Уншиж байна ...

Япон улсын туршлагаас суралцан, Монгол улсдаа шинэ ажил мэргэжлийн үр шимийг түгээж буй ажлын байрны дадлагажуулагч нар

ikon.mn
15 минутын өмнө
ikon.mn
зураг
 

 “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл /DPUB2/”-ийн үйл ажиллагаа, үр дүнгийн талаарх нийтлэл /Нэгдүгээр хэсэг/

-Монгол Улс дахь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ-

Монгол Улс 2009 онд НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцод нэгдэн орж, хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог дэмжихэд чиглэсэн “Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хууль”-ийг 2016 онд батлан хэрэгжүүлж байна. 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг үндэсний хөтөлбөрт оруулж, хууль эрх зүйн тогтолцоог хангаснаар 2021 онд Монгол Улсын Засгийн газар Японы олон улсын хамтын ажиллагааны байгууллага /ЖАЙКА/-тай хамтран “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл (DPUB2)”-ийг хэрэгжүүлж байна.

Энэхүү цуврал нийтлэлээр дамжуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллаж буй байгууллага, гэр бүл, хамт олны төлөөлөл зэрэг олон талын байр суурийг онцлон тэмдэглэж, Монгол Улс дахь хөдөлмөр эрхлэлтийн сайн жишээг түгээхийг зорьж байна.

Сүүлийн жилүүдэд нийгэмд хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт, хандлага мэдэгдэхүйц сайжирч байна

Монгол Улс 2009 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай конвенцид нэгдэж, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах, нийгмийн оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн төрийн бодлого эрчимтэй хэрэгжиж эхлэв. 2016 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн тухай хуулийг баталж, 2017 онд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих ажлыг нийт улсын хэмжээний зорилт болгон, хууль эрх зүйн орчныг сайжруулах тал дээр бодитой зүйлүүдийг хийж хэрэгжүүлж ирсэн.

Үүний нэг нь Монгол Улсын Засгийн газар, ГБХНХЯ болон Япон улсын Жайка олон улсын байгууллагын техникийн хамтын ажиллагааны хүрээнд хамтран хэрэгжүүлсэн “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог дэмжих төсөл” юм.

DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг бодитоор дэмжин ажиллаж буй ААНБ-ыг сурталчлах үүднээс тухайн байгууллагууд дээр очиж, хөгжлийн бэрхшээлтэй ажилтнууд болон тэдний удирдлага, хамт олон зэрэг олон талын байр суурийг тусгасан нийт 32 нийтлэл, 8 видео контентыг цуврал байдлаар хүргэж ирсэн билээ. Энэ удаад төслийн үйл ажиллагаа болон үр дүнг нэгтгэсэн нийтлэлийг хоёр хэсэгт хуваан та бүхэнд хүргэж байна.

Дүрд орж тоглох дасгал хамгийн сонирхолтой, үр дүнтэй байдаг

“Манай хөгжлийн бэрхшээлтэй иргэн оюуны бэрхшээлтэй хэдий ч ажил эрхлэх бүрэн чадвартай. Танай байгууллагын агуулахын ажилд илүү тохирно гэж бодож байна. Ажилдаа дадлагажих хүртэл нь ажлын байрны дадлагажуулагчийн хувьд дэмжлэг үзүүлж ажиллана”,....... “Өглөө хэдэн цагт босдог вэ?”, “Тамгаа энэ хүрээн дотор нь дараарай. Заа сайн байна”.....

Энэ оны 10 сарын дундуур ХБХХЕГ-ын хурлын танхимд 4 хоногийн хугацаатай нэгэн семинар болсон бөгөөд энэ нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэн ажиллах ажлын байрны дадлагажуулагч нарыг бэлтгэх семинар юм. Тус семинарт Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг ААНБ-уудын хүний нөөцийн ажилтнууд болон төрийн бус байгууллагын ажилтнууд гэсэн нийт 31 байгууллагын 36 хүн хамрагдсан юм. Харин тус семинарыг DPUB2 төслийн үйл ажиллагааны хүрээнд бэлтгэгдсэн ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх нийт 12 сургагч багш зохион байгуулсан бөгөөд үүнд 2-р үеийн нийт 8 сурагч багш голлон, 1-р үеийн 4 сургагч багш зөвлөх байдлаар тус тус ажиллав.  

