Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2016/04/29-НД НИЙТЛЭГДСЭН

МОНГОЛЧУУД ЦУВРАЛ: Үндэсний худалдааг бий болгов

МОНСУДАР
2016 оны 4 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Энэ удаа уншигч та бүхэндээ зориулан “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь (1924-1959)” номоос Монголын удирдагчид улс орныхоо эдийн засгийг хөгжүүлэх дараагийн алхам хэмээн авч үзсэн худалдааны хоршооны тухай танилцуулах болно.

Уг номыг Монсудар хэвлэлийн газраас эрхлэн гаргасан бөгөөд  “Монголчууд” хэмээх зурагт түүхийн цувралын III боть юм. Энэ номын гол онцлог нь монголчууд суурин иргэншилд хөлж тавьж, нийгмийг бүтээн байгуулсан түүхэн чухал үеийг сонирхолтой гэрэл зургаар өгүүлсэн явдал юм.


Дэлхийд хамгийн анх Англичууд эд хэрэглэгчдийн хоршоо байгуулж байжээ. Иймээс Англи улсыг толь болгох ёстой хэмээн тууштай итгэдэг, үүнийгээ байнга сурталчилдаг ерөнхий сайд Д.Бодоо, Д.Чагдаржав нар худалдааны хоршоо байгуулах санаачилга гаргаж байв. 

1917 онд Д.Чагдаржав, гүн Цэдэвсүрэн тэргүүтэй 17 хүн хөрөнгө нийлүүлж гадаадаас бараа авчирч борлуулан ашиг олох зорилгоор Хоршооны хэлтэс байгуулах зөвшөөрлийг Сангийн яамаар уламжлан Богд хаанд айлтган зөвшөөрүүлсэн боловч уг хэлтсийг байгуулж чадаагүй байдаг.

Иймд Д.Бодоо, Д.Чагдаржав нарыг санаачилсныг Сангийн яамны тэргүүн сайд С.Данзан ба бусад хүмүүс дэмжиж, 1921 оны аравдугаар сарын 26- нд Сангийн яаманд Хоршооны хэлтэс байгуулж үүний дараа уул хэлтсийг бие даасан тусгай газар болгохоор Засгийн газраас шийдвэрлэв. 

1921 оны арваннэгдүгээр сарын 2-нд Д.Бодоо, Д.Пунцагдорж, Х.Чойбалсан, С.Жамьян, Магсархурц, Г.Навааннамжил нар Богд хаанд айлтгал өргөж “Худалдааны хоршоо байгуулан олны хэрэглэгдэхүүнд түргэн тус болох явдлыг”* айлтгасанд “уг ёсоор болгогтун” хэмээн зарлиг буулгаснаар Монгол ардын харилцан туслалцах хоршоо (МАХТХ) байгуулагдаж даргаар нь Д.Чагдаржавыг сонгожээ.

Д.Чагдаржав 1921 оны дөрөвдүгээр сараас аравдугаар сарын эхэн хүртэл Ардын түр засгийн газрын шийдвэрээр Хөвсгөлийн Дархад, Урианхай, Тагнын урианхайд төлөөлөгчөөр ажиллахдаа эдгээр нутагт байсан Хаант Оросын пүүсүүдийн орхиж явсан зарим бараа, цуглуулсан бугын эвэр, эмийн ургамал, ангийн үс, бага хэмжээний металл мөнгө, хятад янчиан, орос рублийг олж авснаа Нийслэл хүрээнд авчирч Сангийн яаманд тушаасныг Засгийн газрын шийдвэрээр МАХТХ-нд эхлэл хөрөнгө болгон шилжүүлжээ. 

МАХТХ нь Монголын ард түмнийг гүйлгээний хүрээнд хоршоолох гараа болж, бүх ард түмний өдөр тутмын буюу байнгын хэрэгцээг хангахад зохих үүрэг гүйцэтгэж эхэлсэн юм. Тус хоршооны бодлого зорилтыг “амь зуулгаа дээшлүүлье, аж байдлаа сайжруулъя хэмээсэн ямар ч хүн МАХТХ-нд эд хөрөнгө, цэвэр цагаан мөнгө, мал болон Оросын рубль, хятад янчиан, Английн фунт стрелинг, Америк, Мексикийн доллараар хувь нийлүүлэн элсэж болно. 

Хувь оруулсан хөрөнгийнхөө хэмжээгээр жилийн эцэст тодорхой хэмжээний ашиг хүртэж болно” хэмээн олон нийтэд сурталчилж байлаа. Үүний үр дүнд ганцхан сарын дотор МАХТХ-нд Нийслэл хүрээнээс 27 хүн 3,230 лан, 4 пун мөнгөөр, Маймаа хотын 17 хүн 130 лан мөнгө тус тус хувь нийлүүлэн элссэний дотор Богд хаан хатантайгаа 5,000 янчианаар хувь нийлүүлж элсжээ.

