Уншиж байна ...

Өмнөд Солонгосын иргэд ерөнхийлөгчийгөө тэргүүн хатагтайг аврахын тулд цэргийн дэглэм зарласан гэж сэжиглэж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
3 цаг 40 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Хувь заяа нь дээсэн дөрөөн дээр дэнжгэнэж буй Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Юн Сүк Ёлын гэргий Ким Кон Хи удаан хугацаанд олны өмнө ил гараагүй нь тус улсын иргэдийн анхаарлыг татаж байна.

Зарим хэсэг нь бүр цэргийн дэглэмийг гэргийгээ аврахын тулд зарласан байж магадгүй гэж сэжиглэх болжээ.

Үүнтэй холбоотой хошигнол мэмүүд интернэтэд тарсан байна.

Тухайлбал хүмүүсийн дунд хүчтэй тарсан нэг ийм мэмд “Юн бол гэргийнхээ төлөө цэргийн дэглэм зарладаг хамгийн аугаа амраг” гэсэн тайлбар зүүсэн байна.

Бас нэг мэмийг “Би хайртыгаа хамгаалахын тулд бүхнийг хийсэн, бүр цэргийн дэглэм хүртэл зарласан” гэж Юн Сүк Ёл хэлж байгаагаар дүрсэлжээ.

Юн Сүк Ёл арванхоёрдугаар сарын 3-ны өдөр улс орондоо онц байдал зарласан. Сөрөг хүчнийхэн давамгайлдаг тус улсын парламент тэргүүн хатагтайтай холбоотой авлига, хууль бус үйлдлийг шалгах тусгай мөрдлөгийг явуулах эсэх асуудлаар санал хураахаас хэдхэн цагийн өмнө Юн ийм алхам хийсэн юм.

52 настай тэргүүн хатагтай аравдугаар сард нөхрийн хамт Зүүн Өмнөд Азийн орнуудад айлчилснаасаа хойш олон нийтийн өмнө ил гараагүй байгаа.

Тэрбээр хөрөнгийн зах зээлд луйврын үйл ажиллагаа явуулсан, авлига авсан, эрдмийн ажилдаа оюуны өмч хулгайлсан, хуурамч диплом авсан гэх зэрэг олон дуулианд холбогдоод байгаа юм.

Тэргүүн хатагтайг мөрдөн шалгах хуулийн төсөлд Юн Сүк Ёл удаа дараа хориг тавьж байв.

Үүний улмаас 63 настай ерөнхийлөгчийн нэр хүнд түүхэндээ байгаагүй түвшинд унаад байна.

Зарим шүүмжлэгчид тэргүүн хатагтайн Юнд үзүүлэх нөлөө ердийн эхнэр, нөхрийн харилцаанаас ч давж, боловсон хүчний томилгоо, сонгуулийн бодлого стратегид нь ч оролцсон байж магадгүй гэж үздэг.

Ерөнхийлөгчийн тамгын газар ийм яриа гарах бүрд няцаадаг юм.

Сөрөг хүчин болох Солонгосын Ардчилсан намын хууль тогтоогч Бу Сын Чан саяхан “This Week in Asia” сэтгүүлд өгсөн ярилцлагадаа “Хатагтай Ким Кон Хи бол Юн Сүк Ёлын оюун санааны эзэн юм” гэж хэлж байв.

Ерөнхийлөгч цэргийн дэглэм зарласан нь парламентын хүч нөлөөг саармагжуулж, эрх мэдлээ нэмэгдүүлэх гэж эртнээс төлөвлөсөн ажил гэж Бу үзэж байна.

“Тэд энэ шийдвэрийг хэдэн сарын өмнөөс бэлдсэн нь тодорхой. Гэхдээ эхнэрийг нь шалгах тухай хуулийн төслийг сөрөг хүчин өргөн барьсан нь Юныг яаравчлахад хүргэсэн байх” гэж тэр ярьжээ.

 

Эх сурвалж: South China Morning Post