ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/30-НД НИЙТЛЭГДСЭН

"Нууцаар оруулж ирсэн бараа, бүтээгдэхүүнээ ил болговол оногдох татварын дүнгээс ч чөлөөлнө"

Г.Номин, iKon.mn
2015 оны 10 сарын 30
iKon.MN
Зураг зураг

Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хэрэгжилтийн талаар ГЕГ-ын ажилтан Б.Батбямбатай ярилцлаа.

-Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд иргэд ямар асуудлаар гаалийн байгууллагад хандах вэ?

-Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд иргэд, аж ахуйн нэгжүүд  хоёр үндсэн асуудлаар Гаалийн байгууллагад хандах боломжтой.

Нэгдүгээрт, Хилээр нэвтрэхдээ гаальд мэдүүлэх ёстой бараа, тээврийн хэрэгслээ огт мэдүүлээгүй

Хоёрдугаарт, Буруу мэдүүлсэн /Буруу мэдээлсэн гэдэгт барааныхаа үнийн дүн,жин тоо хэмжээ, ангилалын код, зориулалтыг буруу мэдүүлснийг хамруулна. /

Эдгээр зөрчлүүд нь практикаас харахад татвар бага төлөх зорилготой байдаг.  

Энэ хуулийн хүрээнд Гаалийн байгууллага нь хувь хүн, хуулийн этгээдэд огт мэдүүлээгүй бараагаа нөхөж мэдүүлж тэр хөрөнгөө ил болгох болон буруу мэдээлсэн барааныхаа мэдээллийг залруулж, зөв болгох боломжийг олгож байгаа.

 

-Хилээр нэвтрүүлсэн бараа бүтээгдэхүүнээ огт мэдүүлээгүй болон буруу мэдүүлсэн иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцдог вэ?

-Хуулийн дагуу гаальд бараагаа үнэн зөв мэдүүлээгүй буюу худалдааны луйвар хийсэн тохиолдолд тухайн барааны үнийн дүн, хориглосон, хязгаарласан бараа мөн эсэхийг харгалзан үзээд авах арга хэмжээ өөр өөр.

Мэдээж хэрэг хориглосон бараа буюу хар тамхи мансууруулах бодис оруулж ирсэн тохиолдолд шууд гэмт хэрэгт тооцно.  Бусад хориглосон, хязгаарласан бараа бол үнийн дүн нь Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээтэй тэнцүү буюу түүнээс их тохиолдолд эрүүгийн хариуцлагад татдаг. Бусад барааны хувьд үнийн дүн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 125 дахин их ба түүнээс дээш тохиолдолд эрүүгийн хариуцлага яригдана.

Зарим гаалийн зөрчилд хамаарах бараа, тээврийн хэрэгслийг хураах эсхүл үнийн дүнтэй тэнцэх хэмжээний торгууль ногдуулах, төлөөгүй буюу дутуу төлсөн татварыг нөхөн төлүүлэх арга хэмжээ авдаг.  Нөхөн төлүүлж байгаа татварын 30 хувьтай тэнцэх хэмжээний торгууль ногдуулах хариуцлага хүлээлгэдэг зэрэг хуулийн заалтууд байгаа. 

 

-Гаалийн орлого бүрдүүлэлтэд аж ахуйн нэгжүүдийн огт мэдүүлээгүй, буруу мэдүүлж оруулж ирсэн бараа бүтээгдэхүүний нөхөн төлбөр, торгууль ямар нөлөө үзүүлдэг вэ?

 Гаалийн байгууллагын нийт орлогын 95 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс авсан татвараас  төвлөрдөг.

