-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-
Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.
Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.
Монгол Улс 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого эрчимтэй хэрэгжиж эхлэв. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг баталж, 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг нийт улсын хэмжээний зорилт болгон, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр бодитой зүйлүүдийг хийж хэрэгжүүлж ирсэн. Үүний нэг нь Монгол Улсын Засгийн газар, ГБХНХЯ болон Япон улсын Жайка олон улсын байгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл” юм.
DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжин ажиллаж буй ААНБ-ыг сурталчлах үүднээс тухайн байгууллагууд дээр очиж, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд болон тэдний удирдлага, хамт олон зэрэг олон талын байр суурийг тусгасан нийт 32 нийтлэл, 8 видео контентыг цуврал байдлаар хүргэж ирсэн билээ. Энэ удаад төслийн үйл ажиллагаа болон үр дүнг нэгтгэсэн нийтлэлийг хоёр хэсэгт хуваан та бүхэнд хүргэж байна.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлттэй холбоотой нийгэмд олон томоохон өөрчлөлтүүд гарч байна. Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам /ГБХНХЯ/ нь DPUB2 төслийг хамтран хэрэгжүүлсэн бөгөөд бид холбогдох хүмүүсээс авсан ярилцлагаа товчлон хүргэж байна.
DPUB2 төслийн өмнөх 4 жилийн хугацаанд хэрэгжсэн DPUB1 төслийн үеэс хамтран ажилласан ГБХНХЯ-ны ХБХХХ-ийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Рэгзэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажил, хөдөлмөр эрхэлснээр өрхийн орлого нь нэмэгдэх, нийгэмд идэвхтэй оролцох болон гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс сэргийлэх гээд олон давуу талуудыг хэлж болно” хэмээн онцлоод “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг гэртээ л байдаг, улсаас халамж хүртдэг хүмүүс” гэсэн ойлголтыг өөрчлөх нь маш чухал” гэв.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ үр дүнгээ өгч эхэлж байна. Тус үйлчилгээ хэрэгжсэнээр хөгжлийн бэрхшээлтэй иргэн төдийгүй тэдний гэр бүлийнхний амьдралын чанар сайжирсан бодит жишээнүүд ч байна. Нийгэм дэх хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага ойлголт өөрчлөгдөж байгаа нь Япон улсын мэргэжилтнүүдийн өөрсдийн арга туршлагаа харамгүй хуваалцаж, зааж зөвлөж ажилласантай салшгүй холбоотой юм” хэмээн ярив.
ГБХНХЯ-ны ХБХХХ-ийн ахлах мэргэжилтэн Б.Болороог танихгүй хүн гэж бараг үгүй биз ээ. Тэрбээр DPUB1 төслийн үйл ажиллагааны хүрээнд “Хөгжлийн бэрхшээл ба тэгш оролцоо /DET/” сургалтын сургагч багшаар, мөн DPUB2 төслийн хүрээнд “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн баг”-ийн гишүүнээр тус тус бэлтгэгдсэн. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог нэмэгдүүлэх, тэдний дуу хоолойг төрд хүргэх гүүр болон өдөр бүр чөлөө завгүй ажиллах Б.Болороотой хийсэн ярилцлагыг мөн хүргэж байна.
“Монгол Улсад саяхныг болтол “хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар”, “хүртээмж” гэсэн нэр томьёо, ойлголт байдаггүй байсан. DPUB1 төсөлд хамрагдаад “Хөгжлийн бэрхшээл бол хүндээ бус тухайн нийгэмдээ байдаг” гэдэг ойлголтын талаар анх удаа сонсож, энэ нь миний сэтгэлгээг эрс өөрчилсөн” хэмээн дурсан ярив. Мөн тэрбээр “DPUB1 , DPUB2 төслүүд хэрэгжсэнээр ард иргэд төдийгүй улс төрчдийн төвшинд нөлөөлж чадсан гэж боддог” хэмээн онцлов. Тэрбээр төрийн энэ их ажлынхаа хажуугаар сошиал сүлжээг идэвхтэй ашиглан, мэдээ мэдээлэл хүргэх ажлыг цаг алдалгүй хийдэг учраас хэдийн олон зуун дагагчтай инфлюэнсер болжээ.