зураг
 
“Ойлгомжтой заах арга” лекцийн агуулгыг бататгах дасгал ажлын үеэр сургагч багш нар оюуны бэрхшээлтэй иргэдийн дүрд орж, харин оролцогчид ажлын байрны дадлагажуулагчийн дүрд орж, оюуны бэрхшээлтэй хүнд ажлыг хэрхэн ойлгомжтой заах тухай дадлага ажил хийв. 2-р үеийн сургагч багш Н.Ундрал /зургийн голд/ оюуны бэрхшээлтэй хүний дүрд орж тоглов. /зургийг 2024 оны 10-р сард авав/

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үнэлгээ хийх болон ажлын байрыг үнэлэх, ажлын байрыг дахин төлөвлөх, ойлгомжтой заах арга буюу systematic instruction зэрэг ажлын байрны дадлагажуулагчийн эзэмшвэл зохих ур чадварыг өдөр бүр 8 цагийн турш суралцсан. Оролцогчдын хамгийн идэвхтэй оролцсон хэсэг бол нийтлэлийн эхэнд танилцуулсан дүрд орж тоглох хэсэг байв.

Оролцогчид 6 багт хуваагдаж, байгууллагын хүний нөөцийн ажилтан, ажлын байрны дадлагажуулагчийн дүрд орох эсвэл хөгжлийн бэрхшээлтэй ажилтанд хийх ажлыг нь зааж буй ажилтны дүрд тус тус орж, өөрийн оногдсон цагт багтаан өгөгдсөн даалгаврыг биелүүлцгээж байв.

зураг
 
Дасгал ажлын үеэр багийн гишүүд дэлгэц дээрх цагийг баримтлан дүрд орж тоглох дасгал болон багийн хэлэлцүүлэг хийж, илтгэл тавьцгаав. /зургийг 2024 оны 10-р сард авав/

Мөн нэг сургагч багш нэг багт харьяалагдах бөгөөд багийн гишүүдийн даалгавар гүйцэтгэх үйл явцыг чиглүүлж, зөвлөгөө өгөхөөс гадна өөрсдөө хөгжлийн бэрхшээлтэй ажилтны дүрд орох зэргээр сургалтыг сонирхолтой, үр дүнтэй зохион байгуулж байв. Дүрд орж тоглох ээлж солигдох бүрд сургагч багшийн зүгээс юу нь ололттой мөн юун дээр анхаарах хэрэгтэй хэлж байсан.

Жишээлбэл, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнийхээ зан чанар, ямар хүн болохыг гаргаж ирэх тал дээр сайн байсан хэдий ч ар араас нь хэтэрхий их асуулт тавилгүй аль болох нөгөө хүндээ ярих таатай уур амьсгал бүрдүүлж өгөхийг хичээгээрэй”, “Хөгжлийн бэрхшээлтэй хүнээ ажилд оруулчих юмсан гэсэн хичээл зүтгэл чинь ойлгогдож байгаа ч нэг талаараа тухайн байгууллага, аж ахуйн нэгж юун дээр санаа зовж, болгоомжилж байгаа талаар нь асууж, асуудлыг нь хамтдаа шийдвэрлэх арга замын талаар ярилцах нь зүйтэй” зэргээр өөрсдийн туршлага дээр үндэслэн үнэтэй зөвлөгөөнүүдийг өгч байсан.

Хөгжлийн бэрхшээлтэй хүнд ажлын зааварчилгааг хэрхэн ойлгомжтой өгөх дасгал ажлын үеэр. “Захидлыг дугтуйд хийнэ. Дугтуйн дээр хаягаа наана” зэргээр оролцогчдод нэгдсэн байдлаар зааварчилгаа өгсний дараа /зүүн талын зураг/, оролцогчид оюуны бэрхшээлтэй ажилтны дүрд орсон сургагч багш нарт ажлын зааварчилгаа өгөх дасгал ажил хийв. /баруун талын зураг/.

