АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд ялагч Дональд Трамп ирэх сарын 20-ны өдөр тохиох тангараг өргөх ёслолдоо Хятадын төрийн тэргүүнийг урьсан нь ховор үзэгдэл байлаа.
Өмнө нь АНУ-ын аль ч ерөнхийлөгчийн тангараг өргөх арга хэмжээнд гадаад улсын төрийн тэргүүн оролцож байгаагүй юм. Төрийн департаментын 1874 оноос эхэлсэн бүртгэлд лав ийм тохиолдол тэмдэглэгдээгүй байна.
Урилгын талаар тодруулахад Трампын хэвлэлийн төлөөлөгч Кэролин Ливит “Энэ бол ерөнхийлөгч Трамп зөвхөн холбоотнууд төдийгүй бас манай улсын дайсан, өрсөлдөгч улс орнуудын удирдагчидтай нээлттэй яриа хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн байгаагийн илрэл юм” гэж хариулжээ.
Гэхдээ Хятадын төрийн тэргүүн Ши Жиньпин уг арга хэмжээнд оролцох төлөвгүй байгааг төлөвлөлт хариуцсан албаны хоёр эх сурвалж мэдээлсэн байна.
Оронд нь АНУ дахь Хятадын элчин сайд болон Бээжингээс ирэх зарим албаны хүмүүс оролцох гэнэ.
Хятадаас гадна өөр улс орнуудын төрийн тэргүүнүүд нэгдүгээр сарын 20-нд болох Трампын тангараг өргөх ёслолд уригдсан гэж Ливит хэлсэн ч аль нэг улсын нэрийг дурдаагүй юм.
Дональд Трампын хувьд Ши Жиньпинийг хувь хүнийх нь зүгээс магтаж ярьдаг ч Хятадын гадаад бодлогыг хатуу шүүмжилдэг нэгэн.
Аравдугаар сард Жо Роганы подкаст ярилцлагад оролцохдоо Трамп “Тэр 1.4 тэрбум хүнийг төмөр нударгаар удирддаг хүн. Тиймээс хүссэн ч хүсээгүй ч тэр бол гайхалтай удирдагч” гэж хэлж байв.
Гэхдээ Трамп өмнөх засаг захиргааныхаа үед Хятад улсын эсрэг худалдааны дайн зарлаж, АНУ-ын гол өрсөлдөгчөөр нэрлэж байсан юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!