Уншиж байна ...

О.Хулан: Мөрөөдлийнхөө төлөө шаргуу хөдөлмөрлө

ikon.mn
3 минутын өмнө
Сурталчилгаа

Алсын хараа, зорилго, тэмүүлэл өөр 8 тэрбум хүсэл мөрөөдөл дэлхий даяар оршин сууж, өдөр бүр түүндээ хөтлөгдөн урагш алхдаг.

Тэдний нэг нь Онолбаатарын Хулан. Монголын шигшээ баг, Улаанбаатар Амазонс багийн тоглогч тэрбээр сагсан бөмбөгийн карьераа эхлүүлээд зургаахан жил болж байгаа ч хичээл зүтгэлээрээ өдгөө чамгүй олон амжилтын эзэн болж чаджээ.

БНХАУ-ын Дээд лигийн “Wuhan Cranes” багтай гэрээ үзэглэж, гадаад улсад тоглож буй анхны Монгол эмэгтэй мэргэжлийн тоглогч болсон Хулантай карьерийн замнал хийгээд хүсэл мөрөөдлийнх нь талаар ярилцлаа.

зураг
 

- Сагсан бөмбөгтэй холбоотой анхны дурсамжаасаа хуваалцаач?

- Жаахан байхдаа зуны гурван сар ахтайгаа хөдөө өвөө, эмээ дээрээ үлддэг байсан юм. Яг мал дээр хонь, тугалдаа явж, хөдөөгийн амьдралд туслаад зуны саруудыг өнгөрөөдөг байлаа л даа. Тухайн үед голын хүүхдүүд нар жаргахын алдад завтай болчхоод бөөндөө цуглаад сагс тоглодог нь одоо бодоход хамгийн гоё дурсамж байжээ. Эхэндээ бид нарт сагсан бөмбөгийн шийд байхгүй болохоор өөрсдөө модоор самбарыг нь, хаягдал дугуйгаар цагаригийг нь хийж тоглодог байж байгаад сүүлдээ ах бид хоёр хотоос нэг гоё улаан цагариг авч очиж байсан юм. Тэгээд ерөөсөө л хүүхдүүд ахуйн ажлаа дуусгачхаад манайд цуглаад хоёр цаг алалцаад л сагс тоглодог. Тэр үеэс л ер нь сагсан бөмбөгт дуртай болж эхэлсэн.

- Гэхдээ тэр үед бол карьераа болгоно гэж бодож байгаагүй юу?

- Ёстой үгүй. Хэзээ ч өөрийгөө мэргэжлийн тамирчин болно гэж бодож байгаагүй. Тухайн үед намайг жоохон тэгээд эмэгтэй болохоор ерөөсөө багт авахгүй. Тэгэхээр нь багт орохын тулд өдрийн халуун наранд ганцаараа бэлтгэл хийж сайжрах гэж их үздэг байсан юм. Энэ дурсамж л их тод үлдэж дээ.

- Тэгвэл хэзээнээс сагсан бөмбөгийг зүгээр нэг хобби гэж харахаа больсон бэ?

- Анх оюутан болоод шинэ хамт олон дунд ороод сагсаа тоглоод л, тэмцээн уралдаанд оролцоод явах нь л өөрөө их гоё санагддаг байсан. Тэрнээс биш ерөөсөө тамирчин болно гэж бодож байгаагүй. Харин нэгдүгээр курс төгсдөг зун юм даа. Би чинь ганцхан жил л сагс тоглосон, шигшээ багийн талаар бодоо ч үгүй байсан үе л дээ. Тэгсэн тэр зун намайг 3x3-ийн шигшээ багт дуудав аа. “Оюутны Азийн Аварга” гээд л янз бүрийн тэмцээнд оролцоод л яваад байлаа. Тэгсэн ч нэг их юм бодоогүй. Харин Азийн клубүүдийн аваргаас мөнгөн медаль авсан хойноо л мэргэжлийн тамирчин байх талаар анх удаа нухацтай бодож эхэлсэн.

