Итали улсын засгийн газар Аргентины ерөнхийлөгч Хавьер Милейг өөрийн иргэнээ болгосон нь маргаан дэгдээжээ.
Милей нь Италиас Аргентинд суурьшсан цагаачдын удам юм байна.
Тэрбээр Италийн ерөнхий сайд Жоржиа Мелонитой уулзахаар Ром хотод айлчлан ирээд байгаа юм. Өнөөдөр буюу Бямба гарагт тэр Мелонигийн удирддаг Италийн Ахан дүүс намын жил тутмын баярын арга хэмжээнд оролцоно.
Аргентины ерөнхийлөгч иргэн нь болсон тухай мэдээг Италийн сөрөг хүчнийхэн, хэвлэл мэдээллийн хэрэгслүүд уур бухимдалтай хүлээж авсан байна.
Италийн иргэний хуулиар итали гаралтай л бол хэд дэх үеийн цагаач байсан ч хамаагүй иргэний паспорт авах боломжтой байдаг.
Харин Италид төрсөн өөр үндэс гаралтай хүмүүсийн хүүхдүүд иргэн болоход маш хэцүү байдаг юм.
Цагаачлалыг дэмжигч хөдөлгөөнүүд энэ бодлогыг зөөлрүүлэхийн төлөө тэмцдэг.
Гэвч Мелонигийн барууны үзэл баримтлалтай засгийн газар ийм алхам хийх төлөвгүй байгаа.
Италийн жижиг сөрөг хүчин болох +Европа намын хууль тогтоогч Риккардо Маги дээрх шийдвэрийг “иргэн болохын тулд олон жил хүлээж буй залуусыг ялгаварлан гадуурхсан тэвчихийн аргагүй үйлдэл” гэж нэрлэжээ.
Энэ оны хоёрдугаар сард болсон өмнөх айлчлалынхаа үеэр Милей гурван өвөө эмээ нь итали гаралтай тул өөрийгөө “75 хувь” итали хүн гэж үздэгээ ярьж байв.
Тэр бас “Италийн дуурийн урлагт шимтэн дурладаг” талаараа ярьж байжээ.
Аргентины ерөнхийлөгчөөр сонгогдсоноос нь хойш консерватив Мелони либертар үзэлтэй Милейтэй тун ойр дотно харилцаатай болоод байгаа. Өнгөрсөн сард Мелонийг Аргентинд айлчлахад Милей гартаа цахилгаан хөрөө барьсан байгаагаар дүрсэлсэн өөрийн баримлыг бэлэглэж байжээ.
Милей сонгуулийн кампанит ажлынхаа үеэр Аргентины төсвийн алдагдлыг эрс танах амлалтаа цахилгаан хөрөөгөөр бэлгэдэж байсан юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!