Коби Брайантын 20 жилийн өмнөх үзүүлэлтийг Бам Адебайо давлаа

Э.Тэмүүлэн, iKon.mn
1 цаг 8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг

Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны "Майами Хит" багийн довтлогч Бам Адебайо "Вашингтон Визардс" багийн эсрэг 83 оноо авлаа. Ингэснээр түүний баг өрсөлдөгчөө 150:129-өөр буулган авсан юм.

Нийт 42 минут тоглохдоо 43 удаа шидэж 83 оноо бичүүлсэн Бам лигийн түүхэнд нэг тоглолтод 80-аас дээш оноо авсан гурав дахь тоглогч болов.

Нэг тоглолтод хамгийн олон оноо авсан тоглогч бол домогт Уилт Чэмбэрлэйн. Тэрбээр 1962 онд 100 оноо авснаар "мөнхийн рекорд" тогтоосон. Тэгвэл алдарт Коби Брайант одоогоос 20 жилийн өмнө буюу 2006 оны нэгдүгээр сард өөрийн замналын хамгийн өндөр үзүүлэлт болох 81 оноогоо бичүүлсэн түүхтэй.

Бам тоглолтын эхний 12 минутад 31 оноо авсан юм. Түүнээс өмнө "Дөлнүүд"-ийн өмсгөлтэй Леброн Жэймс хоёр ч удаа эхний үед 25 оноо авснаар багийнхаа рекорд эзэмшдэг байжээ.

Америк эр 83 оноо авахдаа 43 удаа чөлөөт шидэлт гүйцэтгээд 36 оноо авчээ. Үүнээс өмнө нэг тоглолтод хамгийн олон удаа чөлөөт шидэлт гүйцэтгэсэн тоглогч бол Дуэйт Ховард юм. Монголчуудын сайн танил Д.Ховард 39 чөлөөт шидэлт гүйцэтгэснээрээ рекорд эзэмшиж байсан бол Чэмбэрлэйн болон Адриан Дэнтли нар нэг тоглолтод 28 оноог чөлөөт шидэлтээр авснаараа рекордыг хамтран эзэмшиж байлаа.

 

Эх сурвалж: ESPN