Уншиж байна ...

Шүүхийн тогтоол албажиж гарсны дараа шүүх хуралдааны бичлэгийг нөхөж үзэх боломжтой болжээ

Н.Эрхбаяр, iKon.mn
56 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монгол Улсын дээд шүүхийн Тамгын газраас шүүхийн цахимжилт, шууд дамжуулалттай холбоотойгоор өнөөдөр сэтгүүлчидтэй уулзаж, мэдээлэл өглөө.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн шинэчилсэн найруулгаар шүүхийн үйл ажиллагаа ил тод нээлттэй байхаар заасан. Үүнтэй холбоотойгоор Улсын дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааныг албан ёсны веб сайтаараа шууд дамжуулж эхэлсэн байна.

Ингэхдээ хуульд заасны дагуу төрийн нууцад хамаарах, хүүхдийн эрх ашгийг хамгаалах гэх мэт хаалттай явуулах шүүх хуралдаанаас бусад бүх шүүх хуралдааныг нээлттэйгээр шууд дамжуулж байгаа аж. Тухайлбал 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийн байдлаар 292 шүүх хуралдааныг шууд дамжуулжээ.

Шууд дамжуулж буй бичлэгийг үзэхийн тулд Монгол Улсын дээд шүүхийн албан ёсны www.supremecourt.mn веб сайтын баруун дээд буланд байрлах “Шүүх хурлын шууд дамжуулалт” хэсэгт дарснаар ДАН системээр нэвтрэх хэсэг харагдана. ДАН системд бүртгэлтэй бол регистрийн дугаар, нууц үгээ оруулан нэвтрэх товчлуурыг дарснаар шүүх хурлыг цахимаар үзэх боломжтой.

Хэрэв ДАН системд бүртгэлгүй бол банкны эрх эсвэл тоон гарын үсгийн аль нэгийг сонгон, шаардлагатай мэдээллүүдийг оруулсны дараа нэвтрэх товчлуурыг дарж, шүүх хурлыг цахимаар үзэх боломжтой аж. 2024 оны арванхоёрдугаар сараас 2025 оны нэгдүгээр сарын 27-ны өдрийг хүртэл ДАН системээр нийт 873 хүн хандаж, шүүх хуралдааныг үзсэн байна.

Шүүх хурлын өдрөөс хойш гурав хоногийн хугацаанд шүүх хуралдааны бичлэгийг тус сайтын “Архив” хэсгээс нөхөж үзэж болохоор зохицуулжээ. Харин 72 цаг буюу гурав хоног өнгөрсний дараа нөхөж үзэхийн тулд тухайн хэргийн тогтоол албажиж гарсны дараа “Архив” хэсгээс шүүх хуралдааны бичлэгийг үзэх боломжтой болсон байна.

 

Эх сурвалж: Монгол Улсын Дээд Шүүх