/зургийг 2024 оны 10-р сард авав/

Оролцогчдын нэг болох торт, бэйкери үйлдвэрлэгч “Monbakery” ХХК-ийн хүний нөөцийн менежер О.Нямсүрэн сургалтын талаарх сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан юм. Тэрбээр “Манай компани одоогийн байдлаар нийт 188 ажилтантай. Одоохондоо хөгжлийн бэрхшээлтэй ажилтан байхгүй” гээд, “Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг тэргэнцэртэй эсвэл хараагүй гэх мэт гадаад харагдах байдлаар нь дүгнэдэг байсан. Харин энэ сургалтад хамрагдсанаар хөгжлийн бэрхшээл ямар олон төрөлтэй болох, мөн төрөл тус бүрд тохирсон тохируулгыг хийх боломжтой юм байна гэдгийг мэдэж авсан” хэмээн ярив. Мөн тэрбээр “Манай компани одоо шинэ оффисын барилга барьж байгаа юм. Шинэ оффисоо хөгжлийн бэрхшээлтэй хүнд ээлтэй байх талаас нь өөрийн саналыг тусгуулах бодолтой байна” гэв.

Нийт 50 ажилтных нь 4 нь хөгжлийн бэрхшээлтэй гэх “Шилмэл буйдан” ХХК-ийн хүний нөөцийн менежер Ц.Сувд-Эрдэнэ “Энэ сургалтад хамрагдсанаар хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголт маань эрс өөрчлөгдсөн. Жишээлбэл, оюуны бэрхшээлтэй хүнд балаар бичих зааварчилгаа өгөхийнхөө өмнө балынхаа тагийг аваарай гэсэн заавар өгөх хэрэгтэй байсан. Гэх мэтчилэн маш нарийн зүйлүүдийг сурлаа” гээд, “Цаашид байгууллага дээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэн ажилд авахдаа эхлээд ажлын байрны үнэлгээгээ хийж, ажлын орчныг нь дахин төлөвлөж ажиллая гэж бодож байна” хэмээн сургалтын сэтгэгдлээ бидэнтэй хуваалцсан.

4 жилийн хугацаанд гарсан үйл ажиллагааны үр дүн

2021 оны 2-р сард эхэлсэн DPUB2 төсөл нь Япон улсын хөгжлийн бэрхшээлийн салбарын нэр хүндтэй мэргэжилтнүүдийг Монгол улсад тогтмол урьж ажиллуулан, “Ажлын байрны дадлагажуулагчийн танилцуулах сургалт” болон “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалт” мөн “ААНБ-уудад нөлөөлөх нөлөөллийн сургалт” зэргийг тус тус зохион байгуулсан.

Мөн Япон, Малайз зэрэг орнуудад сургалт зохион байгуулж, үүгээрээ хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажлын байрны дадлагажуулагчийн дэмжлэгтэйгээр амжилттай ажиллуулж буй байгууллагуудтай танилцахаас гадна тус орнуудын хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд чиглэсэн төрөөс явуулж буй бодлого үйл ажиллагаатай танилцах боломжийг Монгол улсын төрийн болон төрийн бус байгууллага, зарим ААНБ-ын хүний нөөцийн дарга, менежерүүдэд олгов. Мөн DPUB2 төсөл хэрэгжих хугацаандаа ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх эрх бүхий нийт 16 сургагч багш болон 241 ажлын байрны дадлагажуулагчийг бэлтгэсэн.

Сургагч багш нарын хувьд япон мэргэжилтэн багш нарын удирдлага дор ажлын байрны дадлагажуулагчийн мэдлэг, ур чадварыг эзэмшсэн бол ажлын байрны дадлагажуулагч нарын хувьд монгол сургагч багш нараасаа суралцаж бэлтгэгдсэн юм. Нийтлэлийн эхэнд танилцуулсан сургалт бол ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх 10 дахь удаагийн сургалт бөгөөд тус сургалтыг ХБХХЕГ-ийн санхүүжилттэйгээр 2-р үеийн сургагч багш нар голлон зохион байгуулснаараа өмнөх сургалтуудаас онцлогтой байв.

зураг
 
Япон дахь сургалтын үеэр Осака хотод байрлах “Кашима Юүайкай” төв дээр очиж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд хэрхэн дэмжлэгтэй хөдөлмөр эрхэлж байгаатай танилцав. /зургийг 2024 оны 10-р сард авав/

Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтын лекцүүд болон дадлага ажлуудыг DPUB2 төслөөс сургагч багш нарт зориулан бэлтгэсэн “Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтыг зохион байгуулах гарын авлага” болон сургалтын оролцогчдод зориулан нэгтгэсэн сургалтын материал дээр үндэслэн зохион явуулсан.