Харин дараа жил нь намайг хоёрдугаар курсээ төгсдөг жил манай эмэгтэй шигшээ баг Олимпод оролцох эрхээ авсан. Тэр үед үнэхээр “Юу билээ?” л гэж бодогдсон. Багийн эгч нарын хувьд энэ нь мөрөөдөл байсан бол учраа ч олоогүй явсан миний хувь мөрөөдөж ч зүрхлэхээргүй үйл явдал байсан юм. Тэгээд өргөтгөсөн бүрэлдэхүүнд багтаад, бэлтгэл хийж байсан чинь ковид гарчихсан. Мэдээж нэг жил хойшилж байгаа нь хүмүүст муу мэдээ байсан ч надад бол ашигтай туссан. Ямар ч туршлагагүй надад сайжрах боломж нэг жилээр сунгагдсан гэх үү дээ. Олимпын шигшээд орох боломж харагдсан тэр үед л “”Би чадаж магадгүй юм байна” гэж бодогдсон.

Ингээд л шат шатаар хобби маань мөрөөдөл болж эхэлсэн. “Mongolia” гэсэн бичигтэй өмсгөлийг өмсөөд талбай дээр гарах, “Онолбаатарын” гэж аавынхаа нэрийг дуудуулах тэр бахархалт мэдрэмж эргэлт буцалтгүй намайг сагсан бөмбөгт дурлуулсан. Ахыгаа яг тэгж дуудуулж байхыг хажуугаас нь харж, ямар их бахархал төрдгийг мэддэг болохоор би өөрөө бас тийм мэдрэмж төрүүлэхийг хүссэн л дээ.

- Хүндхэн хүлээж авч байсан бүтэлгүйтэл байдаг уу?

- Зөндөө шүү дээ. Өмнө нь бол хожигдол болгоныхоо араас “Ер нь хэрэг байна уу даа. Юу ч хийгээд байгаа юм, сайжирч байгаа ч юм уу болих ёстой юм биш үү?” гээд л бодно. Дээр нь хүмүүсийн коммент бүр аймаар. “Хүмүүсийн татварын мөнгөөр зугааллаа” “Энэ Хулан л бүх юманд байж байх юм” “Даргын охин” гээд л өөрсдийнхөөрөө түүх зохиогоод л бичиж өгнө. Тэр болгонд нь би “За хэнд ч өртэй гэж ингэж доромжлуулаад байгаа юм” гэж боддог байсан. Зүгээр сайхан хичээлээ хийгээд л, нэг оффисын ажилд ороод явбал би чинь уг нь хангалттай сайхан амьдарчихаар хүн. Гэтэл үнэхээр л хайртай, дуртай юмыг яалтай вэ.

зураг
 

- Түүнийгээ яаж давж гардаг вэ?

- Гуниглах үедээ гуниглачих хэрэгтэй санагддаг. Өмнө нь би хэцүү санагдсан ч тэрийгээ дотроо нуугаад, хураадаг байсан юм. Тэр ёстой буруу. Тэгээд л хураагаад л байх тусам тэр чинь нэг л өдөр дэлбэрнэ. Бүр дэлбэрэх дэлбэрэхдээ буруугаар дэлбэрч, халиад гарчихдаг. Тиймээс гуниг төрүүлж буй мэдрэмжтэйгээ нүүр тулаад, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэхдээ түүндээ идэгдээд хэвтэж болохгүй. Яагаад эхэлсэн гэдэг зорилгоо марталгүйгээр гуниглах нэг өдрийг өөртөө өгч бүхнээс ангижраад маргаашаас нь буцаад хэвийн болох хэрэгтэй. Ер нь бол хүний доторх мэдрэмжээс бодол урган гарч, бодол нь үйлдэл болдог. Тийм болохоор сөрөг мэдрэмжээ эерэг болгох хэрэгтэй. Тэгээд ирэхээр аяндаа л маш гоё үр дүнгүүд гарч эхэлнэ. Бид чинь нэг л амьдрах хүмүүс шүү дээ. Хүмүүс яаж ч харааж загнаж байсан хүн өөртөө зөөлөн хандаж, өөрийгөө хайрлах нь хамгийн чухал санагддаг.

- Өмнөх үеэ бодвол одоо эмэгтэйчүүдийн спорт тодорхой хэмжээний ахиц, дэвшил үзүүлж байгаа. Гэхдээ одоо ч өөрчлөлт шаардлагатай санагддаг зүйл юу вэ?

