Францын шигшээ баг болон Испанийн "Реал Мадрид" клубийн тоглогч Кильян Мбаппег Шведийн нэгэн хэвлэл хүчингийн хэрэгт нэр холбогдсон гэж буруутгасан. Тэгвэл тус улсын прокурорын газраас уг мэдээллийг шалгаад нотлох баримт дутуу тул хэрэг үүсгэхээс татгалзжээ.
Хүчингийн хэрэгт нэр холбогдсон даруйдаа франц эр "хуурамч мэдээлэл" гэж үгүйсгэсэн бол түүний хуульчид өнгөрсөн аравдугаар сард нэр төрд нь халдсан хэвлэлийн газрыг шүүхэд өгөхөөр бэлдэж байгааг дуулгасан.
Шведийн нийслэл дэх нэгэн зочид буудалд өнгөрсөн аравдугаар сарын 10-ны өдөр К.Мбаппег хүчингийн болон бэлгийн дарамт үзүүлсэн гэж буруутгасан мэдээллийг Шведийн хэд хэдэн хэвлэл нийтэд цацсан юм. Тэр дундаа өдөр тутмын "Aftonbladet", "Expressen" зэрэг сонин, "SVT" телевизийн сувгаар зарласан.
Тухайн үед К.Мбаппе Стокгольм хотод амарч байсан юм.
Уг мэдээлэлд Шведийн цагдаа нар түүний байрлаж байсан буудалд нэгжлэг хийсэн, үүний дараа эд мөрийн баримт болгож цүнх, хувцас зэргийг авч явсан гэж байв.
Өнгөрсөн Ням гарагт К.Мбаппе нутгийнхаа "Clique" нэвтрүүлэгт оролцож байхдаа энэ асуудлаар анх удаа олон нийтэд ам нээсэн юм.
Энэ үеэр өөрийгөө буруугүй гэдгээ мэдэгдээд "тийм зүйл болоогүй" гэж ярьжээ.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!