Иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх, аливаа осол аваараас урьдчилан сэргийлэх зорилгоор НХШГ-аас энэ онд ШТС болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хоёр удаагийн урьдчилан сэргийлэх шалгалт хийжээ.
Шалгалтаар зарим станц эдэлбэр газраас 25 метрийн зайд байрлах ёстой гэсэн норм, дүрмийг хэрэгжүүлэхгүй байгаа нийтлэг зөрчлийг арилгуулж байгаа юм байна.
Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал “Шатахуун түгээх/ШТС/ болон автомашин хийгээр цэнэглэх станц, тэдгээрийн агуулахуудад хийсэн хоёр удаагийн урьдчилан сэргийлэх хяналт, шалгалтын хүрээнд хийж гүйцэтгэсэн ажил, өгсөн албан шаардлагын биелэлтэд гүйцэтгэлийн шалгалтыг хийж байна.
Энэ удаагийн шалгалтаар ШТС-ын зай хэмжээ, техник тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагаа, ШТС, хийн бүтээгдэхүүнийг тээвэрлэж байгаа авто тээврийн хэрэгслийг шалгалаа.
Илэрсэн зөрчил, цаашид авах арга хэмжээний саналыг боловсруулж, Улсын онцгой комисс, Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яаманд хүргүүлсэн.
Нийтлэг илэрсэн зөрчлийн хувьд ШТС, автомашин хийгээр цэнэглэх станцын агуулахуудын зай хэмжээг эдэлбэр газраас 25 метрийн зайд байлгахаар холбогдох норм, дүрмүүдэд тодорхой заасан байдаг. Гэвч норм, дүрмийг биелүүлэхгүй, зөрчил давтагдсаар байгаа нь эрсдэлд хүргэж болзошгүй.
Тухайлбал Сүхбаатар дүүрэгт байрлах ШТС-ын хажууд барилгын ажил үргэлжилж байгаа нь эдэлбэр газраас 25 метр зайд байрлах норм, дүрмийг хангахгүй байна. Уг зөрчлийг холбогдох зөвшөөрөл өгч буй байгууллагуудад хүргүүлж, шалгалтын ажил үргэлжилж байна” гэлээ.
Шалгалтын хүрээнд шатахуун түгээх станц, хийгээр цэнэглэх станцын үйл ажиллагаанаас үүдэн зарим норм, дүрэмд өөрчлөлт оруулах саналыг холбогдох газруудад хүргүүлжээ.
Иргэдийн болон орчны аюулгүй байдлыг хангах зорилгоор аж ахуйн нэгж, байгууллагууд холбогдох норм, дүрмээ баримтлахыг анхааруулав.
Эх сурвалж: НЗДТГ-ын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!