МАХТХ-ны үйл ажиллагаа 1921-1922 онд нэлээд цэгцэрч улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь түргэн өсөж байлаа. 

Мөн Ерөнхий сайд Д.Бодоо, сайд Пунцагдорж, С.Данзан, Д.Сүхбаатар, Магсар хурц нараас гадна яамдын дэд сайд, эрхэлсэн түшмэд, эгэл ард, малчин, лам хувраг, Орос, Хятад зэрэг 113 хүн хоршооны гишүүн болж тэдний хувь нийлүүлсэн хөрөнгө нь 1,300 мексик доллар болжээ.

МАХТХ нь Хятад ба бусад орны худалдаачдаас огт өөр байдлаар худалдаа гүйлгээ хийх болно гэдгээ тун оновчтой байдлаар өргөн олонд сурталчилжээ. Тухайлбал тус хоршоо нь ямар ч барааг зээлээр борлуулахгүй боловч хятад янчиан, мексик доллар, червонец, рубль, металл мөнгө, Монголын Засгийн газраас 1921 оны тавдугаар сард гаргасан “Бага болзоот” болон мал, түүхий эдийн алинаар нь ч худалдана. 

Мөн МАХТХ-нд тодорхой хэмжээний зүйлээр тухайлбал мөнгөн тэмдэгт, мал, түүхий эдээр хувь нийлүүлж элсээд хоршооны жилийн турш хуримтлуулсан цэвэр ашгаас гишүүний хувь хүртэж болно гэх зэргээр үйл ажиллагаагаа сайтар сурталчилснаар нийгмийн янз бүрийн давхрааны хүмүүс хоршоонд хувь нийлүүлэх болж, МАХТХ-ны нэр хүнд түргэн өссөн байна. МАХТХ-ны үйл ажиллагаа 1921-1922 онд нэлээд цэгцэрч улс орны эдийн засагт гүйцэтгэх үүрэг нь түргэн өсөж байлаа. 

Жишээлбэл 1923 онд МАХТХ улсын нийт бараа эргэлтэд 4 хүрэхгүй хувь эзэлж байсан бол 1925 онд 24.9% болж, 1926 онд МАХТХ дотооддоо 26, Бээжин, Тянжин, Москва, Дээд -Үдэд салбартай болж, бэлтгэсэн ноос түүхий эд ангийн үсээ экспортлох, янз бүрийн бараа бүтээгдэхүүнийг импортлох ажлыг хариуцаж байв.

Мөн худалдаанаас гадна ноос угаах газар 14, өлөн гэдэсний 9 заводтой болж орон нутгаар явж өргөн хэрэгцээний зүйл, худалдан борлуулах ба түүхий эд, ангийн үс, эмийн ургамал, бугын эвэр цуглуулж байлаа. 

МАХТХ бараа бүтээгдэхүүнийг борлуулахдаа 1921-1924 онд гол төлөв мал, түүхий эд бусад эд зүйлээр үнэ дүйцүүлж солилцохоос гадна Орос, Хятад, Мексик доллараар ч худалдаа хийж байв.

Гэвч 1925 онд үндэсний мөнгөн төгрөг гүйлгээнд гарснаар зөвхөн төгрөг, цэвэр цагаан мөнгө, мал, түүхий эд бусад зүйлээр худалдаа хийж бусад улсын мөнгөн тэмдэгтээс татгалзах болжээ.

Цаашид МАХТХ-ны үйл ажиллагааны цар хүрээ өргөжиж, худалдаанаас гадна гар урчуудыг нэгтгэн оёмол бүтээгдэхүүн, гэр ахуйн бараа үйлдвэрлэх болов.

 

Зургийн тайлбар: Улсын доторх худалдаа өргөжснөөр айл өрхийн гүнгэрваатай бурхан, судрын шогол зэрэг нь цаг, радио, утсан болон хөөргөн хөгжмөөр солигдож эхлэв.

 

Зургийн тайлбар: Малчид, тариаланчид, отрын нүүдэлчин, тууварчдад явуулын авто мухлагаар үйлчилж хэрэгцээт бараагаар хангаж байв.

 

Зургийн тайлбар: Хувьсгалаас өмнө Нийслэл хүрээ, Улиастай, Ховдын хязгаар, Сэлэнгэд удаан хугацаагаар суурьшсан цагаач иргэд олон байв.

Эх сурвалж: “Монголчууд нийгэм журамд давшин орсон нь”