-Бараа бүтээгдэхүүнийг буруу мэдүүлэх, огт мэдүүлэхгүй байх нь гаалийн татварын орлогод яаж нөлөөлөхийг тооцох амаргүй. Энд олон эх сурвалжийн мэдээлэл хэрэгтэй. Өнгөрсөн жилүүдийн гаалийн зөрчлийн мэдээнээс хараад үзэхэд  зөрчилд холбогдсон иргэдтэй холбоотойгоор нөхөн төлүүлж байгаа төлбөр торгуулийн дүн гаалийн татварын орлогын 1 хувьд ч хүрдэггүй. Эндээс харах юм бол илэрсэн илрээгүй нийт зөрчлийн дүнд тавигдсан болон тавигдах нөхөн төлбөр, торгууль нь  гаалийн орлогод сөргөөр нөлөөлөх хүчин зүйл мөн боловч, нийт орлогод эзлэх хувь маш бага гэдгийг хэлмээр байна. Энэ нь 2008 онд гарсан эдийн засгийн өршөөлийн хуулийн үр дүнд ил болсон хөрөнгө орлогын мэдээллээс ч харагддаг.

Ер нь гаалийн байгууллагын нийт орлогын 95 хувь импортын бараа бүтээгдэхүүнээс авсан татвараас  төвлөрдөг. Татвартай импорт өнгөрсөн оны мөн үеийнхээс 25 хувиар буурсан байгаа бөгөөд энэ нь гаалийн орлого буурахад гол нөлөө үзүүлж байна. 

Гаалийн байгууллагаас улсад төвлөрүүлж байгаа орлого нь дараах орлогоос бүрддэг. Үүнд

  • Татварын орлого /Татварын орлогын 45-46 орчим хувийг НӨАТ, 23 орчим хувийг Гаалийн албан татвар эзэлдэг. Мөн Онцгой албан татварын орлого 27-30 хувь болдог /ОАТО-ын 2/3-ийг нефтийн бүтээгдэхүүний импортын татвар бүрдүүлж байгаа/
     
  • Бусад орлого /гаалийн бүрдүүлэлт зэрэг үйлчилгээ аан, иргэдэд үзүүлсний төлөө авч байгаахураамж, бусад төлбөр гэх мэт/

2014 онд гаалийн байгууллага улсын төсөвт  1.9 их наяд төрөг бүрдүүлэх ёстой байснаас 1.5 гаруй их наяд төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөт зорилтынхоо 82 хувийг ханган биелүүлсэн. Харин энэ онд 1 их наяд 816 тэрбум төгрөгийг улсын төсөвт төвлөрүүлэхээс аравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр төлөвлөгөөнийхөө 74-75 орчим хувийг биелүүлээд байна.

 

-Өнөөдрийн байдлаар хэчнээн аж ахуйн нэгж гаалийн байгууллагад хандаж буруу мэдүүлсэн, огт мэдүүлээгүй бараа бүтээгдэхүүнийхээ талаар үнэн зөв мэдээллийг өгөөд байгаа вэ?

- Ер нь бол маш олон иргэд гаалийн байгууллагад хандаж эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд гаалийн байгууллагад ямар асуудлаар хандах, хэрхэн хандах гэх мэт мэдээллүүдийг авч байгаа ч өнөөдрийн байдлаар есөн аж ахуйн нэгж хандаж хөрөнгө орлогоо ил болгон, үнэн зөв мэдээллээ өгөөд байна. Зарим аж ахуйн нэгж хоёр гурван төрлийн бүрдүүлэлт өгч байгаа учраас бүрдүүлэлтийн тоо арай их байгаа. 

 

-2008 онд батлагдсан Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд хэчнээн аж ахуйн нэгж хандаж байсан бэ?

-Тэр үед хэдэн аж ахуйн нэгж хөрөнгө орлогоо ил болгосон нь тухайн хуулиараа нууцлагдсан. Яг тэд байсан гэх мэдээллийг өгөх боломжгүй ч  маш цөөхөн байсан гэдгийг хэлмээр байна.

Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн хүрээнд заасан хугацаанд багтаж хөрөнгө, орлогоо ил болговол дээр миний хэлсэн нөхөн төлбөр, торгууль, эрүүгийн хариуцлагаас нэг удаа чөлөөлөгдөнө.  Түүнчлэн нэгэнт нуугаад оруулаад ирсэн бараа, бүтээгдэхүүнээ ил болговол оногдох татварын дүнгээс ч чөлөөлж байгаа. 

