Өмнөд Солонгос, Японы хооронд маргаантай байдаг Докдо арлын сүүлчийн оршин суугч 88 насандаа таалал төгсжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 цаг 26 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Докдо арлын байнгын оршин суугч гэр бүл зочдын хамт

Өмнөд Солонгосын хамгийн зүүн захын газар нутагт тооцогддог Докдо арлын сүүлчийн оршин суугч нас барсныг тус улсын албаныхан Мягмар гарагт мэдээлжээ.

1960-аад оны үеэс хойш нөхөр Ким Сун Догийн хамт тус арал дээр амьдарч байсан Ким Шин Ёл гуравдугаар сарын 2-ны өдөр 88 насандаа таалал төгссөн байна.

Түүний нөхөр 2018 онд 79 настайдаа нас баржээ.

Загасчилж амьдарлаа залгуулдаг байсан тэд Япон улстай газар нутгийн маргаантай Докдо арал Өмнөд Солонгосын хяналтад байгаагийн амьд бэлгэдэл болдог байв. Сонгуулийн үеэр орон нутгийн эрх баригчид тэдний саналыг хайрцгаар очиж авдаг байжээ.

Япон улс тэнгисийн уснаас ил гарсан хос хадан цохионоос бүрдэх тус арлыг Такешима гэж өөрийнхөөрөө нэрлэдэг бөгөөд арлын ойр орчимд Өмнөд Солонгосын тал ямар нэг үйл ажиллагаа явуулах бүрд дипломат шугамаар эсэргүүцэл илэрхийлдэг.

2020 онд далайн хар салхинд гэр нь сүйдсэний дараа Ким Шин Ёл арлаас явж, эх газарт суурьшсан гэнэ. Сүүлдээ эрүүл мэнд нь муудаж, нас барах хүртлээ охинтойгоо хамт амьдарч байжээ.

Одоо Докдо арал дээр харуул хамгаалалтын ажилтнууд байнга байрладаг ч бүртгэлтэй оршин суугч байхгүй болж байна.

Орон нутгийн захиргаа талийгаачийн гэр бүлийнхний уй гашууг өнгөрсний дараа Докдо арал дээр ямар арга хэмжээ авах талаар хэлэлцэхээр болжээ.

 

Эх сурвалж: Yonhap News