Энэ оны 10-р сард зохион байгуулагдсан DPUB2 төслийн төгсгөлийн семинарт ХЭҮК-ийн Судалгаа, дүн шинжилгээний хэлтсийн дарга С.Тунгалагтамир мөн оролцсон бөгөөд тэрбээр ГБХНХЯ-ны “Хүн амын хөгжлийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газар”-ын даргаар ажиллаж байх үедээ DPUB2 төслийн Монгол талын даргаар 2 жил орчим ажилласан. Семинарын үеэр С.Тунгалагтамир дарга “Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тогтолцоо хэрэгжээд удаагүй байгаа учраас засаж сайжруулах шаардлагатай зүйл маш их бий.
ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг холбох гүүр болсон ажлын байрны дадлагажуулагч нар бол Монгол Улсын түүхэнд үлдэх хүмүүс болох учиртай. Тэд дэмжлэг үзүүлж буй хөгжлийн бэрхшээлтэй иргэддээ яг л өөрийн хүүхэд шиг, ах дүү шигээ хандаж, цаг хугацааны хувьд ч, мөнгө санхүүгийн хувьд ч төрөөс өгч буй цалин урамшууллаас давсан дэмжлэг үзүүлж байгааг хэлэх хэрэгтэй. Иймд төр засгаас ажлын байрны дадлагажуулагчийн хүмүүсийн цалин хангамжийн асуудлыг эргэн харж, бодитой дэмжиж ажиллах шаардлагатай” хэмээн өөрийн санал сэтгэгдлээ хэлсэн юм.
Мөн тус семинарын оролцогчдын нэг болох ХБХХЕГ-т ажлын байрны дадлагажуулагчийн цалин урамшуулал болон төсөвтэй холбоотой асуудлыг хариуцан ажилладаг М.Чулуун-Эрдэнэ “Саяхныг хүртэл хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт хандлага муу, ялангуяа оюуны бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийн талаар төсөөлөл ч байхгүй байсан тэр үетэй харьцуулахад ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоо шинээр бий болж, улмаар оюуны бэрхшээлтэй иргэд ажил хөдөлмөр эрхэлж, өрхийн орлогодоо хувь нэмрээ оруулж байгаа бодит жишээнүүдийг харахад миний зүгээс маш баяртай байна” хэмээн ярив.
DPUB2 төслийн хүрээнд Улаанбаатар хотоос гадна Хөвсгөл, Архангай зэрэг нийт 6 аймагт “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт”-ыг зохион байгуулсан. Орон нутаг дахь сургалтуудын төслийн мэргэжилтнүүд болон ажилтнуудаас гадна сургагч багш нар удирдан зохион байгуулсан бөгөөд DPUB2 төслөөс бэлтгэн гаргасан сурах бичиг, видео хичээл, гарын авлагуудыг ашигласан.
Дархан-Уул аймгийн хэмжээнд нийт 18 ажлын байрны дадлагажуулагч бэлтгэгдсэн бөгөөд тус аймгийн хүнсний гол үйлдвэрлэгч болох “Дархан Хүнс” ХХК-ийн хүний нөөцийн менежер Д.Мөнхцэцэг бол тэдний нэг юм. 1971 онд байгуулагдсан тус компани нь талх, нарийн боов төдийгүй цагаан идээ, зайрмаг гээд олон төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Дарханчуудынхаа хүнсний хэрэгцээг хангаж ирсэн арвин түүхтэй компани юм. Одоо нийт 81 ажилтантай бөгөөд хуульд заасан квотоо биелүүлэхэд 4 хөгжлийн бэрхшээлтэй ажилтан ажилд авах шаардлагатай.
“Удирдлага, хүний нөөцийн менежерүүдийн төвшинд хөгжлийн бэрхшээлийн талаар ойлголттой болсноор ажилд авсан хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд маань тогтвор суурьшилтай ажиллана гэж үзэж ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамрагдсан” гэж Д.Мөнхцэцэг менежер ярив.
Тэрбээр үргэлжлүүлэн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтаас хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд ажлын зааварчилгаа өгөхдөө зөвхөн аман зааварчилгаа бус хийж үзүүлэх, гар дагуулж хийлгэх зэрэг аргуудаас тохирох аргыг нь сонгож хэрэглэх хэрэгтэй болохыг сурсан. Бодит ажил дээр ч эдгээр аргуудыг хэрэглэж байна” гэв.
