Уншиж байна ...

Эмнэлэгт хэвтсэн хүүхдээ чихэр, шоколадаар эргэхгүй байхыг ЗӨВЛӨВ

П.Сайнжаргал, IKON.MN
1 цаг 11 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Томуу, томуу төст өвчний нөхцөл байдлын талаар Халдварт Өвчин Судлалын Үндэсний Төв (ХӨСҮТ)-өөс мэдээлэл хийлээ. 

Энэ үеэр ханиад томуугийн үед эмнэл зүйн ямар хариу арга хэмжээ авах талаар дараах зөвлөгөөг хүргэсэн юм. 



Томуу, томуу төст өвчний үед эмнэл зүй харьцангуй хөнгөн явцтай хүүхдүүд гэрээр эмчилгээ хийлгэдэг. 

Гэрээр эмчилгээ хийлгэж буй хүүхдийн эцэг, эх, асран хамгаалагч нар гол төлөв хүндэрч байгаа эсэхийг анхаарч, харах шаардлагатай. 

Эмнэл зүйн хувьд ямар шинж тэмдгийг анзаарах хэрэгтэй вэ? Хүүхдийнхээ амьсгалыг олширч байна уу, үгүй юу гэдгийг харж үнэлэх шаардлагатай байдаг.

Хүүхэд тайван, уйлаагүй, халуураагүй үед нь нэг минутын хугацаанд амьсгалыг тоолно.

Тухайн нэг минутад

  • хоёр сартай хүүхэд 60 ба түүнээс дээш амьсгалах
  • 2-12 сар хүртэлх хүүхэд 50 буюу түүнээс дээш амьсгалах
  • 1-5 настай хүүхэд нэг минутад 40 буюу түүнээс дээш давтамжтай, хүүхдийн тань амьсгалын тоо олшрох буюу уушгины хатгалгаагаар өвдөж хүндэрч байгааг илтгэдэг.

Хүүхдийн хамар, уруулын гурвалжин хэсэг хөхөрч байгаа эсэхийг ажиглаж, харах хэрэгтэй. Энэ нь уушгины хатгалгаа хүндэрч байгааг илтгэдэг эмнэл зүйн шинж.

Мөн усгүйжилтийн шинжийг ажиглахыг зөвлөе. Таны хүүхэд сүүлийн найман цагийн хугацаанд хангалттай хэмжээний шингэн ууж байгаа мөртлөө шээхгүй, уйлж байгаа хэрнээ нулимс гарахгүй, уруул омголтож хуурайших нь гол шинж тэмдэг. 

Мөн булчингаар өвдөх бөгөөд өсвөр насны хүүхдүүдийн хувьд цээжээр өвдөх нь түгээмэл.

Түүнчлэн толгой өвдөг зовуурийг их хэлдэг. 

Бага сартай хүүхдүүд уйлагнах, алхах дургүй тэврүүлэх хандлагатай бол ажиглах шаардлагатай.

Хүүхдийн халуурах зай ойртох буюу

  • 6-8 цаг
  • 3-4 цагийн зайтай халуурч байвал гэрийн эмчилгээ үр дүнгүй, өвчин хүндэрч байгааг илтгэдэг. Эдгээр эмнэл зүйн шинжийг ажиглаж, өөрт ойр Өрхийн эрүүл мэндийн төвд хандан, эмчид яаралтай үзүүлээрэй.

Хүүхдийнхээ дархлааг хэрхэн яаж дэмжих талаар эцэг, эхчүүд их асуудаг. 

Дэлхийн Эрүүл Мэндийн Байгууллага (ДЭМБ)-ын зөвлөж байгаагаар 0-5 насны хүүхэд Монгол оронд амьдарч байгаа нөхцөлд бүс нутгийн онцлогоос шалтгаалаад витамин Д уух хэрэгтэй. 

Д витамины тун хэмжээ болон эмчилгээний зарчим нь улирлаас шалтгаалдаг. Мөн тухайн хүүхэд сульдаа буюу рахит өвчнөөр өвдсөн эсэхээс хамааран "тун" болгон харилцан адилгүй.

Иймд Өрх, сум, дүүргийн эмчид хандан зөвлөгөө авсны дараа хэрэглэх нь зүйтэй.

Хүүхэд сульдаа буюу рахит, цус багадалт, тураал гэх гурван өвчнөөр өвдөөгүй нөхцөлд дархлаа сайн ажиллаж байна гэж үздэг. Энэ үед нэмэлт витамин хэрэглэх шаардлагагүй.

Гэрийн асаргаа сувилгаагаар дархлааны идэвхжил сайн явагддаг гэж үздэг. Хэрэв хүүхдийн өвчин хүндэрсэн нөхцөлд эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлнэ.

Эмнэлгийн байгууллагад хэвтэн эмчлүүлэхэд эцэг, эхийн гаргадаг түгээмэл алдааг хэлье.

1. Эмнэлэгт хэвтэж байгаа хүүхдээ эргэж ирэхдээ маш их сахар агуулсан бүтээгдэхүүн авчирдаг.

Тухайн эмнэлгийн хоол зүйчид ажилладаг. Эмнэлгээс өгч байгаа хоолонд хүүхэд хангалттай цаддаг учир заавал нэмэлтээр эргэлтээр хоол хүнс авах зайлшгүй шаардлага бага.

Хэрэв онцгой нөхцөлд гэрээс эргэлтээр ирж байгаа хоолонд саримс, сонгино огт хийхгүй, чихэрлэг бүтээгдэхүүн авчрахгүй байх шаардлагатай.

2. Шар өнгийн жимс ногоог хориглодог. Яагаад гэвэл харшил сэдрээдэгтэй холбоотой. 

Мөн адил саримс, сонгино харшил төрүүлэх эрсдэлтэй байдаг. Харин таны хүүхэд эмнэлэгт хэвтээд гарсны дараа тухайн хүнсний бүтээгдэхүүнийг хэрэглэж болно.

3. Хүүхдийн дэргэд тамхи татахгүй, хурц үнэр гаргахгүй байхыг зөвлөе.

Хатгалгаатай нөхцөлд хүүхдийн дэргэд тамхи татах тохиолдлууд бий. Энэ нь хурц өвчин сэдрээж, ханиалга нэмэгдүүлж нялуун үнэр гаргадаг.

Хүүхэд хатгалгаагаар өвдсөн нөхцөлд үнэр гаргахгүй байх дэглэм маш чухал. Ингэснээр өвчний хатгалгааг хүндрүүлэхгүй.