Уншиж байна ...

Теслагийн уналтыг автомашин үйлдвэрлэлийн түүхэнд бичигдэх үйл явдал гэж мэргэжилтнүүд дүгнэв

С.Мөнхцэцэг, ikon.mn
8 цаг 8 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахилгаан хөдөлгүүрт автомашин үйлдвэрлэгч Тесла компанийн хувьцааны ханш богино хугацаанд тал орчим хувиар унасан үйл явдлыг түүхэнд бичигдэх ёстой үзэгдэл гэж JPMorgan банкны шинжээчид дүгнэжээ.

“Автомашин үйлдвэрлэлийн салбарын түүхэнд ямар нэг брэнд маш хурдан үнэ цэнээ алдаж байсан үүнтэй ижил төстэй тохиолдлыг олоход хэцүү байна” гэж тэд дүгнэлтдээ бичээд хамгийн ойролцоо жишээгээр 2012 ба 2017 онуудад Хятад улстай дипломат маргаан үүсгэсний улмаас Япон, Солонгосын үйлдвэрлэгчдийн борлуулалт унасан тохиолдлуудыг дурдсан байна.

Гэхдээ дээрх тохиолдлууд нь тодорхой нэг улсын зах зээлд хязгаарлагдаж байсан бол Теслагийн хувьд ямар нэг газар зүйн хязгаарлалт байхгүй байгааг онцолжээ.

JPMorgan банкны шинжээчид цаашдаа Теслагийн нэгж хувьцааны ханш одоогийн $230.58-аас 41 хувиар буурч, $135 хүрэх таамаг дэвшүүлсэн байна. Ингэхдээ 2025 оны эхний улирлын автомашины борлуулалтын хэмжээг нь 355,000 ширхэг буюу 2024 оны мөн үетэй харьцуулахад 8 хувиар буурна гэсэн төсөөлөл дээр үндэслэжээ.

Лхагва гарагийн байдлаар Тесла компанийн зах зээлийн үнэлгээ өнгөрсөн оны сүүл үеийн $1.54 их наядаас 49 хувиар буурч, $777 тэрбумд хүрсэн байв.

Энэ уналтыг дэлхий даяар борлуулалт нь буурч байгаа болон гүйцэтгэх захирал Илон Маск бизнестээ анхаарал тавихаа больж, улс төрд хэт оролцож байгаатай холбоотой гэж ажиглагчид үзэж байгаа.

“Ноён Маскийн засгийн газрын үр ашигтай байдлын агентлагт (DOGE) хийж буй ажил нь улс төрийн баруун жигүүрийн зарим хэсгийн таалалд нийцэж байгаа ч зүүн жигүүрийнхний таалалд нийцэхгүй хагарал үүсгэсэн нь Теслагийн борлуулалтад сөргөөр нөлөөлж байна” гэж JPMorgan-ий шинжээчид бичжээ.

Сүүлийн өдрүүдэд АНУ даяар Теслагийн худалдааны газруудын гадна жагсаал цуглаан өрнөж, тус компанийн бүтээгдэхүүнүүдийг эвдэн сүйтгэх үйлдэл гарах болсон.

Ерөнхийлөгч Трамп саяхан энэ хөдөлгөөнийг “дотоодын терроризм” гэж үзэхээ мэдэгдсэн нь өөрийн холбоотон Маскийн бизнесийг аврах зорилготой алхам байв.

 

Эх сурвалж: Business Insider