Уншиж байна ...

Б.Найрамдал: Автомашин хийгээр цэнэглэдэг 30 гаруй станц газ хадгалах саваа ил байрлуулсан байснаас тав нь зөрчлөө арилгалаа

Д.Янжиндулам, ikon.mn
2024 оны 12 сарын 11
iKon.MN
Зураг зураг

Нийслэлийн хэмжээнд автомашин хийгээр цэнэглэх 57 станц үйл ажиллагаа явуулдгаас 33 нь буюу 57 хувийнх нь шингэрүүлсэн шатдаг хий хадгалах сав ил байрладаг байна. Тиймээс ил байрлаж буй хийн савыг далд байрлуулах шаардлага хүргүүлжээ.

Энэ талаар НХШГ-ын Дэд бүтцийн стандарт, хяналтын хэлтcийн дарга Б.Найрамдал "Нийслэлийн нутаг дэвсгэрт 57 байршилд байдаг автомашин хийгээр цэнэглэх станцад шалгалт хийсэн.

Шалгалтаар автомашин хийгээр цэнэглэх станцын 30 гаруй нь газ хадгалах сав ил байрлуулсан зөрчил илэрсэн. Ил байгаа газын савыг газар доор далд байлгах албан даалгаврыг ААН, байгууллагуудад өнгөрсөн долоо хоногт хүргүүлсэн юм.

Хүргүүлсэн шаардлагын биелэлтийг шалгахад өнөөдрийн байдлаар автомашин хийгээр цэнэглэх таван станц газ хадгалах саваа газар доор байршуулсан байна. Ирэх онд энэ ажил үргэлжилж, үлдсэн савуудыг далд хийлгэх ажлыг зохион байгуулна.

Мөн газ хадгалах савыг далд байрлуулах норм стандартад өөрчлөлт оруулахаар холбогдох байгууллагуудад хүргүүллээ" гэж мэдээллээ.

Тус газраас өнөөдөр Чингилтэй дүүргийн 7 дугаар хороо, Телевизийн хуучин эцэст байрлах “Дашваанжил” ХХК-ийн автомашин хийгээр цэнэглэх станцад гүйцэтгэлийн хяналт шалгалтыг хийжээ.