Уншиж байна ...

Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн менингококкын халдварын сэжигтэй тохиолдлын хариу маргааш 11:00 цагт гарна

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

"Баянгол дүүрэгт бүртгэгдээд байсан менингококкын сэжигтэй тохиолдлын хариу өчигдөр сөрөг гарсан. Хүүхдийн биеийн байдал хэвийн буюу эмчлэгдсэн" хэмээн Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв(ХӨСҮТ)-ийн захирал Э.Анхбаяр өнөөдөр мэдээлэв.

Харин Баянзүрх дүүрэгт бүртгэгдсэн сэжигтэй тохиолдлын хариу маргааш 11:00 цагт гарах юм байна.

ХӨСҮТ-ийн захирал Э.Анхбаяр "Дэгдэлт таван жилийн үечлэлтэй гардаг. Гэхдээ вакцинаар сэргийлдэг болсноос хойш буюу 1995 оноос тоо нь эрс буурсан. 2005 онд 40 тохиолдол батлагдаж байснаас хойш 20 гэх мэтээр буурч байна. Бидний тооцоолж буйгаар 2025, 2026 онд менингитийн 15 орчим тохиолдол бүртгэгдэх магадлалтай" гэв.

Зөвлөгөө: 

  • Бага насны хүүхдүүд эрсдэлт бүлэгт хамаарна. Хүний дархлааны систем болон хэр хоруу чанартай өвдөж байгаагаас хамаарч менингитийн халдвар эрчимтэй явна.
  • Бүх насныхан өвдөх эрсдэлтэй. Гэхдээ өмнөх тохиолдлуудаас ажиглахад тав хүртэлх насны хүүхдүүд илүү хүндээр өвдөж байна. 
  • Менингококкын халдварын гол онцлог нь өндөр халуурах шинж тэмдгээр илэрдэг. Халууны эм уулгаад түр буусан ч буцаад 39, 40 хэм хүртэл маш өндөр халуурдаг. 
  • Насанд хүрэгчид гаднаас халдварын нянг тээж, бага насны хүүхдүүдэд дамжуулах тохиолдол бий. Иймд томчууд гэртээ ороод гадуур хувцсаа тайлж, хоолой амаа зайлаад, ариун цэврээ сахисны дараа бага насны хүүхэдтэйгээ харьцахыг зөвлөе.