2019/11/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,705.69₮
B30
УЛААНБААТАР
-7°
|
-17°
B30
УЛААНБААТАР
-2°
|
-13°
B30
УЛААНБААТАР
-12°
|
-15°
23:00
S26
-15°
00:00
S26
-14°
01:00
S29
-14°
02:00
S29
-14°
03:00
S29
-14°
04:00
S29
-14°
05:00
S31
-14°
06:00
S31
-15°
07:00
S31
-15°
08:00
S31
-15°
09:00
S32
-13°
10:00
S32
-11°
Энэ мэдээ хуучирсан буюу 2016/05/04 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

Он цагийн их урсгал- Өчигдөр, өнөөдөр

ikon.mn
2016 оны 5 сарын 4
Засгийн газрын мэдээ

Манай сэтгүүл зүйд нэвтрээгүй боловч хааяа нэг телевизийн аль нэг сувгаар өнөөдөр түүхэнд юу тохиосон билээ хэмээн “тэр хүн төрсөн”, “тийм явдал болсон” гэхчлэн ганц нэг мэдээлэх нь бий. Харин Оросын телевизийн сувгуудын “Утро” нэвтрүүлгээр бол олон жил тэгж мэдээлээд хэвшчихсэн.

Өглөөдөө тийм мэдээлэл авчихад хэрэг болох нь бий. Тогтмол үзээд байхаар түүвдээ дасчих шиг болдогсон. Тийм нэг уламжлалыг Монголын сэтгүүл зүйд хэвшүүлье гэх санаа хаа нэгтээ төрсөн байж болно.

Ганц нэг нөхөд маань дэмжиж шавдуулсан тул доорх нийтлэлийг яаж ийгээд босгоод толилуулж байгаа маань энэ буюу.

Яг өнөөдөр бол Германы их философич, коммунизмын онолын үндсийг тавигч Карл Марксын (1818 оных) хорвоод мэндэлсэн өдөр. Хэдийгээр Карл Маркс XX зууныг үзээгүй боловч чухам энэ эриний түүхийг урьдчилан бичиж өгсөн суут сартваахи билээ. XX зууны хүн ардын сэтгэл оюунд Карл Маркс шиг лут ихээр нөлөөлж чадсан суутан нэгээхэн ч үгүй.

Хэдийгээр түүний сургаал нь хүн ардын оюун ухааныг бишрүүлэх увдистай ч дараагийнхаа зууны дэлхийн хамгийн том хоёр гүрэн болох Орос, Хятад болон тэдний олон олон дагуул орнонд нь (Монгол дээгүүр бичигдэнэ) албан ёсны суртал болж чадсан юм.

Хамгийн үнэнч гурван марксистаар Ленин, Сталин, Мао Зэдун нарыг нэрлэдэг ба тэднээр дамжин Марксын аугаа сургаал -Марксизм нь хүн төрөлхтний хувь заяанд түүхэн өөрчлөлт оруулан, XX зууны түүхийг тодорхойлсон билээ.

Харин XXI зуунд Маркст орон зай байхгүй болсон мэт. Ганц Кубад л энэ талаар ярьдаг хэлдэг, номлодог болоо шив. Ямартай ч энэ суутны 200 жилийг хоёр жилийн дараа эрхбиш тэмдэглэх нь лав.

Он цагийн урсгалд “чацуутан” гэх сүрэг хүн жагсаж таарна.

Он цагийн урсгалд “чацуутан” гэх сүрэг хүн жагсаж таарна. Марксын чацуутан бөгөөд энэ ертөнцийн суутнуудыг нэрлэж баршгүй л дээ.

1652 оны яг энэ өдөр Оросын цэргийн зүтгэлтэн, дипломатч, генерал-фельдмаршал, Оросын анхны граф Борис Петрович Шереметев төржээ. Оросын түүхнээ энэ хүн үүрд мөнхөрсөн. Учир нь нэгдүгээр Петр хааныг алдаршуулсан ганц хүн нь энэ хүн. Петрийн үеийн бүх дайныг энэ хүн оройлон командалжээ. Мянганы цэргийн нэрт жанжнууд гэх ангилалд яах аргагүй орно.

