Уншиж байна ...

Х.Цагаанбаатар: Их спортыг таниулах нь халз барилдааны гол зорилго юм

Э.Тэмүүлэн, iKon.mn
2 цаг 8 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

"Хийморь" төслийн хүрээнд чөлөөт, жүдо бөхийн багийн халз барилдааныг энэ сарын 15-ны Ням гарагт Монгол Бөхийн өргөөнд зохион байгуулна.

Халз барилдааны чөлөөт бөхийн багийг дасгалжуулж буй Б.Баттулга, жүдогийн багийг ахалж байгаа Х.Цагаанбаатар, Монголын Үндэсний Бөхийн Холбоо (МҮБХ)-ны ерөнхий нарийн бичгийн дарга Т.Түмэндэмбэрэл, төслийг санаачлагч "Грийн шоу" продакшны захирал Б.Батзолбоо нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл өглөө.

Монгол үндэстний дархлаа болсон өв соёлыг сурталчлах зорилгоор 2021 оноос "Хийморь" төслийг санаачлан хэрэгжүүлж байгаа юм. Тэр ондоо МҮБХ-той хамтраад Монгол Улсын харцага цолтой найман бөхийн дунд реалити шоу, тойргийн барилдааныг зохион байгуулсан.

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ удаад чөлөөт, жүдогийн багийн халз барилдааны талаар төслийг санаачлагч Б.Батзолбоо "1999 онд тухайн үеийн үндэсний бөхийн холбоо болон чөлөөт, жүдогийн холбоотой хамтран халз барилдаан хийсэн түүхтэй. Тухайн үед чөлөөт, жүдогоор хичээллэдэг тус бүр 10 бөх нийт 100 барилдаан хийж байв.

25 жилийн өмнө болсон энэ барилдаанд хоёр тал 50 даваа авснаар тэнцээгээр өндөрлөсөн. Тэгвэл энэ удаад хайнаа хагалахаар мөн тус бүрийн 10 хүний бүрэлдэхүүнтэй барилдахад бэлэн боллоо" гэж ярьсан юм.

Чөлөөт бөхийн бүрэлдэхүүн:

  • Улсын арслан Б.Орхонбаяр
  • Улсын заан М.Лхагвагэрэл
  • Улсын заан Д.Хүдэрбулга
  • Улсын харцага Н.Золбоо
  • Улсын харцага Г.Ганхуяг
  • Улсын харцага Б.Зоригтбаатар
  • Улсын начин Э.Батмагнай
  • Аймгийн арслан Ч.Алтангэрэл
  • Аймгийн арслан М.Цэрэн 
  • Аймгийн заан Б.Бат-Эрдээ

 

Жүдогийн бүрэлдэхүүн:

  • Дархан аварга Н.Батсуурь
  • Улсын заан Д.Анар
  • Улсын заан Б.Серик
  • Улсын начин Х.Цогтгэрэл
  • Улсын начин Б.Лхагвадорж
  • Улсын начин Б.Түвшинтөгс
  • Улсын начин Э.Мөнхжаргал
  • Аймгийн хурц арслан Н.Өсөхбаяр
  • Аймгийн арслан М.Баяржавхлан
  • Аймгийн начин Б.Гончигсүрэн
     

Түүнчлэн их спортоор дагнаж барилддаг, бага жинтэй бөхчүүдийн дунд ч халз барилдаан хийх аж. Жүдогийн багт гавьяат тамирчин Д.Төмөрхүлэг, Ё.Басхүү, Э.Ариунболд нар багтсан бол чөлөөт бөхийн багаас гавьяат тамирчин Т.Тулга болон О.Сүлдхүү, З.Занабазар нар хүч үзнэ.

Багийн барилдаанд үндсэн долоон бөх 49 барилдаан хийж, дүнгээ гаргах юм.

Халз барилдааны талаар Хөдөлмөрийн баатар Х.Цагаанбаатар "Их спортыг түгээн дэлгэрүүлж, таниулахад халз барилдааны гол зорилго юм. Үндсэн бөхчүүд нь тойргоор барилдахаас гадна бага жинтэй, их спортынхон тойрог болж хүч үзнэ" гэж онцолсон.

Тус барилдааны VIP тасалбар нь ₮160,000 үнэтэй бол энгийн нь ₮80,000 байх юм. Тэгвэл барилдааны үеэр олон азтан үзэгч тодруулахаа зохион байгуулагчид мэдэгдсэн. Тухайлбал 1955 оны улсын баяр наадмыг сугалаагаар зохион байгуулахад түрүүлж, аймгийн заан цолоос улсын арслан цолтой болсон С.Оргодол арслангийн гэр бүлээс нь нэг үзэгчийг өвлийн идшээр мялаахаар болжээ.