Өчигдөр буюу Мягмар гарагт Швед улсад насанд хүрэгчдийн боловсролын төвд зэвсэгт этгээд халдлага үйлдэх үеэр олон хүний амь үрэгджээ.
Халдлага үйлдэгчийг оролцуулаад нийтдээ 10 хүн алагдсаныг одоогоор тогтоосон бөгөөд энэ тоо цаашдаа нэмэгдэж болзошгүй байгаа гэнэ.
Нийслэл Стокхольм хотоос баруун зүгт 200 км зайтай оршдог Оребро хотын захад байрладаг насанд хүрэгчдийн боловсролын төвд уг аллага гарсан байна.
Кампус Рисбергска нэртэй энэ төвд 20-оос дээш насны иргэдэд бага болон дунд боловсрол олгодог, бас цагаачдад швед хэл заадаг ажээ.
Шведийн ерөнхий сайд Улф Кристерссон “Өнөөдөр бид гэм зэмгүй хүмүүсийн эсрэг үйлдсэн харгислалын гэрч боллоо. Энэ бол Шведийн түүхэнд гарсан хамгийн аймшигтай зэвсэгт халдлага юм. Олон асуултын хариулт тодорхойгүй байна. Гэхдээ бид юу болсон, яагаад ингэсэн, үүний цаана ямар сэдэл нуугдаж байгааг мэдэх цаг ирнэ. Одоогоор элдэв таамаг дэвшүүлэх боломжгүй байна” гэж хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.
Аллага үйлдэгч ганцаараа байсан, урьд өмнө нь гэмт хэрэг үйлдсэн түүхгүй байсныг орон нутгийн цагдаагийн байгууллагын тэргүүн Роберто Эйд Форест мэдээлжээ.
Швед улсад сургууль, боловсролын байгууллагуудад зэвсэглэн халдах гэмт хэрэг маш ховор гардаг.
Гэхдээ сүүлийн жилүүдэд ийм халдлага хэд хэд гарахад ихэнхдээ хутга, сүх зэрэг хүйтэн зэвсэг хэрэглэсэн байжээ.
Цагдаа нар халдлага үйлдэгчийн гэрт нэгжлэг явуулаад ямар нэг сэжигтэй баримт олоогүй гэнэ.
Шведийн хаан XVI Карл Густав хохирогчдын ар гэрийнхэнд эмгэнэл, хэргийн газарт шуурхай ажилласан цагдаа, эмнэлгийн ажилтнуудад талархал илэрхийлжээ.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!