"The MongolZ" баг шөвгийн наймд Украины "Natus Vincere"-тай учраа таарлаа

Н.Эрхбаяр, iKon.mn
33 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын нэгдүгээр зэрэглэлийн "ESL Pro League Season 23" тэмцээний хоёрдугаар шатны тоглолтууд өнгөрсөн шөнө явагдаж дууслаа. 

776 мянган ам.долларын шагналын сантай тус тэмцээний шөвгийн наймд Германы "MOUZ", ОХУ-ын "Team Spirit", Монголын "The MongolZ", Туркийн "Aurora Gaming", Бразилын "Legacy", Украины "Natus Vincere", Туркийн "FUT Esports", Данийн "Astralis" гэсэн багууд шалгарч, тоглолтуудын тов тодорхой боллоо. 

"The MongolZ" багийн хувьд шөвгийн наймд Украины "Natus Vincere" багтай учраа таарсан бөгөөд энэ долоо хоногийн Баасан гарагийн 17:00 цагт тоглох хуваарь гарчээ. Энэ хоёр баг томоохон тэмцээний хүрээнд есөн удаа учраа таарч тоглоход "The MongolZ" баг өрсөлдөгчөө гурван удаа хожиж байсан байна.

Хэрэв тэд шөвгийн наймын тоглолтод ялалт байгуулж хагас шигшээд шалгарвал Туркийн "FUT Esports" болон Германы "MOUZ" багийн аль хожсонтой нь тоглох учиртай. 

Германы "MOUZ" баг энэ тэмцээний хүчтэй өрсөлдөгчдийн тоонд зүй ёсоор нэрлэгдэж буй. Тэд хоёрдугаар шатнаас нэг ч хожигдолгүйгээр шөвгийн наймд шалгарсан. Харин Украины "Natus Vincere" баг хоёр хожигдол, гурван хожилтойгоор шөвгийн наймд шалгарсан юм.

Мөн энэ удаагийн тэмцээнд дасгалжуулагч "maaRaa" буюу Б.Эрдэнэдалай биечлэн оролцох боломжгүй болсныг "The MongolZ" багийн удирдлагууд өнөө өглөө цахим хуудсаар дамжуулан мэдээлжээ.