Өдөр бүрийн сургалтын дараа сургагч багш нар тухайн өдрийн сургалтын талаар ярилцаж, ялангуяа 1-р үеийн сургагч багш нарын зүгээс 2-р үеийн сургагч багш нарт сургалт дээр юу нь ололттой байсан болон цаашид юун дээр анхаарах хэрэгтэй талаар заавар зөвлөгөө өгч байв. Энэ нь Япон улсад зохион байгуулагддаг ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтуудтай нэг загвар, стандартаар хийгдэж байгаа хэлбэр юм. 4 жилийн өмнө гэхэд Монгол улсад огт байгаагүй ажлын байрны дадлагажуулагчийн ур чадвар, мэдлэг ойлголтыг 1 болон 2-р үеийн сургагч багш нар хамтран нутагшуулж, шинээр олон олон ажлын байрны дадлагажуулагч нарыг бэлтгэж байгааг харахад үнэхээр бахархалтай санагдсан.

зураг
 
Сургалт дууссаны дараа сургагч багш нар тухайн өдрийн сургалтыг дүгнэн ярилцаж байна. /зургийг 2024 оны 10-р сард авав/

Мөн ажлын байрны дадлагажуулагч гэсэн шинэ ажил мэргэжлийг нутагшуулахын тулд Монгол Улсын Засгийн Газар ч идэвх зүтгэл гарган ажиллаж байна. Ялангуяа DPUB2 төслийг хамтран хэрэгжүүлсэн ГБХНХЯ-ны зүгээс одоо ч өндөр ач холбогдол өгч ажиллаж байгаа бөгөөд ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийг Монгол улсын ажил мэргэжлийн жагсаалтад албан ёсоор оруулж, ажлын байрны дадлагажуулагчийн цалин урамшууллыг тус яам төсөвтөө тусгахаар шийдвэрлэжээ.

Ажлын байрны дадлагажуулагчийн үйл ажиллагааг цаашид улам идэвхжүүлэх, тэдний хамтран ажиллах боломжийг дэмжих үүднээс “Ажлын байрны дадлагажуулагчийн сүлжээг мөн байгуулж, хоёр ч удаа уулзалт зохион байгуулаад байна.

Ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийн талаар анх олж мэдээд маш их сонирхож хүлээж авсан

Ажлын байрны дадлагажуулагч гэсэн шинэ ажил мэргэжлийг эзэмшиж байгаа хүмүүсийн олонх нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд байдаг. DPUB2 төсөл 2022 оноос эхлэн IKON сайтаар дамжуулан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ” нэртэй цуврал нийтлэлийг хүргэж ирсэн.

Жишээлбэл, “UB Grand” зочид буудалд сонсголын бэрхшээлтэй иргэнийг ажилд оруулсан ажлын байрны дадлагажуулагч О.Чимэгсүрэн, мөн Pizza Hut-ийн Юнеско салбарт оюуны бэрхшээлтэй иргэнийг ажилд оруулсан Б.Батцэцэг гээд ихэнх ажлын байрны дадлагажуулагч нарын тухайд хөгжлийн бэрхшээлийн салбарт ажилласан туршлага бүхий хүмүүс бөгөөд тэд ажлын байрны дадлагажуулагч болсноор улам өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах болжээ. Ажлын байрны дадлагажуулагч нарын үйл ажиллагаа улам өргөжиж, цаашид асар их үр дүн гарна гэдэгт итгэлтэй байна.

зураг
 
Ажлын байрны дадлагажуулагч Н.Солонго /зургийг 2024 оны 10-р сард авав/

“Ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийн талаар анх олж мэдээд маш их сонирхож хүлээн авсан” хэмээн ярих Н.Солонго бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн төлөө “Гэрэлт Андган” ТББ-ын тэргүүн юм. Тэрбээр “Этүгэн” их сургуулийн багш бөгөөд тэгш хамруулах боловсролын хичээлийг багшийн ангийн оюутнуудад заадаг. Сургуулийн өмнөх боловсрол мэргэжлээр их сургуулиа төгссөн тэрбээр тэгш хамруулах боловсролын чиглэлээр мэргэшсэн дүү болон дүүгийнхээ мэргэжил нэгт найзуудын хамт ТББ-аа байгуулжээ.