Нийтийн танил гэдгээр нь, эсвэл улстөрч гэж түүхнээ орсноор бол маргааш (тавдугаар сарын 4) ойг нь тэмдэглэх Оросын улс төрийн нэрт зүтгэлтэн, Түр Засгийн газрын дарга Александр Керенский (1881 он) байна. Тэрээр Оросын түүхнээ тун бага орон зай үлдээсэн боловч хожим бүрнээ цагаадаад хүндтэй байр эзлэхийг хэн байг гэх билээ. Хожмын улстөрч гэвэл Японы улстөрч, Ерөнхий сайд асан Какуэй Танака (1918 он), Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарак (1928 он) нар төрсөн байдаг юм билээ.

Улс төрөөс тойроод өөр салбарынхныг нэрлэе. Маргааш ойг нь тэмдэглэх гэж буй гэдгээр Германы аж үйлдвэрийн магнат, “Опель” машиныг бүтээгч Фриц фон Опель (1899 он), Хорватын уран барималч бөгөөд Нью-Йорк дахь НҮБ-ын байрны өмнөх Энх тайвны хөшөөг урласан Антун Августинчич (1900 он), Британийн алдарт жүжигчин Одри Хепбёрн (1929 он), Зөвлөлт ба Оросын нэрт дирижёр, төгөлдөр хуурч Геннадий Рождественский (1931 он), “Тогоруун цуваа” кино-ны аугаа дүр бүтээгч Татьяна Самойлова (1934 он) гээд нэг хуудас дүүрэн жагсаалт бичигдэхээр байна.

Эдүгээ нас сүүдэр 60-ыг зооглож буй, алдаршаад нэвтэрхий тольд орсноос Америкийн кино найруулагч Стив Бэррон, пoп дуучин Пиа Задора, зохиолч Дэвид Гатерсон, Германы атлетикч Ульрих Мэйфарт, Америкийн бейсболч Кен Оберкфел нар байна.

Давхцал үйл явдал гэвэл бичигдэх түүхэн тохиол зөн дөө байх юм. Лав өчигдөр Нидерландад Эргэн дурсахуй өдөр гээд тэмдэглэсэн, тэгж тэмдэглэж байхтай би тэнд 1994 онд суралцаж байхдаа таарсан юмдаг. Хятадад 1919 оны “Тавдугаар сарын 4-ний хөдөлгөөн” өрнөж байсныг тэмдэглэн “Залуучуудын өдөр” болгожээ.

Маргааш АНУ-ын Род-Айленд муж улс тусгаар тогтнолоо тэмдэглэдэг. Латвид тусгаар тогтнолоо тунхагласны, Японд мидоринохи буюу ургамлын, Тонгад Ханхүүгийн, Канадад тэнгисийн цэргийн флотын, Олон улсын хэмжээнд Гал сөнөөгчдийн өдөр гээд баярууд тохиодог. Маргааш, тавдугаар сарын 4-нд мэндлэгсдэд зориулж хайрлах нэр ч гэж христосын шашинд буй.

Католикийн ёсонд энэ өдөр төрсөн бол Моника, Флориан, Сеферино, харин үнэн алдартнууд Александр, Алексей, Денис, Кондрат, Максим, Николай, Фёдор, Яков хэмээх нэр залах жаягтай юм гэнэ. Тавдугаар сарын 5-нд төрсөн бол католикчууд Ангел, Жудит, Екатерина, Игнатий, Хилари, Ютта, Эдмунд, үнэн алдартнууд нь Варфоломей, Виталий, Всеволод, Гавриил, Дмитрий, Евстафий, Климент, Лука, Платон, Нафанаил, Неарх, Феодор гэхчлэн нэр зална.

Тавдугаар сарын 4-нд түүхнээ тохиосон тэмдэглэлт үйл явдлууд. Түүхийн ном зохиолоор бол энэ өдөр лав 1715 онд хүн төрөлхтөн анх удаа эвхдэг шүхэр (зонтик) бүтээсэн байдаг ба английн астрономч Вильям Гершель 1783 онд Саран дээр улаан гэрэл гялсхийхийг дуранджээ.

1896 онд Лондонд “Daily Mail” сонины анхны дугаар хэвлэгдэж, 1910 онд Британид Хенри Ройс, Чарльз Роллс нар “Роллс Ройс” хэмээх алдартай машинаа бүтээж, мөн тэр өдөр Петербург хотноо эмэгтэйчүүдийг худалдаалахын эсрэг Бүх Оросын Их хурал хуралдаж байжээ.