- Мэдээж хэрэг сагсан бөмбөг бол эрчүүд давамгайлсан спорт. Эхлээд бол Монголд л ийм ялгавар үзэлтэй байгаа юм шиг санагдаад гомддог л байлаа. Гэтэл уншаад, судлаад байсан чинь угаасаа л дэлхий нийтийн асуудал бол таарсан. Дэлхийн хамгийн шилдэг эмэгтэй тамирчдад ч хүйсээс үүдэлтэй тодорхой хэмжээний асуудал үүсдэг. Ганцхан надад тулгарч байгаа асуудал биш л дээ. Тиймээс “Эмэгтэйчүүд ч гэсэн чадна шүү” гэдгийг үг биш үйлдлээрээ харуулж, эерэг нөлөөлөл нийгэмдээ бага ч атугай үзүүлэхийг хүсдэг МСБХ-ноос биднийг маш сайн дэмжиж ажилладаг. Одоо үзэгч, дэмжигчдийн маань л хувь нэмэр ус агаар шиг хэрэгтэй байна.

Яг үнэндээ эмэгтэйчүүд эмэгтэйчүүдийгээ дэмждэг гэж ярьдаг ч бодит байдал дээр өөр байдаг. Эрэгтэй тоглолтуудыг дүүрэн үздэг хэрнээ эмэгтэй тоглолт хоосон байх нь ч бий. Уг нь бол эмэгтэй багийн тоглолтууд эрчүүдийнхээс дутахгүй өрсөлдөөнтэй шүү дээ. Тийм болохоор охид маань бусад охидыгоо дэмжээд, фен нь болоод оролцоотой явбал маш том өөрчлөлтийг авчирч чадна.

- Сагсан бөмбөгөөр карьер хөөх сонирхолтой хойч үеийн охиддоо үлгэр жишээ болох ёстой гэсэн үүрэг хариуцлага мэдэрдэг үү? Эсвэл бусад хүмүүс мэдрүүлдэг үү?

- Мэдрүүлдэг гэхээсээ илүү би өөрөө мэдрэхийг хүсдэг. Надад бол маш утга учиртай зүйл л дээ. Би өөрөө манлайлж “Боломжтой шүү. Хичээвэл чадна шүү” гэдэг урам зоригийг охидод өгөхийг би хамгийн ихээр хүсдэг. Яагаад гэвэл би өөрөө тод жишээ нь байхгүй юу.

Зургаахан жилийн өмнө би сагсан бөмбөгийн талаар огт ойлголтгүй байсан хүн шүү дээ. Зүгээр сууж байхад амжилт над дээр өөрөө ирэхгүй. Шаргуу хөдөлмөрлөж, өөрийгөө тултал дайчилж байж л өдий зэрэгт хүрээд байна. Ганцхан сагсан дээр ч биш, амьдрал дээр ч хамаатай зүйл л дээ. Хичээл зүтгэлээр хүссэндээ хүрч болдог гэдгийг биеэрээ үлгэрлэх нь нийгэмдээ үзүүлж чадах миний хамгийн том хувь нэмэр. Яагаад эхэлсэн гэдгээ марталгүй том мөрөөдөж, түүнийхээ төлөө зүтгэж чадвал зүүд шиг тэр мэдрэмжийг бодит болгох боломжтой. 

Мөрөөдлөө мөрөөдөл чигээр нь үлдээлгүй, зоригтойгоор эрэлхийлж, сорилтуудыг даван туулж, тэмүүлж яваа хэн бүхний их аяллынх нь түнш байхыг Юнител групп зорьж, “Together We Dream Big” уриатайгаар МСБХ-ны “Үндэсний Дээд Лиг”-ийг гурав дахь жилдээ ивээн тэтгэжээ.

Хэтэрхий том мөрөөдөл гэж байхгүй бөгөөд хүрч чадахгүй зам гэж үгүй. Хүсэл тэмүүллийнхээ төлөө зогсолтгүй урагшилдаг хэн бүхэнтэй Юнител групп Хамтдаа Түрүүлж Алхана.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.