Гёнсан мужийн Ёнгян дүүрэг НҮБ-ын дүрвэгчдийг хамгаалах арга хэмжээний хүрээнд энэ оны хоёрдугаар хагаст Мьянмараас 10 гэр бүлийн 40 орчим хүнийг хүлээж авахаар хөөцөлдөж байгааг албаны эх сурвалж мэдээлсэн байна.

“Хүн амын бууралтыг зогсоох бүх арга замыг судалж байгаагийн нэг нь гадаадаас дүрвэгч хүлээж авах юм. Бид газар нутгаа эзгүйрүүлэхгүйн тулд чадах бүхнээ хийж байна” гэж дээрх эх сурвалж ярьжээ.

Нийслэл Сөүл хотоос 230 км зайд оршдог Ёнгян дүүрэг нь арлуудыг эс тооцвол Өмнөд Солонгосын хамгийн бага хүн амтай орон нутгийн нэгж болоод байгаа.

Асуудлаа шийдэхийн тулд тус дүүргийн захиргаа Мьянмарын иргэний дайнд олон арван жил хэлмэгдсэн Карен үндэсний цөөнхийн дүрвэгчдийг шилжүүлж авахаар хууль зүйн яамтайгаа хамтран ажиллаж байгаа юм байна.

Гадаадын дүрвэгчдийг хүлээж авахдаа хойрго ханддаг Өмнөд Солонгос улсад хууль ёсны орогнох эрх авсан хамгийн олон гадаадын иргэд Мьянмарынх байдаг. Өнгөрсөн онд тус улсаас 474 дүрвэгч хууль ёсны дүрвэгчийн статус авсан юм.

2006 онд Ёнгян дүүргийн хүн ам 20,000 орчим байжээ. Өнөөдрийн байдлаар энэ тоо 15,271 хүрч, оны сүүлээр 15,000 хүрэхгүй хэмжээнд хүрэх тооцоо гарсан байна.

Энэ бол зөвхөн тус дүүрэг биш, нийт үндэсний хэмжээний асуудал юм.

Эдийн Засгийн Хамтын Ажиллагаа, Хөгжлийн Байгууллагын (OECD) энэ долоо хоногт гаргасан тайланд Өмнөд Солонгосын хүн ам одоогийн 51.7 саяас 2085 онд 27.5 сая болж буурах төлөвийг харуулсан байна.

Ёнгян дүүргийн захиргаа сүүлийн жилүүдэд хүн амаа өсгөх янз бүрийн арга хэмжээ авч байгаа. Тухайлбал шинээр мэндэлсэн хүүхэд бүрд 100 сая хүртэл воны ($68,800) урамшуулал олгох шийдвэр гаргаж байжээ.

Гэсэн хэдий ч жил бүр 25 орчим хүүхэд мэндэлж, 300 орчим хүн нас барж байгаа нь санаа зовоох үзүүлэлт юм.

Хорин жилийн өмнө энэ нутагт жилд 100 хүүхэд мэндэлж, 200 хүн нас бардаг байжээ.

Ёнгяны албаныхан одоо сурах хүүхэдгүйгээс болж хаагдсан сургуулийн байруудаа Мьянмарын дүрвэгчдийн орон байр болгон өөрчлөх боломжийг судалж байгаа юм байна.

Гэхдээ энэ нь тийм хэцүү асуудал биш байж магадгүй юм.

Өмнөд Солонгосын статистикийн байгууллагын гаргасан мэдээллээр бол 2023 оны сүүлээр тус улс даяар 1.53 сая эзэнгүй орон сууц бүртгэгдсэн нь 2022 оноос 5.7 хувь, 2015 оноос 44 хувиар өссөн тоо юм байна.

 

Эх сурвалж: Korea Herald