1924 оны мөн тэр өдөр Парист Олимпийн VIII наадам эхэлж, мөн Францад Э.Эмишен гэгч нисдэг тэрэг бүтээн, анхны нислэгээ хийж, 1927 онд АНУ-д Кино урлагийн академиас “Оскар”-ын лут шагналыг буй болгожээ. 1935 оны эл өдөр Сталинаас “Кадрууд бүхнийг шийднэ!” хэмээх террорист афоризмаа (аллагын) хэлсэн байдаг. 

Түүхэн ном кинонд үзүүлдгээр бол 1945 оны тавдугаар сарын 4-нд ялагдсан Рейхийн Вермахтын гарамгай жанжин фелдмаршал Федор Фон Бок амиа хорложээ. Урлагийн төрлөөр авч үзвэл 1964 оны өчигдөр Бирмингем хотноо “Moody Blues” хэмээх рок хамтлагийн тоглолт болж, 1974 оны мөн тэр өдөр алдарт “ABBA” хамтлаг “Waterloo” дуугаараа АНУ-д шалгарч, 1976 онд “Kiss” хамтлаг анхны тоглолтоо хийж байжээ.

1979 оны тавдугаар сарын 4-нд Их Британийн түүхнээ анх удаа эмэгтэй хүн, хатагтай Маргарет Тэтчер Ерөнхий сайд болж байв. 1988 оны мөн тэр өдөр коммунизм нурахын анхны бэлгэдэл болгож “Пепси-Кола” Зөвлөлтийн төв телевизээр сурталчлагдаж, 1994 оны мөн тэр өдөр Европын парламент Финланд, Норвеги, Австри, Шведийг Европын Холбоонд элсүүлэх санал хураалт явуулжээ гэсхийгээд үйл явдлын товчооныг дуусгая.

1980 оны тавдугаар сарын 4-нд Югославын төр намын удирдагч Иосип Броз Тито хорвоогоос хальсан нь түүхэн үйл явдал мөнөөсөө мөн. Бараг л бүх дэлхийгээрээ гашуудав уу гэлтэй сүртэй оршуулгад нь дэлхийн 126 орны төлөөлөгчид очиж оролцсоны дотор 36 улсын Ерөнхийлөгч, таван хаан, долоон дэд ерөнхийлөгч, 10 Ерөнхий сайд, Гадаад хэргийн 11 сайд, улс төрийн 68 намын дарга нар цугларсан байв. Гашуудлын цуглааны индэрт Л.Брежнев, Ж.Картер, Ким Ир Сен, Хуа Гофэн, Батмөнх, Сухарто, Индира Ганди гээд бидний танил, улс төрийн гарамгай зүтгэлтэн, удирдагчид зэрэгцэн зогсож байв шүү дээ.

Тэгвэл тавдугаар сарын 3-нд бу юу өнөөдөр хэн гээч лут хүмүүс ойгоо тэмдэглүүлсэн бэ гэвэл Италийн төрийн зүтгэлтэн, их сэтгэгч Никколо Макиавелли (1469 он), Зөвлөлтийн нэрт зохиолч роман туурвигч Михаил Булгаков (1891 он), 1969-1974 оны Израилийн Ерөнхий сайд, хатагтай Голда Меир (1898 он) гээд нийтээрээ мэдэх таних гуравхан суутныг энд дурдаж болох ба ийм жагсаалт бас хөвөрч өгнө.

Тавдугаар сарын 5-нд түүхнээ тохиосон гоц үйл явдлуудаас гэвэл 1949 оны энэ өдөр Лондонд Европын Зөвлөлийн дүрэмд гарын үсэг зурснаар Страсбург хот Европын нэгэн нийслэлээр тодорч, эдүгээ хүртэл энэ өдрийг “Европын өдөр” хэмээн тэмдэглэж иржээ. 1951 оны энэ өдөр мэдээллийн эриний хөгжлийн түүхийн алтан хуудсыг нээсэн өдөр бөгөөд PC тоглоход зориулсан анхны компьютер Их Британид бүтээгджээ.

Тавдугаар сарын 5-ны тэмдэглэлт өдрүүд: Дани, Нндерланд, Этиопт чөлөөлөгдсөн өдөр, Кыргызэд Үндсэн хуулийн баярын өдөр, Австрид Хүчирхийлэл, арьсны үзлийг эсэргүүцэх өдөр, Тайлавдад Хаан ширээнээ заларсан өдөр, Япон, Өмнөд Солонгост Хүүхдийн өдөр хэмээх ажээ.

Д.Баярхүү Олон улсын харилцааны түүхч

x