Түүний авга эгч автомашины ослын улмаас гэмтэж, тэргэнцэр хэрэглэх болсон бөгөөд хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмээс тусгаарлагдаж байгааг өөрийн нүдээр харж, анзаарч ирсэн нь ч түүнийг хөгжлийн бэрхшээлийн салбарт орж ажиллахад нөлөөлсөн байна. Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх семинарт хамрагдсан тэрбээр ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийн талаар “Насанд хүрэх хүртлээ ихэнх тохиолдолд гэрээсээ ч гарах боломжгүй байдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг нийгэмд оролцох боломжийг нь бүрдүүлж өгдөг маш чухал мэргэжил гэж ойлгосон” гэв.

зураг
 
Ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтын оролцогчид ижил тоогоор багт хуваагдаж, баг тус бүрд нэг сургагч багш чиглүүлэгчээр ажиллаж байв. /зургийг 2024 оны 10-р сард авав/

“Гэрэлт Андган” ТББ нь хэдийгээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн төлөө үйл ажиллагаа явуулдаг ч насанд хүрсэн хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс ч ажил оруулах хүсэлт ирдэг гэнэ. Үүний дагуу өөрсдийн чадах чинээгээрээ хэд хэдэн хүнийг улсын цэцэрлэгт цэвэрлэгээ үйлчилгээний ажилтнаар оруулсан байна. Н.Солонго нь ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтаар тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэнд хэрхэн тохирсон ажил олох, мөн хэрхэн үнэлгээ хийх, тогтвор суурьшилтай ажиллахад нь ямар дэмжлэг үзүүлэх хэрэгтэй гээд маш шинэлэг зүйлсийн талаар суралцсан тухайгаа яриад, цаашид сурсан зүйлээ хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэхдээ ашиглаж, илүү олон хүнийг нийгэмд оролцоход нь туслах юмсан гэв.

Тэрбээр үргэлжлүүлэн “Хүүхэд байхаас нь нийгмийн оролцоог нь хангаснаар ажил хөдөлмөрт бэлтгэх нөхцөл бүрдэнэ. Энэ утгаараа тэгш хамруулах боловсрол болон ажлын байрны дадлагажуулагч мэргэжлийн улдаа холбоо асар их. Тийм учраас ТББ-ынхаа бусад гишүүдээ ч ажлын байрны дадлагажуулагч бэлтгэх сургалтад хамруулах төлөвлөгөөтэй байгаа” хэмээн ярив.

Хөгжлийн бэрхшээлтэй иргэд хөдөлмөр эрхэлснээр нийгэмд олон талын өөрчлөлт гарч байна

Сүүлийн жилүүдэд ААНБ-уудын нийгмийн хариуцлага улам бүр нэмэгдэж байгаагийн зэрэгцээ хүний нөөцийн дутагдал ихэссэнтэй холбоотойгоор хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг идэвхтэй авч ажиллуулж байна. Монгол улсад хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй компани, ААНБ-ууд цөөнгүй бий. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд ААНБ-д орж ажилласнаар тухайн хөгжлийн бэрхшээлтэй иргэн төдийгүй байгууллага, хамт олонд ч эерэг өөрчлөлт гардаг гэсэн сэтгэгдлийг олонтоо сонсож байсан.

DPUB2 төслөөс бэлтгэн гаргадаг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ” цуврал нийтлэлийн №1-д олдмол хэлбэрийн тархины саажилттай хүү нь М март хүнсний дэлгүүрийн агуулахад ажилд орсноор маш их өөрчлөгдсөн хэмээн ярьж байсан ээжийн яриа сэтгэлд тод үлджээ. Тэрбээр “Манай хүү хүнтэй ярих дургүй, их уур уцаартай, зөрүүд байсан. Харин ажил хийж эхэлснээс хойш өөрөө хүмүүстэй яриа өддөг, хүний яриаг дуустал нь сонссоныхоо дараа өөрийн бодлоо илэрхийлдэг болсон” хэмээн баяртайгаар ярьсан.

зураг
 
“Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж буй сайн жишээ” цуврал нийтлэлийн №1-д олдмол хэлбэрийн тархины саажилттай Э.Ихбаяр /баруун гар тал/ М Март хүнсний дэлгүүрт амжилттай ажиллаж байгаа тухай танилцуулсан. Түүний ээж Г.Энхтуяа /зүүн гар тал/ ч бидэнд хүүгийнхээ өөрчлөлтийн талаар ярилцлага өгсөн. /зургийг 2024 оны 4-р сард авав/

Цуврал нийтлэл №4-д төрөлхийн сонсголын болон хэл ярианы бэрхшээлийнхээ улмаас мөрөөдөлгүй, зорилгогүй байсан бүсгүй АПУ ХК-д ажилд орж, хамт олноор хүрээлүүлэн урам зоригтой ажиллаж байгаа тухай танилцуулсан билээ. Түүнийг хариуцан ажилладаг менежер “Ажилтнууд маань ажлаа аз жаргалтайгаар хийж байвал миний зорилго биелж байгаа нь тэр” хэмээн ярьсан бөгөөд ажилтнуудаа аль болох ойлгож, найрсаг, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэн ажилладаг нэгэн байсан.