Д.Мөнхцэцэг менежерийн хичээл зүтгэлийн үр дүнд нэг л хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай байсан тус компани одоо 4 хөгжлийн бэрхшээлтэй ажилтантай болжээ. Оюуны бэрхшээлтэй ажилтан О.Батчимэгийн хувьд хурлын танхимын цэвэрлэгээ болон ажилтнуудын дүрэмт хувцсыг угааж цэвэрлэх ажлыг хариуцан хийдэг. Тэрбээр “Энд ажилласнаас хойш миний амьдралд олон өөрчлөлт гарсан. Өөрийн гэсэн цалин орлоготой болсон” гээд инээмсэглэв.
Мөн олдмол хэлбэрийн тархины саажилтаасаа болоод тулгуур эрхтний бэрхшээлтэй болсон тус компанийн дадлагажигч ажилтан Д.Оюунтуяа “Би Завхан аймгаас ирсэн. Ажил хийж, бие дааж амьдръя гэж бодоод Дарханд шилжиж ирсэн. Хөдөлмөр, халамж, үйлчилгээний газрын шугамаар энэ компанид орсон. Мөнхцэцэг менежер миний ажлыг маш гоё зааж өгдөг” гэж ажилдаа сэтгэл хангалуун байдалтай ярив.
Шинэ тогтолцоог хэрэгжүүлж эхэлсэнтэй холбоотойгоор асуудал бэрхшээлүүд ч үүсэн гарсан. Түүний нэг нь ажлын байрны дадлагажуулагчийн цалин урамшууллын асуудал юм. Хөгжлийн бэрхшээлтэй иргэнд ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч цалин урамшуулал авах хүсэлт гаргаагүй дадлагажуулагч ч байсан. Тухайн дадлагажуулагч энэ тухайгаа “Хүсэлт гаргаад урамшуулал авах хүртэлх хугацаа хэтэрхий урт байдаг учраас дэмжлэг үзүүлэхэд хүндрэл үүсдэг” гэж ярив. Мөн орон нутагт бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагчид урамшуулал авах хууль эрхзүйн орчин хараахан бүрдээгүй байгаа гээд олон асуудлууд байна.
Мөн дэмжлэг үзүүлэх цагийг дээд тал нь 60 цаг гэж тогтоосныг нэмэгдүүлэх хэрэгтэй гэсэн санал ч гарч байв. “Бодит байдал дээр ажил хайх, үнэлгээ хийх төдийд 60 цаг хүрчихдэг. Бас цагийн хөлс 15,000 төгрөг гэдэг хэтэрхий бага байна. Ялангуяа оюуны бэрхшээлтэй иргэдийн хувьд нийгмийн харилцаанд бага оролцдог, хөдөлмөрт бэлтгэгдсэн байдал ч маш муу байдаг учраас өглөө хэдэн цагт босох, хувцсаа хэрхэн өмсөх гээд анхан шатны зүйлээс заах хэрэгтэй болдог. Төвлөрсөн дэмжлэг хүртэл маш их хугацаа ордог” гэх зэрэг асуудлуудыг хөндөж байлаа.
Эдгээр асуудлын талаар төслийн дэд дарга Исобэ Ёоко “Ажлын байрны дадлагажуулагчийн ур чадвар, хичээл зүтгэлээс давсан асуудлуудын тухайд хяналт тавьж, тогтолцоог засаж, сайжруулах шаардлага гарна” гээд, “Ажлын байрны дадлагажуулагч нарт зөвхөн шинээр ажил хайж байгаа хөгжлийн бэрхшээлтэй иргэнд дэмжлэг үзүүлнэ гэсэн нөхцөл тавигдаж байгаа ч ААНБ-уудын зүгээс одоо ажиллаж байгаа хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууддаа дэмжлэг авах хүсэлт ирдэг. Иймд энэ талын зохицуулалтыг хийж, ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааны хүрээг тэлэх хэрэгтэй” хэмээн дүгнэв.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлт болон ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх тогтолцоог Япон улс төдийгүй дэлхийн олон оронд түгээн дэлгэрүүлж ирсэн хүмүүсийн нэг бол Оцүма охидын их сургуулийн профессор Огава Хироши юм. Тэрбээр DPUB2 төслийн зочин мэргэжилтэн бөгөөд ажлын байрны дадлагажуулагчийн цалин урамшууллын талаар “Ажлын байрны дадлагажуулагч нарт мэргэжлийн өндөр ур чадвар, мэдрэмж шаардлагатай байдаг. Тийм учраас тухайн мэргэжлийн онцлогийг харгалзан цалин урамшууллыг зохистой тогтоох хэрэгтэй” хэмээн онцолсон юм.
