Монгол Улс НҮБ-ын Уур Амьсгал Өөрчлөлтийн Суурь Конвенцын оролцогч орны хувьд НҮБ-ын UN-REDD хөтөлбөрийн түнш орон болж улмаар 2012 онд REDD+ хөтөлбөрт хамрагдан “Үндэсний олон зорилтот ойн тооллого”-ыг хэрэгжүүлж ирсэн билээ. Монгол Улс ХБНГУ хамтран манай улсын ойн хүлэмжийн хийн шингээлт, ялгаруулалтыг олон улсын шаардлагад нийцсэн арга аргачлалаар тодорхойлсон байна. Төсөл хэрэгжүүлэгч байгууллагаар Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг, төслийн хамтран хэрэгжүүлэгч байгууллагаар Монгол Улсын Байгаль Орчин, Ногоон Хөгжлийн Яам ажиллаж байгаа юм .Өчигдөр уг тооллогын үр дүнгийн талаар БОНХАЖЯ болон Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг хамтарсан мэдээлэл хийлээ. Төслийн хэрэгжилтийн талаар БОНХАЖЯ-ны Ойн нөөцийн судалгаа, ашиглалтын албаны мэргэжилтэн Х.Мичидээс тодруулга авлаа.
-Үндэсний ойн тооллогын зорилгын талаар тайлбарлаач?
-Өнөөдөр бид 2013-2015 он хүртэл хийсэн статистик судалгааг танилцуулж байна. Манай орон байгалийнхаа баялгийг зөв зохистой ашиглахын тулд модыг хэрхэн зарцуулдаг вэ, банз дүнзийг хэрхэн бэлтгэдэг вэ, хүлэмжийн хий гэж юу вэ гэдгийг мэддэг байх ёстой.
Уг тооллогоор ганц ойгоо тоолохгүй, биологийн төрөл, амьтан зэрэг ойд байгаа бүхий л зүйлийг тоолохыг зорьсон. Монгол Улсын ойн модны нөөцийг нийт хүн амынх тоотой харьцуулж үзвэл хангалттай хүрэлцэж байгаа гэсэн дүгнэлтэд хүрсэн. Хамгийн гол нь зөв зохистой ашиглах юм. 2012 оноос хойш хоёр улсын хамтран хэрэгжүүлж байгаа REDD+ төслийн тусламжтай энэ судалгааг хийж байна.
-“REDD+” хөтөлбөрийн талаар мэдээлэл өгнө үү?
-“REDD” гэдэг нь Ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах гэсэн утга санааг илэрхийлнэ. “UN-REDD” хөтөлбөр нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлоос үүдэлтэй хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах НҮБ-ын хамтын ажиллагааны санаачилга манай улсад хэрэгжиж байна.
Ойгоос гадна ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч юм.
Зорилго нь хөгжиж буй орнуудад ойн хомсдол, доройтлыг бууруулах юм. REDD+ хөтөлбөрийг хэрэгжүүлснээр ойн доройтлыг хамгаалах ажил явагдаж байна.
-Хүлэмжийн хийн талаар манай уншигчдад тодорхой мэдээлэл өгөөч?
-Агаар мандалд хөөрч, тодорхой хугацаанд задарч алга бололгүй оршдог, нарнаас ирэх энергийг нэвтрүүлэлгүйгээр дэлхийн гадаргад буцааж ойлгон шингээдэг, улмаар дэлхийн температурыг нэмэгдүүлж буй химийн бодис, нэгдлүүдийг хүлэмжийн хий гэдэг. Өөрөөр хэлбэл, дэлхийн дулаарлын гол буруутан нь үйлдвэрлэлээс ялгарч буй хүлэмжийн хийн бохирдуулагч бодисууд юм.
-Хүлэмжийн хийг хамгийн их шингээдэг зүйл нь ой юм уу?
-Тийм. Ойгоос гадна ургамал, далай, хөрс нь хүлэмжийн хийг шингээгч юм. Тиймээс ой, ургамлыг устгавал хүлэмжийн хийн ялгарлыг ихэсгэж байна гэсэн үг. Тиймээс ялгаруулалтыг багасгах хэрэгтэй. Ой, ургамал жилийн турш 450-650 тэрбум тонн хүлэмжийн хийг шингээн авдаг гэсэн олон улсын байгууллагаас гаргасан тоо байдаг. Үүний 80 хувийг ой шингээдэг. Ийм учраас л ойн доройтлыг бууруулснаар хүлэмжийн хийг барьж чадах юм. Дулаарлыг ч зогсоож чадна. Дулаарлыг зогсоовол экологийн тэнцвэр хадгалагдана.
-Ойн санд юу юуг багтаадаг бол?
-Хэвийн өсөлттэй ой, ямар нэг байдлаар түймэрт өртөж, хортонд идэгдэж, огтлогдсон, эсвэл уул уурхайн ашиглалтаас үүдэлтэй доройтолд орсон талбай, ойн цоорхой, гол мөрний дагуух бургасан шугуй, бут сөөг энэ бүгд нийлж байж ойн санг бүрдүүлдэг.
-Монгол Улсын ойн сангийн судалгааг хэрхэн хийсэн бэ?
- Өнөөдрийн хурлаар Монгол Улсын ойн санг ЛАНДСАТ 8 ТМ хиймэл дагуулийн тусламжтай өндөр нарийвчлан үзэж нийт ойн санг 4,211 цэг болгон хувааж үзэн цэг бүр дээр гурван дээж авах талбай байгуулсан. Дээж талбайгаас цугларсан нийт материалыг боловсруулж Монгол Улсын ойн сан хүлэмжийн хийг хэр хэмжээнд шингээж байгаа, хүчилтөрөгчийн хийг хэрхэн ялгаруулж байгаа вэ зэргийг судлан үзэж байна.
Ойн тооллогоор нийт 4,211 багц цэгийн 12,633 дээж талбайд тооллогын ажил гүйцэтгэхээс оны эцсийн байдлаар 4,189 багцын 22 газраар зорчих боломжгүй, цаг хугацааны хувьд шахуу байлаа. Одоо нэгдсэн дүнг гаргаж дэлхий нийтэд тайлагнах ажил л үлдэж байна.
-Судалгааны явцад гарсан ойн тооллогын тоон мэдээллийг хүргэж болох уу?
-Одоогийн байдлаар ойн тооллогын ажил дуусаагүй байгаа болохоор ямарваа нэгэн нэгдсэн тоо баримт өгөх боломжгүй байна. 2016 оны эхний хагаст багтаан судалгааны нэгдсэн дүнг өгөхөөр ажиллаж байна.
Монгол Улс газар нутгийнхаа хэмжээнд харьцуулж үзвэл нийт газар нутгийн 7.7 хувь нь ой сав газар эзэлж байна. Харин хүн амынхаа тоонд харьцуулж үзвэл зөв зохистой хэрэглэвэл хангалттай байгалийн нөөц баялаг байгаа гэсэн судалгаа гарсан.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!