Монгол Улсын музейн салбарт анх удаа соёлын өвийн мэдээллийн санг бүрдүүлэх орчин үеийн “Үзмэрийн хадгалалт хамгаалалт-Олдвор сэргээн засварлалт”-ын мэргэжлийн лабораторийн нээлт өнөөдөр Чингис хаан Үндэсний музейд боллоо.
Малтлага судалгааны эхэн шатны цэвэрлэгээ, сэргээн засварлах ажлууд уг лабораторид хийгдэх аж. Тус лаборатори Монголын соёлын өвийн чиглэлээр ажилладаг бүх байгууллагуудын дундын лаборатори байх ёстой гэдгийг Чингис хаан үндэсний музей нь захирал, академич С.Чулуун онцлов.
Соёл, спорт, аялал жуулчлалын яамны Соёлын өвийн бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Б.Даваасүрэн "Өнгөрсөн хугацаанд манай улс соёлын өвийг сэргээн засварлах чиглэлээр тодорхой туршлага хуримтлуулсан ч ажиллах боловсон хүчний нөөц хангалттай түвшинд байхгүй. Иймд залуучуудыг энэ чиглэлээр ажиллах урам зоригийг тэтгэхэд энэ лаборатори туйлын чухал ач холбогдлоо өгнө гэж үзэж байгаа" гэв.
Соёлын өвийн үндэсний төвийн захирал Г.Энхбатын мэдээлснээр 2023 оны археологийн малтлагын судалгааны дүнгээр нийт найман байгууллагын 186 малтлагаар 40,135 эд өлгийн зүйлс олдсон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!