Тэрбээр 2024 оны 9-р сард Монголд ирж ажиллах үеэрээ ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгтэйгээр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг амжилттай ажиллуулж байгаа “АПУ” ХК, “Монос Косметикс” ХХК зэрэг хэд хэдэн компани дээр очиж, үйл ажиллагаатай нь танилцсан ба компаниудын үйл ажиллагааг дүгнэн “Компаниудын хувьд хөгжлийн бэрхшээлтэй ажилтнуудаа бүрэн дэмжиж, хүний нөөцийн бодлогын хүрээнд үе шаттай төлөвлөгөө гарган ажиллаж байгаатай танилцлаа. Хөгжлийн бэрхшээлтэй ажилтан тус бүрд тохирсон тохируулгуудыг хийсэн байсан ба энэ нь ажлын байрны дадлагажуулагч нар дэмжлэг үзүүлж ажилласны үр дүн гэж бодож байна” хэмээн ярьсан юм.
Түүнчлэн “Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрсдийн ур чадвараа бүрэн гаргаж чадах ажлын байрыг бий болгох нь чухал юм. Ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцоог цаашид ч улам өргөжүүлэхэд ажил хөдөлмөр эрхлэх чин хүсэл эрмэлзэлтэй хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд гаргаж ирж, тэдэнд тохирох дэмжлэгийг үзүүлж шаардлагатай” хэмээн зөвлөв. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд шууд л дэмжлэг үзүүлж, ажилд оруулах бус тэднийг эхлээд хөдөлмөрт бэлтгэх төв зэргийг байгуулах хэрэгтэй болохыг мөн онцолж байв.
DPUB1 болон DPUB2 төслийг нийтдээ 8 жилийн хугацаанд ахлан, Монголын улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоо, хөдөлмөр эрхлэлтийн талаарх бодлого үйл ажиллагаанд бүх талаар зөвлөгөө өгч ажилласан хүн бол ахлах зөвлөх Чиба Хисао юм. Тэрбээр төслийн төгсгөлийн семинарын үеэр хэлсэн үгэндээ “DPUB2 төслийн үйл ажиллагаа бол ажлын байрны дадлагажуулагч бэлтгэхэд голлон чиглэж ирсэн ба цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг хөдөлмөрт бэлтгэх болон асран хамгаалагч нарыг дэмжих тогтолцоог бэхжүүлэх шаардлагатай” гэв.
Түүнчлэн “Ажлын байрны дадлагажуулагчийн тогтолцооны гол санхүүгийн эх үүсвэр бол ажлын байрны төлбөр юм. Энэ бол хөгжлийн бэрхшээлтэй иргэд ажиллуулаагүй ААНБ-уудаас авах мөнгөн төлбөр бөгөөд уг мөнгийг хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажиллуулах зорилготой байгууллагыг дэмжиж, мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй ажиллуулж байгаа байгууллагыг урамшуулахад зарцуулснаар нийгэм бүхэлдээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж байгаа хэрэг юм” хэмээгээд, “Төрийн зүгээс хөгжлийн бэрхшээлтэй ажилтан авах сонирхолтой байгууллага, аж ахуйн нэгжид ажлын байрны дадлагажуулагчийн үйлчилгээг үнэ төлбөргүй үзүүлэх шаардлагатай” хэмээн онцлов.
Чиба Хисао зөвлөх үгийнхээ төгсгөлд “Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэн төдийгүй зорилтот бүлгийн иргэдэд дэмжлэг үзүүлэхийн тулд төр, захиргааны байгууллагууд нэгдсэн төлөвлөгөө гарган ажиллаж, улсын орны хэмжээнд нийгмийн хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хэрэгтэй” хэмээн зөвлөсөн юм.
10-р сарын 24-ний өдөр DPUB2 төслөөс 21 дахь удаагаа зохион байгуулж буй “ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн семинар” МҮХАҮТ-ын хурлын танхимд зохион байгуулагдаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд сонирхол бүхий нийт 17 компанийн 21 хүний нөөцийн мэргэжилтэн оролцсон. Тус семинар нь хөгжлийн бэрхшээлийн тухай ойлголтыг нэмэгдүүлж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажил хөдөлмөр эрхэлснээр тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд төдийгүй байгууллага, хамт олонд хэрхэн нөлөөлөх талаар ойлголт өгөх зорилготой юм.
