Уншиж байна ...

"Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс ихгүй үнийн дүнтэй маргааныг Хялбар ажиллагааны шүүх шийдвэрлэнэ"

Н.Эрхбаяр, iKon.mn
2024 оны 12 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүхийн Ерөнхий Зөвлөл (ШЕЗ)-өөс Шүүх байгуулах тухай хууль (Шинэчилсэн найруулга)-ийн хэрэгжилтийн талаар өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. 

Энэ үеэр 2025 онд шинээр байгуулагдах тойргийн шүүхийн явцын талаар ШЕЗ-ийн гишүүн А.Насандэлгэр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Шүүх байгуулах ажил хоёр жил үргэлжилсний эцэст УИХ 2024 оны зургаадугаар сарын 5-нд эцэслэн баталсан. Өнөөдрийн байдлаар манай улсад нийт 90 шүүх ажиллагаа явуулж байгаа. 2025 оны нэгдүгээр сарын 1-нээс 61 шүүх үйл ажиллагаа явуулна. 

Улаанбаатар хотын дүүргийн шүүхийг тойргийн зарчмаар байгуулна. Ингэхдээ нийслэл хотын нутаг дэвсгэрийн харьяаллын баруун, зүүн талд иргэний болон эрүүгийн хэргийн тойргийн анхан шатны шүүх тус бүр нэг, Налайх, Багахангай дүүргийн тойргийн анхан шатны шүүхийг нэгтгэж байгуулна. 

Тухайлбал 2025 оноос зүүн талдаа Сүхбаатар, Чингэлтэй, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гэж нэгдэнэ. Баруун талдаа Сонгинохайрхан, Хан-Уул, Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх гэж үйл ажиллагаа явуулах юм. Багануур дүүргийн шүүх харьцангуй алслагдмал, одоо байгаа ачаалал нь зохист хэмжээнд байгаа учраас өөрчлөөгүй. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Шүүх байгуулах тухай хуулиар давж заалдах шатны шүүхүүд өөрчлөн зохион байгуулагдаагүй. 2015 оны хуульд заасан тогтолцоогоор үйл ажиллагаа явуулна. Ер нь захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүх өөрчлөгдөөгүй. Монгол Улсын хэмжээнд буй найман сум дундын шүүхийн ачаалал хэвийн байгаа учраас өөрчлөөгүй. 

Дүүргийн эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн, Нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн гэсэн хоёр шүүх шинээр байгуулагдаж байгаа. 

Хялбар ажиллагааны шүүх ирэх сарын 1-нээс үйл ажиллагаа явуулах бөгөөд эрүүгийн хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх, эрүүгийн хэргийн харьяалан шийдвэрлэх зөрчлийн хэргийг шийдвэрлэх, таслан сэргийлэх арга хэмжээний саналыг шийдвэрлэнэ. Мөн иргэний хэргийн тусгай журмаар шийдвэрлэх хэргийг шийдвэрлэх учраас эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны гэж нэрлэсэн. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгайлсан журмаар шийдвэрлэх ажиллагаа гэсэн өөрчлөлт орсон. Энэ төрлийн маргааныг хялбар ажиллагааны шүүх иргэний журмаар хянан шийдвэрлэнэ. 

Шүүх байгуулах тухай хуулийг боловсруулах судалгааны үр дүнд хэт их ачаалал Нийслэлд үйл ажиллагаа явуулж буй шүүхэд байна гэсэн. Иргэний хэргийн онцлогийг харвал бага үнийн дүнтэй буюу 10 сая төгрөг хүртэлх үнийн дүнтэй хэрэг 40 гаруй хувийг эзэлдэг. Тиймээс бага үнийн дүнтэй хэргийг шийдвэрлэх шүүхийг тусад нь байгуулбал шүүхийн ачаалал тэнцвэржих талаар судалгаа гарсан. 

зураг
 
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Энэ талаар Улсын дээд шүүхтэй зөвшилцөхөд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 20 дахин нэмэгдүүлснээс ихгүй хэмжээний үнийн дүнтэй мөнгөн хөрөнгө гаргуулах гэх саналын томьёолол гаргасан. Тиймээс дээрх үнийн дүнтэй гэрээний маргааныг Хялбар ажиллагааны шүүх шийдэх юм.

Тус шүүхийн байр нь тодорхой болсон, засварын ажил явагдаж байна. Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтсийн урд байрлаж буй дөрвөн давхар байранд эрүү, иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны шүүх үйл ажиллагаагаа эхэлнэ. 

Мөн нийслэл дэх гэр бүл, хүүхдийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны нэгдүгээр сарын 1-нээс үйл ажиллагаа явуулна. Энэ шүүхийн процессын хууль 2025 онд батлагдах бөгөөд ямар хэргийг харьяалан шийдвэрлэх вэ гэдэг нь тодорхой болно. Гэр бүл, хүүхдийн хэргийн давж заалдах шатны шүүх байгуулагдаж байгаа бөгөөд 2026 оноос үйл ажиллагаагаа эхлүүлнэ.

Тойргийн шүүх байгуулагдсанаар хууль хэрэглээний нэгдмэл байдал хангагдана. Тойргийн зарчмаар байгуулагдвал ачаалал тэнцвэрждэг. Мөн шүүхийн үйлчилгээний хүртээмж нэмэгдэх юм" хэмээн ярилаа.