 

-Маш олон иргэд хандаж хуулийн талаар, гаалийн байгууллагад хэрхэн ямар асуудлаар хандах талаар мэдээлэл авч байгаа гэж байна. Сургалт, сурталчилгааны ажлыг хэрхэн зохион байгуулж байгаа вэ?

-Сургалт, сурталчилгааны ажлыг төлөвлөгөөний дагуу тогтмол зохион байгуулж байгаа. 

Улсын хэмжээнд гаальгүй долоон аймаг байдаг. Үлдсэн 14 аймаг дахь гаалийн газар, хороонд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг зохион байгуулах ажилтнууд томилогдон ажиллаж байна. Энэ ажилтнууд  гаалийн байгууллагаар үйлчлүүлж байгаа болон бусад иргэдэд мэдээлэл өгч ажиллаж байгаа.

Мөн Татварын Ерөнхий Газар дээр төвлөрч байгаа сургалт сурталчилгааны ажлын хэсэгт орж ажиллаж байна. Гаалийн байгууллага дээр очих цаг завгүй иргэд Татварын Ерөнхий Газрын iltod.mta.mn, манай байгууллагын www.customs.gov.mn вэб сайт болон 1800-1281 утсаар холбогдож мэдээлэл авах боломжтой.

 

-Хөрөнгө орлогоо ил болгож, огт мэдүүлээгүй болон буруу мэдээллээ залруулахаар хандахдаа ямар бичиг баримтыг бүрдүүлэх шаардлагатай вэ?

- Татварын Ерөнхий Газрын iltod.mta.mn, манай байгууллагын www.customs.gov.mn вэб сайт дээр гаалийн мэдүүлэг бэлтгээд байршуулсан байгаа. Иргэд мэдүүлгийг хэвлэж аваад  нийт 12 асуултаас өөрсдөдөө холбоотой есөн асуултыг бөглөөд гаалийн байгууллагуудад авч ирнэ. 

Энэ мэдүүлэг нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийн хүрээнд ашиглаж байгаа хялбаршуулсан мэдүүлэг. Ер нь бол гаалийн мэдүүлгийн хүснэгт 54 мэдээллийг агуулсан байдаг. Хуулийн хүрээнд иргэд аж ахуйн нэгжүүдэд төөрөгдөл, хүндрэл учруулахгүй байх үүднээс хялбаршуулсан мэдүүлгийг баталсан.

Эсвэл шууд гаалийн байгууллага дээр ирээд хандаж болно. Улаанбаатар хотод Гаалийн Ерөнхий Газар, Улаанбаатар хот дахь гаалийн газар, Улс хоорондын Шуудан илгээмжийн гаалийн газар, Чингис хаан олон улсын нисэх буудал дээрх гаалийн газрууд дээр ирээд хандаж болно. Хөдөө орон нутгийн хувьд хилийн боомт бүхий бүх газруудад гаалийн газар байгаа. Тэнд очоод хандаж болно. Гаалийн газар, хороод байхгүй долоон аймгийн хувьд ойролцоо байрлах аймаг, эсвэл ГЕГ, Улаанбаатар хотын гаалийн газруудад хандах боломжтой. 

 

-Хууль арванхоёрдугаар сарын 31 хүртэл үргэлжлэх учраас иргэд хугацаа байна гээд хойшлуулаад байж магадгүй?

-Зарим иргэд, аж ахуйн нэгжүүд тухайн бараа бүтээгдэхүүнээ хэдэн сарын хэдэнд оруулж ирсэн гэдгээ нотлох боломжгүй байдаг. Тийм тохиолдолд нотлохын тулд шаардлагатай мэдээллүүдийг холбогдох байгууллагаас тодруулах шаардлагатай болдог. Энэ  үйл ажиллагаа нэлээд порцедур, цаг хугацаа шаарддаг учраас оны төгсгөлд цаг тулсан үед ирвэл шийдэгдэж амжихгүй байх магадлалтай. Тиймээс боломжоороо эрт хандаад асуудлаа шийдүүлээрэй гэж хэлмээр байна.

-Ярилцсанд баярлалаа

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
0 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг