Хиймэл оюуны технологийн дэлхийн тэргүүлэгч компаниудын нэг OpenAI компанийн гүйцэтгэх захирал Сэм Олтмэн өчигдөр Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод шахуу төлөвлөгөөтэй зочилж, тус улсын технологийн компаниудын төлөөлөлтэй уулзжээ.
Хятадын DeepSeek компани АНУ-ын зах зээлд дуулиан тарьсны дараа тэр Азийн технологийн том гүрнүүдийн нэгд айлчилсан нь учиртай гэж ажиглагчид үзэж байна.
Өчигдөр тэр Өмнөд Солонгосын анхны компанитай стратегийн хамтын ажиллагаа эхлүүлж байгаагаа зарласан нь мессэнжэрийн үйлчилгээ эрхлэгч Какао байлаа.
OpenAI компанийн хөгжүүлсэн хиймэл оюуны дэвшилтэт технологийг Какаогийн үйлчилгээнүүдийг сайжруулахад хамтран ажиллахаар талууд тохиролцсон байна.
“Бидний зорилго бол AGI (Artificial General Intelligence) технологийн үр ашгийг хүн бүрд хүртээх юм. Ингэхийн тулд зөвхөн судалгаа хөгжүүлэлтэд анхаарах биш бас сайн бүтээгдэхүүнтэй болох шаардлагатай байдаг. Бид үүнийг түншлэлийнхээ хүрээнд хийхийг зорьж байна” гэж Сэм Олтмэн мэдэгджээ.
Какао компанийн гүйцэтгэх захирал Чун Шин А хамтын ажиллагааны зорилго нь хиймэл оюуны технологийн ач тусыг аль болох олон хүмүүст хүргэх болохыг бас батлан илэрхийлсэн юм.
Өчигдөр Олтмэн мөн Солонгосын хиймэл оюуны шилдэг 100 мэргэжилтэнд хаалттай илтгэл тавьсан байна.
Дараа нь SK Группийн удирдлагуудтай хамтын ажиллагааны боломжийн талаар уулзжээ.
SK Hynix компани хиймэл оюуны хэрэглээнд шаардлагатай өндөр хурдны санах ой үйлдвэрлэдэг бол SK Telecom компани хиймэл оюуны дата төвийн бизнес эрхэлдэг юм.
Олтмэн бас компьютер тоглоом хөгжүүлэгч Krafton компанийн гүйцэтгэх захирал Ким Чан Хантай уулзжээ.
Тус компани өнгөрсөн онд OpenAI компанийн GPT-4o загварт суурилсан “Uncover the Smoking Gun” тоглоомоо зах зээлд гаргасан юм.
Какаогийн уулзалтын дараа Олтмэн тус улсын хэд хэдэн том группийн удирдлагуудтай үдийн зоог барьжээ.
Үдээс хойш тэр Японы Softbank группийн гүйцэтгэх захирал Масаёоши Соны хамт Samsung Electronics группийн ерөнхийлөгч И Жэ Ён болон бусад захирлуудтай уулзсан юм.
Уулзалтын зорилгын талаар мэдээлэл хомс байгаа ч саяхан АНУ-ын засаг захиргааны зарласан $500 тэрбумын хөрөнгө оруулалттай Stargate төсөлтэй холбоотой бололтой.
“Stargate бол дэлхий нийтийг хамарсан том төсөл болох юм. Үүнийг хэрэгжүүлэхэд нийлүүлэлтийн сүлжээний бүх төрлийн компаниуд нэгдэх ёстой. Солонгосын компаниуд үүнд маш чухал үүрэгтэй байх болно” гэж Сэм Олтмэн хэлжээ.
Эх сурвалж: Korea Times
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!