Уншиж байна ...

Азербайжаны осолдсон нисэх онгоц Оросын Панцирь-С пуужинд оногдсоныг тогтоосон тухай албаны эх сурвалж мэдээлжээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Арванхоёрдугаар сарын 25-ны өдөр Азербайжан Айрлайнз компанийн нисэх онгоц Казахстаны Актау хотын орчимд осолдоход 38 хүний амь үрэгдсэн билээ.

Уг ослын шалтгааныг тогтоох шалгалтын ажлын үр дүн эхнээсээ гарч эхэлжээ.

Осолдсон онгоц Оросын армийн Панцирь-С пуужинд оногдсоныг олж тогтоосон тухай Азербайжаны засгийн газрын эх сурвалж Ройтерс агентлагт өчигдөр мэдээлсэн байна.

“Азербайжаны тал осолдсон онгоцноос Панцирь-С пуужингийн хэлтэрхийг олж авснаа олон улсын шинжээчдийн дүгнэлтээр баталгаажуулсан” гэж эх сурвалж ярьжээ.

Өчигдөр бас Казахстаны зам тээврийн яам ослын шалтгааныг мөрдсөн ажлын урьдчилсан тайланг нийтэлсэн юм.

Ингэхдээ олон тооны нүх үүссэн онгоцны эх биеийн гэрэл зургийг хавсаргаж, “гаднын хүчний нөлөөгөөр осолдсон” гэх ерөнхий дүгнэлтийг танилцуулсан байна.

Embraer E190 загварын онгоц тухайн үед Азербайжаны нийслэл Баку хотоос ОХУ-ын Чеченийн нийслэл Грозный хотын чиглэлд нисэж байсан юм.

Энэ үеэр Ар Кавказын бүс нутагт Украины дроны халдлага гарсны улмаас Грозный хотын нисэх буудал онгоцыг хүлээж авахаас татгалзсан гэдэг.

Өнгөрсөн сард Азербайжаны ерөнхийлөгч Илхам Алиев ослын бодит шалтгааныг хүлээн зөвшөөрч, буруутай этгээдийг шийтгэж, хохирлыг барагдуулахыг Оросын эрх баригчдад уриалж байв.

 

Эх сурвалж: Reuters