Газрын тосны байгууламж агаарын цохилтод өртсөний улмаас Иранд хортой “хар бороо” орж байгааг ДЭМБ анхааруулав

С.Мөнхцэцэг, ikon.mn
24 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Газрын тосны байгууламжууд агаарын цохилтод өртсөний улмаас агаарт хортой химийн нэгдлүүд үүсэж, “хар бороо” болон орж байгаа талаар Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ) өчигдөр Ираны иргэдэд анхааруулж, гэрээсээ гарахгүй байх Тегераны эрх баригчдын гаргасан зөвлөмжийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

НҮБ-ын харьяа тус байгууллагын салбар Иранд үйл ажиллагаа явуулж, эрүүл мэндийн салбарт эрх баригчидтай нь хамтран ажилладаг юм.

ДЭМБ энэ долоо хоногт газрын тосоор бохирдсон бороо орсон хэд хэдэн тохиолдлын талаар Иран дахь салбараасаа мэдээ хүлээж авсан юм байна.

Арав гаруй хоногийн өмнө АНУ, Израилийн эхлүүлсэн байлдааны ажиллагааны хүрээнд Ираны газрын тосны байгууламжууд агаарын цохилтын бай болох нь сүүлийн үед улам нэмэгдэж байгаа.

Даваа гарагт газрын тос боловсруулах үйлдвэр агаарын цохилтод өртсөний дараа Тегеран хот хар утаагаар бүрхэгдсэн юм.

“Хар бороо, түүнтэй хамт орж буй хүчиллэг бороо хүн амын амьсгалын замын системд аюул учруулж байна” гэж өчигдөр Женев хотод болсон хэвлэлийн хурлын үеэр ДЭМБ-ын төлөөлөгч Кристиан Линдмэйер хэлээд иргэддээ өгсөн гэрээсээ гарахгүй байх Ираны эрх баригчдын зөвлөмжийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.

Цохилтын улмаас агаарт “хортой нүүрстөрөгч, хүхрийн исэл, азотын нэгдлүүд их хэмжээгээр ялгарсан” гэж уг мэдэгдэлд дурдсан байна.

Ийм бохирдол толгой өвдөх, арьс, нүд улайх, амьсгал боох хүндрэл үүсгэх аюултай гэнэ. Зарим нэгдлүүдийн хордлогод удаан хугацаагаар өртвөл хорт хавдрын эрсдэлийг нэмэгдүүлэх магадлалтай юм байна.

 

Эх сурвалж: Reuters