зураг
 
АПУ ХК-д ажилладаг З.Жавзмаа /зүүн гар тал/ болон түүний хамт олны тухай танилцуулсан. /зургийг 2022 оны 6-р сард авав/

Мөн Сайн жишээ №9-д “Ард кредит ББСБ” ХК-д ажилладаг бүрэн хараагүй Ө.Мөнхтөрийн талаар танилцуулсан бөгөөд түүний ажлын хамтрагч болох Б.Барсболд түүний талаар “Ухаарал төрүүлж, амьдралыг минь илүү их нээж өгсөн хүн.

Маш их хүндэтгэдэг” гэсэн юм. Мөн тус компанийн хүний нөөц, дотоод үйл ажиллагаа хариуцсан захирал бүсгүй ч “Харааны бэрхшээлтэй иргэн ажилд авснаас хойш харилцагч байгууллагуудтайгаа хамтран бүтээгдэхүүн үйлчилгээнийхээ хүртээмжийг сайжруулах, хөгжлийн бэрхшээлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэх зэрэг ажлуудыг санаачлан хийж байна” гэсэн.

зураг
 
“Ард кредит ББСБ” ХК-ийн ажилтан Ө.Мөнхтөр. Түүнийг ажилд орсноос хойш тухайн байгууллагын соёлд томоохон өөрчлөлт гарчээ. /зургийг 2024 оны 4-р сард авав/

Сайн жишээ №15-д бид “Чиглэл” ХХК-ийн үйл ажиллагааны талаар танилцуулсан. Тус компани нь нийтийн хоолны тоног төхөөрөмж үйлдвэрлэн борлуулдаг бөгөөд удирдлагын төвшин дэх хөгжлийн бэрхшээлийн талаарх хандлага ойлголт сайн бөгөөд DPUB2 төслийн үйл ажиллагаанд ч идэвхтэй оролцдог байгууллага юм. Ажлын байрын дадлагажуулагчийн үйлчилгээг авч, өөрийн ажилтнаа ч ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн.

зураг
 
“Чиглэл” ХХК нь ажлын байрын дадлагажуулагчийн үйлчилгээг авч, өөрийн ажилтнаа ч ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэсэн. /зургийг 2022 оны 11-р сард авав/

Сайн жишээ №21 бол “Монос Косметикс” ХХК нь ажлын байрны дадлагажуулагчийг үйлчилгээг авч, оюуны бэрхшээлтэй иргэнийг амжилттай ажиллуулж байгаа тухай нийтлэл юм. Хүний нөөцийн менежер, ажлын байрны дадлагажуулагч, үйлдвэрийн менежер гээд бүгд хамтран ажилласнаар З.Шижирмөнх ажлын байрны дадлагажуулагч болон хамт олны дэмжлэгийн үр дүнд урам зориг дүүрэн ажиллаж байсан.

зураг
 
“Монос Косметикс” ХХК-ийн үйлвэрийн ажилтан З.Шижирмөнх /голд/ болон ажлын байрны дадлагажуулагч М.Энхзул /зүүн гар талаас эхнийх/, үйлвэрийн менежер Б.Ариунзаяа /баруун гар талаас эхнийх/. /зургийг 2023 оны 6-р сард авав/

2021 оны 5 сарын 18-нд БНСУ-ын “GS25” ая тухтай дэлгүүр Монгол улсад анхны салбарын нээлтээ хийсэн билээ. Тус сүлжээ дэлгүүрийн үйл ажиллагааг “Дижитал Концепт ХХК хариуцдаг бөгөөд үүсгэн байгуулагдсанаас хойш 280 гаруй салбарыг амжилттай нээжээ.

