Уншиж байна ...

"Мөнгөний бодлогын хүүг 10 хувь хэвээр үлдээж, төгрөг болон валютын заавал байлгах нөөцийн хэмжээг тус бүр нэг нэгж хувиар нэмэгдүүлнэ"

Б.Бадамгарав, IKon.mn
52 минутын өмнө
IKON.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны Мөнгөний бодлогын хороо өнөдөөр хуралдаж, гаргасан шийдвэрийг тус банкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн танилцуулав.

Тэрбээр "Ээлжит хуралдаанаар бодлогын хүүг 10 хувьд хэвээр хадгалах, банкны төгрөгийн болон гадаад валютын нөөцийн заавал байлгах нөөцийн хэмжээг нэг нэгж хувиар тус тус нэмэгдүүлэх шийдвэр гаргалаа. 

Бодлогын энэхүү шийдвэрийг гаргахад эдийн засгийн гадаад, дотоод орчны нөхцөл байдал, ирээдүйн төлөвийг харгалзан үзлээ. Америкийн Нэгдсэн Улс, Европ, Англи зэрэг томоохон эдийн засгуудад мөнгөний бодлого зөөлрөх чиглэлд өөрчлөгдөж байгаа нь глобал эдийн засгийн өсөлтөд эергээр нөлөөлж байгаа. Гэвч геополитикийн хурцадмал байдлыг дагасан гадаад орчны тодорхой бус байдал үргэлжилсэн хэвээр байна. 

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын эдийн засгийн төлөвийн талаарх шинжээчдийн дүгнэлт өөдрөг биш байгаа нь гадаад эрэлт, нүүрсний экспортын үнэ буурч болзошгүй болгоомжлолыг нэмэгдүүлсэн хэвээр байна. 

Жилийн инфляц 2024 оны аравдугаар сард 7 хувьтай байсан бол арваннэгдүгээр сард улсын хэмжээнд 8.1 хувь болж өслөө. Энэхүү өсөлт нь цахилгааны үнийн өсөлттэй холбоотой бөгөөд цахилгааны үнэ аравдугаар сард жилийн инфляцын 0.6 нэгж хувийг бүрдүүлж байсан бол арваннэгдүгээр сард 1.9 нэгж хувийг бүрдүүллээ.

Цахилгааны үнийн өсөлтөөс гадна дотоодын эрэлт, цалингийн өсөлтийн нөлөөгөөр үйлчилгээ, түрээс, импортын барааны үнэ хүлээлтээс өндөр өссөн нь сүүлийн саруудад инфляц нэмэгдэхэд нөлөөлсөн" гэв.

Түүнчлэн Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн "Цаашид төрийн зохицуулалттай үйлчилгээний үнийн өсөлтийн дам нөлөө, төсвийн тэлэлт, дотоод эрэлтийн идэвхжлийг даган эрэлтийн шалтгаант үнийн дарамт нэмэгдэхээр байна" гэсэн юм.