Уншиж байна ...

Н.Батсайхан: Батарей хуримтлуурын станц хотын төвийн системд 1,800МВт/ц эрчим хүчийг нийлүүллээ

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Багануурын 50МВт хүчин чадалтай батарей хуримтлуурын станц ашиглалтад орж, төвийн системд эрчим хүч нийлүүлж эхэлсэн тухай албаныхан мэдээллээ.

Батарей хуримтлуурын станцын төслийн захирал Н.Батсайхан "Багануур дүүрэгт 50МВт хүчин чадалтай, 200МВт.ц багтаамжтай батарей хуримтлуурын станцыг барих гэрээ 2024 оны 9 дүгээр сарын 6-нд батлагдаж, талбайн ажил тухайн сарын 15-наас эхэлсэн юм. Барилга угсралтын ажил 11 дүгээр сарын 29, 30-нд дуусаж, техникийн комисс ажилласнаар хүчдэлд залгалаа. Төслийн барилга угсралтын ажлыг 77 хоногийн хугацаанд гүйцэтгэсэн юм.

Станцын туршилт 12 дугаар сарын 1-нээс эхэлж, энэ сарын 6-нд 25-30 МВт эрчим хүчийг нийлүүлж байсан бол яг одоогийн байдлаар төвийн системд 49 МВт-ыг нийлүүлж байна. Батарей хуримтлуурын станц 12 өдрийн хугацаанд төвийн системд 1,800МВт/ц эрчим хүчийг нийлүүллээ.

Уг станц 25,000 орчим айлд тог тасрах эрсдэлээс сэргийлнэ.

Станцын туршилт, тохируулгын ажил бүрэн дуусаж, төвийн системээс хоёр удаа цэнэг авч хуримтлуулан хоёр удаа буцааж нийлүүлээд байна" гэж мэдээллээ.

Улаанбаатар хотын эрчим хүчний систем ачааллаа даахгүйн улмаас айл, өрх, ААН-ийн цахилгааны хэрэглээг өдөр бүр хязгаарлаж байгаа билээ. Батарей хуримтлуурын станц эрчим хүч нийлүүлж эхэлснээр 25,000 орчим айлын хэрэглээг хангах юм байна.

Харин өнгөрсөн жил Сонгинохайрхан дүүрэгт баригдсан 80МВт-ын батарей хуримтлуурын станц оройдоо 40,000-50,000 айлын эрчим хүчийг нийлүүлдэг аж.

зураг
 
зураг
 
зураг
 
зураг
 
зураг