Уншиж байна ...

АНУ-ын засаг захиргаа баривчлагдсан хууль бус цагаачдыг Гуантанамо дахь цэргийн бааз руугаа шилжүүлж эхэлжээ

Т.Давааням, ikon.mn
2025 оны 2 сарын 5
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын засаг захиргаа тус улсад хууль бусаар оршин сууж байгаад баривчлагдсан цагаачдын эхний хэсгийг Гуантанамо дахь цэргийн бааз руу илгээснийг Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч өчигдөр мэдээлжээ.

Куба арлын эрэгт оршдог Гуантанамо нь терроризмын хэргийн сэжигтнүүдийг хорьдог газар юм.

Өнгөрсөн долоо хоногт ерөнхийлөгч Дональд Трамп энд 30,000 хүний багтаамжтай “цагаачдыг саатуулах газар” байгуулах захирамж гаргаж байв.

“Өнөөдөр АНУ-аас Гуантанамо руу хууль бус цагаачдыг нүүлгэн шилжүүлэх анхны нислэгийг үйлдэж байгаа” гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Каролин Левитт хэвлэлд ярьжээ.

Трамп хоёр дахь бүрэн эрхийнхээ хугацаанд хууль бус цагаачдаас улс орноо цэвэрлэх том зорилт тавиад байгаа.

Түүний энэ зорилт олон улсын хэмжээнд хүртэл маргаан дэгдээгээд байна.

Өнгөрсөн долоо хоногт тэр цагаачдыг албадан буцаах хоёр нисэх онгоцыг нь хүлээж авахаас татгалзсан Колумб улсын эсрэг худалдааны дайн зарлахаар сүрдүүлж байв.

Гуантанамогийн шоронг есдүгээр сарын 11-ний террорист халдлагын дараа нээсэн бөгөөд тэр үеэс хойш АНУ-ын гадаадад явуулсан байлдааны ажиллагааны үеэр олзлогдогсдыг цагдан хориход ашигладаг болжээ.

Олон улсын хүний эрхийн байгууллагууд энэ шоронгийн орчин нөхцөлийн талаар байнга шүүмжилдэг.

Ардчилсан Намын ерөнхийлөгч нар болох Барак Обама, Жо Байден нар уг байгууламжийг хаах санаачилга гаргасан ч Конгресс хориглож байжээ.

Одоо энд терроризмын гэмт хэрэг үйлдсэн 15 хүн хоригдож байгаагийн дотор есдүгээр сарын 11-ний халдлагыг зохион байгуулагч гэж өөрийгөө зарласан Халид Шэйх Мохаммед байгаа.

Гэхдээ хууль бус цагаачдыг тэднээс тусад нь хорих гэнэ.

Одоо Гуантанамод АНУ-ын армийн 300 алба хаагч байрладаг гэсэн мэдээлэл бий.

Өмнө нь энд бас хууль бус цагаачдыг хорьж байсан түүхтэй.

Тухайлбал Карибын орнуудаас орогнол хүссэн цагаачдыг болон тэнгисээр АНУ-ыг зорьж ирээд баригдсан хууль бус цагаачдыг хэдэн арван жилийн турш Гуантанамод байрлуулдаг байжээ.

1990-ээд оны үед Хайти, Кубын олон арван мянган дүрвэгчийг бас энд хэсэг хугацаанд байрлуулж байгаад буцааж байсан юм.

Нэгдүгээр сарын 20-нд тангараг өргөснийхөө дараа ерөнхийлөгч Трамп хууль бус цагаачдыг баривчилж, албадан буцаах ажиллагааг АНУ даяар эхлүүлээд байгаа.

Тодорхойгүй тооны цагаачдыг Колумб, Мексик, Гватемал, Бразил зэрэг улсуудад онгоцоор албадан буцаагаад байна.

Даваа гарагт Мексик улстай залгаа хилд зочлохдоо АНУ-ын батлан хамгаалахын шинэ сайд Пэт Хэгсет хууль бус цагаачдыг хориход “төгс газар” гэж Гуантанамог тодорхойлж байв.

АНУ-аас хууль бус цагаачдыг баривчлах, хорих, албадан буцаах ажиллагаанд Пентагон бүх талаар туслахад бэлэн байгааг тэр энэ үеэр илэрхийлжээ.

 

Эх сурвалж: AFP