Тус компани нь нийгмийн хариуцлагын хүрээнд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тал дээр бодитой зүйл хийхээр төлөвлөж, ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээг авсан байна. Энэ дагуу ажлын байрны дадлагажуулагч бөгөөд сургагч багш Б.Батцэцэгтэй хамтран ажиллаж, улмаар даунтай хоёр охиныг ажилд авчээ. Тэднийг тус бүр гэрт нь ойр салбаруудад томилсон бөгөөд ажлын байрны дадлагажуулагчийн заавар зөвлөмжийн дагуу харьяа салбарын менежерүүдэд хөгжлийн бэрхшээлийн онцлогийн талаар урьдчилж мэдээлэл өгч ажилласан гэнэ.

Ажлын байрны дадлагажуулагч Б.Батцэцэг ч мөн ажилтнуудын ажлын байран дээр нь тогтмол хугацаанд очиж дэмжлэг үзүүлж байсан хэдий ч нэг ажилтан нь 1 сар орчим, харин нөгөөх ажилтан нь 7 сар орчим ажиллаад ажлаасаа гарсан байна.

зураг
 
“Дижитал Концепт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер Б.Лхагвадулам /зургийг 2024 оны 10-р сард авав/

“Дижитал Концепт” ХХК-ийн хүний нөөцийн ахлах менежер Б.Лхагвадулам “Бидний хувьд нэгдүгээрт, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулах тал дээр туршлагагүй байсан. Хоёрдугаарт, төлөвлөгөө болон бэлтгэл ажлын хувьд сайжруулах зүйлс нэлээдгүй гарч байснаас гадна дауны бэрхшээлтэй хоёр ажилтан маань хөдөлмөр эрхлэхэд бүрэн бэлтгэгдээгүй байсан нь бидний хувьд маш том сорил болж байсан ч тухайн ажилтнуудын онцлогийг хамт олонд нь ойлгуулан нийгмийн харилцаанд оролцуулан өөрийгөө илэрхийлэх боломжийг бий болгосонд бидний зүгээс баяртай байдаг. гэсэн дүгнэлт хийсэн” гээд “Гэхдээ миний болон манай компанийн хувьд маш их туршлага болсон” хэмээн ярив.

Тэрбээр үргэлжлүүлэн “Цаашид хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг авч ажиллуулахдаа нарийн төлөвлөгөө гаргаж ажиллана. Бас компанийнхаа нэг ажилтныг ажлын байрны дадлагажуулагчаар бэлтгэх төлөвлөгөөтэй байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй иргэд төдийгүй хүүхдээ хараад гэртээ байгаа ээжүүд болон өндөр настан гэх мэт нийгмийн бүхий л давхаргын иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих бодлого баримтлан ажиллаж байна” гэв.

Тус компани нь алдаа оноогоо дүгнэж, өөрсдийн туршлага дээрээ үндэслэн цаашид ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжин ажиллах зорилготой байгаа бөгөөд ялангуяа ажлын байрны дадлагажуулагчтай хамтран ажиллах шаардлагатай гэдгийг олж анзаарсан нь харагдаж байна.



Нийтлэлийнхээ дараагийн хэсэгт төрөөс явуулж буй бодлого үйл ажиллагааны талаар болон ААНБ-ын байр суурийг дэлгэрэнгүй хүргэх болно. Мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог улам бэхжүүлж, цаашид ч үр дүнтэй байлгахын тулд гарах асуудал бүрийг сайтар олж анзаарч, шийдвэрлэх арга замуудыг олох нь чухал юм.

Тус нийтлэлийн үргэлжлэлийг хоёрдугаар хэсгээс уншина уу.

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ:

2022 оноос ГБХНХЯ, ЖАЙКА-ийн Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих тогтолцоог бэхжүүлэх төсөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газартай хамтран “ААНБ болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнийг холбон ажиллах ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээ”-ний загвар төслийг хэрэгжүүлж эхэллээ.

Тус үйлчилгээний үр дүнд илүү олон хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тогтвортой ажлын байраар хангана. Нөгөөтэйгүүр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг ажиллуулах боломжгүй ААНБ-ын хувьд ажлын байрны төлбөрийг төлж, нийгмийн хариуцлагаа хүлээх шаардлагатай.

Холбоо барих хаяг:

Ажлын байрны дадлагажуулагчийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих үйлчилгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл доорх хаягаар холбогдоно уу.

Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар

И-мэйл хаяг: info@gadpwd.gov.mn

Утасны дугаар: 77073008, 77032222