Цагаан ордонд Израилийн ерөнхий сайдыг хүлээж авч уулзсан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп газар нутгаа өргөтгөх бас нэг хачирхалтай санааг дэвшүүллээ.
Тэрбээр Палестины газар нутаг болох Газын зурвасыг АНУ-ын захиргаанд оруулж, сэргээн босгох боломжтой тухай хамтарсан хэвлэлийн хурлын үеэр хэлжээ.
Өмнө нь тэр Газын зурваст амьдардаг 2.3 сая палестин хүнийг хөрш зэргэлдээ Арабын орнуудад бүрмөсөн суурьшуулах санал гаргаж байсан юм.
“Газын зурвасыг АНУ захиргаандаа оруулж, сэргээн босгох болно. Бид үүнийг эзэмших болно” гэж Трампыг хэлэхэд сэтгүүлч “Та тусгаар тогтносон газар нутгийг эзлэн авах тухай ярьж байна уу?” гэж асуужээ.
“Тиймээ. Энэ газар нутгийг эзэмшиж, хөгжүүлж, олон мянган ажлын байртай болгоно. Энэ үнэхээр гайхамшигтай зүйл болно. Бүгд энэ саналд дуртай байх болно” гэж Трамп хариулсан юм.
Израильтай зэрэгцэн орших Палестины бие даасан улс байгуулах үзэл санааны эсрэг зүйл ярьж байгаа эсэхийг нь лавлахад Трамп “Энэ бол ямар нэг хоёр-улс, нэг-улс, өөр ямар нэг улсын шийдэл биш” гэж хариулаад палестинчуудад “амьдралд нэг тохиох боломж” олдож байгааг хэлжээ.
Тэр бас 15 сарын турш Израилийн армид бөмбөгдүүлсэн Газын зурвасыг “тамын нүх” гэж нэрлэсэн байна.
Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху энэ үеэр Трампын ярьсныг “судалж үзүүштэй санал” гэж дүгнэжээ.
Тэрбээр Трампыг “Газын зурвасын ирээдүйг өөрөөр харж байгаа юм байна” гээд “Миний бодлоор энэ бол түүхийг өөрчлөх хэмжээний санаа” гэж хэлсэн байна.
Газын зурваст ямар хүмүүс амьдардгийг сэтгүүлч асуухад Трамп “Тэнд хүмүүс амьдардаг. Дэлхийн хүмүүс” гэж эвтэйхэн бултжээ.
Дараа нь тэр “Би сайхан харагдахыг хүсэхгүй. Бас ухаантай харагдахыг ч хүсэхгүй байна. Гэхдээ энэ нутаг Ойрх Дорнодын Ривиера болох боломжтойг мэдэж байна” гэж хэлсэн юм.
Өнгөрсөн долоо хоногт Египет, Йордан тэргүүтэй Арабын орнуудын гадаад хэргийн сайд нар Палестинчуудыг нутаг дэвсгэрт нь шилжүүлэн суурьшуулах Трампын санааг эсэргүүцсэн мэдэгдэл гаргаж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!