Ерөнхийлөгчийн Тамгын Газрын дарга асан З.Энхболд, Зам, тээврийн сайд асан Б.Энх-Амгалан нарт холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд гурван өдөр хэлэлцээд шийдвэрээ гаргалаа.
Шүүхээс З.Энхболдод холбогдох үйлдлийг цагаатгасан бол Б.Энх-Амгаланд нийтийн албанд томилогдох эрхийг таван жил хасаж, нээлттэй хорих байгууллагад хоёр жил хорих ял оноохоор шийдвэрлэсэн байна. Шүүхийн шийдвэр гарсан даруй Б.Энх-Амгаланг ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих 461 дүгээр ангид хүргэжээ.
Тэдэнд холбогдох хэргийн эргэн сануулахад, ЕТГ-ын дарга байхдаа З.Энхболд хамаарал бүхий “Страто” ХХК болон түүний нэгдмэл сонирхолтой этгээдүүдийн үүсгэн байгуулсан “Их дэлгэмэл ингүүн” компанид давуу байдал бий болгохын тулд 2019 онд тухайн үеийн Зам, тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд нөлөөлж, ашигтай шийдвэр гаргуулсан хэрэгт холбогдсон. Тэднийг “нүүрсний” гэх хэргийн хүрээнд яллагдагчаар татсан юм.
Улмаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнгөрсөн оны гуравдугаар сарын 13-нд хэлэлцээд тэдэнд 40 сая төгрөгөөр торгох, нийтийн албанд ажиллах эрхийг нь таван жил хасах ял оноогоод байсан юм. Харин нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны есдүгээр сарын 25-нд хэлэлцээд “Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийсэн, дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг анхаарч үзэлгүй орхигдуулсан, дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн” гэж дүгнэсэн байдаг. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлд заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож тус шүүхээр дахин хэлэлцүүлэхээр болсон билээ. Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын шүүгч нар шүүх хуралдаанаар хэлэлцэхээс татгалзсанаар ийнхүү Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд хэргийг шийдвэрлэсэн байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!