Төслийн хугацаанд нийт 37 хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг ААНБ-уудад нөлөөлөх нөлөөллийн багийн гишүүн болон сургагч багшаар бэлтгэсэн бөгөөд Улаанбаатар хот төдийгүй орон нутагт үйл ажиллагаа явуулдаг 486 компанийн ажилтнуудыг нөлөөллийн семинарт хамруулжээ.
“ААНБ-д нөлөөлөх нөлөөллийн баг”-ийн гишүүн бөгөөд сургагч багш Х.Батчимэг /зүүн талын зураг/ болон Х.Мөнхтуул /баруун талын зургийн баруун гар талаас эхнийх / нар. /зургуудыг 2024 оны 10-р сард авав/
Нөлөөллийн семинарын эхний хэсэгт сургагч багш Х.Батчимэг, Х.Мөнхтуул нар хөгжлийн бэрхшээлийн загвар болон төрөл, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулахтай холбоотой байгууллагын үүрэг хариуцлага, хуульд заасан квот, ажлын байрны төлбөрийн тогтолцоо болон хөнгөлөлт урамшуулал, ажлын байранд дахь хандлага ойлголтыг сайжруулах зэрэг өргөн хүрээг багтаасан лекц тавив.
Мөн тус семинарт нийт 6 ажлын байрны дадлагажуулагч оролцсон бөгөөд ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээний талаар танилцуулах үеэр байгууллагын төлөөллүүдийн зүгээс “Тийм үйлчилгээ байдгийг анх удаа сонслоо. Заавал энэ үйлчилгээг байгууллагадаа авъя гэж бодлоо” гэх зэргээр талархан хүлээж авч байв.
Түүний дараа оролцогчид ажлын байрны дадлагажуулагч нартай чөлөөт ярилцлага өрнүүлсэн бөгөөд ажлын байрны дадлагажуулагч нарын зүгээс “Бидэнд ажил хийх хүсэлт гаргасан хөгжлийн бэрхшээлтэй олон хүний мэдээлэл байгаа. Та бүхэн хэрвээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авах хүсэлтэй бол бидэнтэй заавал хамтарч ажиллаарай” гэцгээж байв. Япон улс руу эсгий урлалын бүтээгдэхүүн экспортолдог Shikde ХХК-д 10 гаруй жил хүний нөөцийн менежерээр ажилласан Эрдэнэмөнх “Манай компани одоо 600 гаруй ажилтантай бөгөөд 100 орчим нь хөгжлийн бэрхшээлтэй ажилтан юм. Бид сонсголын бэрхшээлтэй ажилтантайгаа бичгээр харилцаж ирсэн. Өнөөдрийн семинараас олон зүйл сурч мэдсэн ба одоогийн тогтолцоо, системүүд бүгд хөгжлийн бэрхшээлгүй хүний өнцгөөс харж хийгдсэн байдаг юм байна гэдгийг маш сайн ойлголоо” гэв.
Чөлөөт ярилцлагын товлосон цаг хэдийн дууссан ч ажлын байрны дадлагажуулагч нар болон оролцогчдын яриа ид өрнөж байв. Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургагч багш Б.Батцэцэг нийт оролцогчдод хандан “DPUB2 төсөл дууссан ч ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт цаашид ч зохион байгуулагдана. Та бүхнийг заавал оролцоосой гэж хүсэж байна” гэж уриалав.
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн нийгмийн оролцоог хангах зорилготой хэрэгжсэн DPUB1 төслийн үргэлжлэл болох DPUB2 төсөл нь 4 жилийн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх чиглэлээр амжилттай хэрэгжиж дууслаа. Эдгээр төслүүд хэдий дууссан ч төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч нар, сургагч багш нар мөн нөлөөллийн багийн гишүүд Япон улсын арга туршлагыг Монгол улсдаа нутагшуулан, өөрсдийн туршлагаа улам нэмэгдүүлж байгааг харахад бахархалтай байна. Мөн тэдний тарьсан үр олон олон газар соёлж, эхнээсээ үр шимээ өгч байгааг сурвалжилга хийх үеэрээ анзаарч байлаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс өөрийн мэдлэг чадвараа дайчлан ажиллах боломж бүхий нийгмийг бүтээхийн төлөө дараа дараагийн алхмууд ч хийгдсээр байна.
Төгсөв.
2022 оноос ГБХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.
Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.
Холбоо барих хаяг:
Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар
И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn
Утасны дугаар: 77073008, 77032222
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!