Уншиж байна ...

Өвөл, хаврын уралдаанд 18 нас хүрээгүй хүүхдээр хурдан морь унуулж уралдуулахыг хориглов

А.Ням-Өлзий, iKon.mn
1 цаг 22 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Хаврын морин уралдаан зохион байгуулах эрхийг орон нутагт нь шилжүүлэх шийдвэрийг Засгийн газрын 2025 оны нэгдүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаас гаргасан. Засгийн газрын энэхүү шийдвэр албажсан байна. Уг тогтоолд:

“Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар, Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газарт тус тус үүрэг болгосугай” гэсэн байна. 



Засгийн газрын 2025 оны 41 дүгээр тогтоол бүрэн эхээрээ: 

ХҮҮХДИЙН ЭРХИЙГ ХАМГААЛАХ ЗАРИМ АРГА ХЭМЖЭЭНИЙ ТУХАЙ

Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 7, 11, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 1, Хүүхэд хамгааллын тухай хуулийн 32.1, Хүүхдийн эрхийн тухай хуулийн 12.1.2, Хөдөлмөрийн тухай хуулийн 5.1.9, 142.1, 142.2-т заасныг тус тус үндэслэн Монгол Улсын Засгийн газраас ТОГТООХ нь:

1."Хурдан морины уралдааны талаар авах зарим арга хэмжээний тухай" Засгийн газрын 2019 оны 1 дүгээр сарын 30-ны өдрийн 57 дугаар тогтоолын 1 дэх заалтын "үсэргээ зохион байгуулахыг" гэснийг "үсэргээнд 18 хүртэлх насны хүүхдийг хурдан морь унуулахыг" гэж өөрчилж, мөн тогтоолын 2 дахь заалтыг "Бүсийн уралдаанаас бусад орон нутагт зохион байгуулах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээг цаг агаарын нөхцөл байдлыг харгалзан, тухайн шатны нутгийн өөрөө удирдах байгууллагын зөвшөөрлийн дагуу холбогдох хууль тогтоомж, журам стандартад нийцүүлэн, аюулгүй байдлыг ханган зохион байгуулж байхыг бүх шатны Засаг дарга нарт үүрэг болгосугай." гэж өөрчлөн найруулсугай.

2.Хүүхдийн эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрийг таслан зогсоох арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулж, өвөл, хаврын улиралд зохион байгуулагдах хурдан морины уралдаан, сунгаа, үсэргээнд 18 нас хүртэлх хүүхдийг аливаа хэлбэрээр оролцуулахгүй байхад хяналт тавьж ажиллахыг бүх шатны Засаг дарга, Цагдаагийн ерөнхий газар (Т.Сүхболд), Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын ерөнхий газар (Т.Ихтамир)-т тус тус үүрэг болгосугай.

3.Хүүхдийн эрхийн хууль тогтоомжийн хэрэгжилтийг сайжруулах, хүүхэд оролцуулах соёл, спортын арга хэмжээний зохион байгуулалт, хяналтын үйл ажиллагаанд орон нутгийн удирдлага болон мэргэжлийн холбоодын оролцоог хангах зарчимд нийцүүлэн холбогдох журмыг шинэчлэх арга хэмжээ авахыг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ч.Номин, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан нарт даалгасугай.

4.Энэ тогтоолын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Хууль зүй, дотоод хэргийн сайд О.Алтангэрэл, Монгол Улсын сайд, Хяналт үнэлгээний Үндэсний хорооны дарга Э.Одбаяр, бүх шатны Засаг дарга нарт тус тус даалгасугай.

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ САЙД Л.ОЮУН-ЭРДЭНЭ

МОНГОЛ УЛСЫН ШАДАР САЙД С.АМАРСАЙХАН