Уншиж байна ...

Б.Лхагвасүрэн: Ирэх онд төлбөрийн тэнцэл алдагдалтай гарах болов уу гэж Монголбанк төсөөлсөн

Б.Бадамгарав, IKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн эдийн засгийн нөхцөл байдлын талаар өнөөдөр мэдээлэл өглөө.

Тэрбээр "Эдийн засгийн өсөлт энэ оны гуравдугаар улиралд хүлээлтээс бага буюу 3.9 хувьтай, оны эхний гурван улирлын байдлаар таван хувьтай гарсан байна. Өсөлт ийнхүү удаашрахад зэс, алтны олборлолт хүлээлтээс бага гарсан нь голлон нөлөөллөө. 

Өрхийн болон төрийн байгууллагын хэрэглээ нэмэгдэж, өсөлтийг тэглэсэн хэвээр байна. Хэрэглээ, хөрөнгө оруулалтын импорт эрчтэй нэмэгдсэн нь өсөлтийг сааруулах нөлөө үзүүлж байгаа. Уул уурхай, барилга, боловсруулах салбарын үйлдвэрлэл өмнөхөөс саарч байгаа зэргийг харгалзан энэ оны эдийн засгийн өсөлтийн төсөөллийг Монголбанкны зүгээс 5.2 хувь болгон бага зэрэг буурууллаа. Ирэх онд төсвийн төлөв сулрах, Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл өсөх, энэ оны зудын нөлөө буурах зэргээс шалтгаалан эдийн засгийн өсөлт эрчимжиж 7-8 хувьтай гарахаар байна. 

Түүнчлэн мега төслүүдийг хэрэгжүүлэхдээ оновчтой эрэмбэлж, эдийн засгийн потенциалтай уялдуулан санхүүжилтийн эх үүсвэрийг гадаад эх үүсвэрээр хэрэгжүүлэх нь макро тогтвортой байдлыг хадгалахад чухал нөлөөтэй.

Гадаад эрэлт энэ онд таатай хэвээр байж, зээлжих зэрэглэл сайжирч, гадаад зах зээл дээрх хүү буурч байгаа зэрэг нь валютын урвах урсгалыг дэмжиж, улмаар төгрөгийн гадаад валюттай харьцах ханш тогтвортой байх гол нөхцөлийг бүрдүүлж байна. Гэхдээ эдийн засгийн идэвхжил төсвийн зардлын өсөлтөөс шалтгаалан импортын өсөлт эрчимжиж байгаа. Энэ нь валютын гадагшлах урсгалыг нэмэгдүүлж байна. 

Цаашид дэлхийн зах зээл дээрх эрдэс бүтээгдэхүүний үнэ, худалдааны түнш орнуудын эдийн засгийн байдлаас гадаад эрэлт ихээхэн хамаарна. Төсвийн төлөв, Засгийн газраас хэрэгжүүлэхээр төлөвлөж буй мега төслүүд хэрхэн санхүүжих нь төлбөрийн тэнцэл, гадаад валютын албан нөөцийн цаашдын төлөвийг тодорхойлохоор байна. 

Инфляц энэ онд зорилтот түвшнээс бага зэрэг давахаар байгаа ч 2026 оноос зорилтын орчимд тогтворжихоор байгаа тул зээл санхүүжилтийн нөхцөлийг хэт хатууруулахгүй байж, дунд хугацаандаа тогтвортой өсөлтийг хангах зорилгоор Монголбанк мөнгөний бодлогын хорооноос бодлогын хүүг 10 нэгж хувьд хэвээр хадгалахаар шийдвэрлэсэн.

Санхүүгийн салбарт эрсдэл хуримтлагдахаас сэргийлж, тогтвортой байдлыг бэхжүүлэх зорилгоор банкнуудын төгрөгийн болон гадаад валютын заавал байлгах нөөцийн хувь хэмжээг 1 нэгж хувиар тус тус нэмэгдүүлэхээр шийдвэрлэлээ.

Эдгээр багц шийдвэр нь инфляцыг дунд хугацаанд зорилтот түвшинд тогтворжуулах, эдийн засаг, санхүүгийн салбарын тогтвортой байдлыг хангах зорилттой нийцсэн" хэмээв.

"Нүүрсний үнэ жилийн турш буурч байна. Одоогоор 100 ам.доллароос доош орж, 70-80 ам.доллар руу орсон"

Мөн "2025 онд нүүрсний экспортыг 83 сая тонн байхаар өөдрөгөөр төсөөлсөн. Хэрэв энэ төсөөлөлд хүрч чадахгүй бол ямар эрсдэл үүсэх вэ. Инфляцад нөлөөлөх үү. Валютын ханш өсөж байна, цаашид хэрхэх төлөв байна вэ?" гэсэн сэтгүүлчийн асуултад тэрбээр хариулахдаа "Манай экспортын гол хэсэг нь уул уурхайн бүтээгдэхүүн. 93 хувь нь уул уурхайн бүтээгдэхүүн, эрдэс баялаг бөгөөд үүний 60 орчим хувийг нүүрс эзэлдэг. Нүүрсний үнэ сүүлийн нэг жилийн турш бууралттай байна. Одоогоор 100 ам.доллароос доош орж, 70-80 ам.доллар руу орж байна. 

Биет хэмжээ өсөөд байгаа ч үнийн бууралт нь Монгол Улсад орж ирэх гадаад валютад нөлөөлнө. Орлогод нөлөөлнө гэдэг нь Ашигт малтмал ашигласны татвар буюу АМНАТ-т нөлөөлнө, "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орлого буурвал ногдол ашиг хуваарилахад нөлөөлнө. Эдгээр нөлөөл нь төсвийн орлого талд тусна.

Төсвийн орлого буурвал зардлаа санхүүжүүлэхэд төвөгтэй болж, тодотголоо гэхэд алдагдалтай болох гэх зэргээр эргэлзээтэй, төвөгтэй байдлыг бий болгоно.

Инфляцтай холбоотойгоор үзүүлэх нөлөө бол төлбөрийн тэнцлийн алдагдал. Өнөөдрийн хувьд төлбөрийн тэнцэл тодорхой хэмжээний ашигтай байна. Ирэх жил төлбөрийн тэнцлийг Монголбанкны зүгээс алдагдалтай гарах болов уу гэж төсөөлсөн" гэж хариулав.