Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/10/17-НД НИЙТЛЭГДСЭН

Өөртөө ч, өрөөл бусдад ч эдгээр зүйлсийг битгий хэлээрэй №2

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 10 сарын 17
iKon.MN
Зураг зураг

Энэ удаад та бүхэндээ түрүүчийн нийтлэлийн үргэлжлэл болох өөрийнхөө битгий хэл өрөөлийн  чихэнд ч сонсгомооргүй, хэлмээргүй зүйлсийг хүргэж байна. Уншигч та уншаад мэргэн оюундаа нэгийг тунгаана биз дээ. 

 

БИ МӨРӨӨДЛӨӨ БИЕЛҮҮЛЭХИЙН ТУЛД БҮХНИЙГ МЭДДЭГ БАЙХ ЁСТОЙ

Нэгэн алдарт илтгэгч хэлэхдээ “Амжилтанд хүрэхийн тулд агуу байх шаардлагагүй харин агуу болохын тулд эхлэх хэрэгтэй” хэмээсэн байдаг. Маш олон залуу хүмүүс өнөөдөр өөрийгөө голж, үгүйсгэж, би бэлэн болоогүй гэсэн шалтгаанаар мөрөөдлөө хойш тавин суудаг. Үнэндээ амьдралд хэзээ хаана юу хэрхэн яаж тохиолдох вэ гэдгийг яг таг мэддэг хүн энэ дэлхий дээр байхгүй. Хичнээн нарийн төлөвлөгөө гаргасан байсан ч өөрчлөх шаардлага заавал бий болдог. Гэхдээ хамгийн гол нь эхлэх хэрэгтэй бас төгсгөл цэгээ мэддэг байх хэрэгтэй. Дунд нь танд юу яаж тохиолдох вэ, таны төлөвлөгөө хэрхэн өөрчлөгдөх вэ зэрэг нь тухайн үедээ л болох асуудал. Тэгэхээр өнөөдрөөс яг одооноос мөрөөдлөө биелүүлэх эхний алхмаа шууд хий.

 

НАДАД БУСАД ШИГ ТИЙМ САЙХАН ЗҮЙЛС ЗАЯАГААГҮЙ

Хүн өөрийгөө өөрөөсөө өөр хэнтэй ч харьцуулах ёсгүй. Та өөрийгөө найз Болдоотойгоо бус та өчигдөр хэн байсан бэ, өнөөдөр хэн байна вэ гэдэгтэй л харьцуулах хэрэгтэй.  Цаашилбал хүмүүс би баян айлын хүүхэд болж төрөөгүй, надад боломж байгаагүй, би авъяасгүй гэх мэтчилэн амьдралд өөрийгөө зөвтгөж нөхцөл байдлыг буруутгаж явах нь олонтаа. Харамсалтай буруутгалаа гээд сайжрах юм юу ч үгүй. Ядуу төрөх нь бус, ядуу үхэх нь хүний буруу байдаг гэж нэг үг байдаг. Үнэндээ бидний амьдралд талархах зүйлс маш олон бий. Энэ хорвоод хүн болж төрснөөс эхлээд өглөө бүхэн тантай хамт манддаг алтан нар хүртэл бидэнд маш олон баярлаж талархах зүйлс бий. Олж харах л хэрэгтэй.

 

БИ АРАЙ Л ХЯЛБАР АМЬДРАЛААР АМЬДАРМААР БАЙНА

Хүн гэдэг бол нийгмийн амьтан. Тийм болохоор хүн үргэлж өсч хөгжиж, сурч боловсорч байх ёстой хэрвээ ингэж чадахгүй хүн хэзээ ч тайван аз жаргалтай амьдарч чаддаггүй. Харамсалтай нь  энэ хуулийн эсрэг өөрийгөө сорих бэрхшээл бүхнээс зугтааж амьдрана гэдэг нь зүгээр л өөрөө өөртөө мөнхөд сэтгэл дундуур байх тэр сонголтыг хийж байгаатай ижил. Амар хялбарыг нь бус арай илүү чадвар шаардсан ажлыг барьж авч чаддаг байх нь амжилттай хүмүүсийн хамгийн түрүүнд хийдэг сонголтуудын нэг байдаг.

 

БИ ХЭЗЭЭ Ч УУЧИЛЖ ЧАДАХГҮЙ

Өс хонзон гэдэг бол хоёр иртэй сэлэм л гэсэн үг өөрөөр хэлбэл энэ нь өөрөө хор ууж байж өрөөлийг үхээсэй гэж бодож буйтай нэгэн ижил зүйл. Өнгөрсөн харуусал, өс хонзон, үзэн ядалтыг дотроо тээж явна гэдэг үнэндээ маш хүнд. Хэдий анзаарагддаггүй мэт боловч бидний өдөр тутмын аз жаргал, эрч хүчээс үргэлж хороож байдаг энэ зүйлс бол бидний оюун ухаан сэтгэл санааны паразитууд юм. Уучлах, өршөөх гэдэг мэдээж амар зүйл огтоос биш тийм ч болохоор хамгийн агуу хүмүүс хамгийн энэрэнгүй хүмүүс бас байсан.

 

БИ ГАНЦААРАА

Амьдралд хэн ч өөрийг тань ойлгохгүй мэт, найзуудтайгаа байвч ганцаар мэт санагдах тэр үеүд тохиолддог. Гэхдээ тэд үнэхээр үнэн үү? Эсвэл зүгээр л түр зуурын гуниг, зовлонгоос үүсэн гарч буй гоморхол юм болов уу?гээд нэг бодоод үзээрэй. Ганцаардал гэдэг зүйлийг бид өөрөө өөрсөд дээрээ авчирдаг. Хүн хүссэндээ л ганцаараа байдаг болохоос бус найз нөхөд, хамаатан садан, гэр бүл, бүр тэжээвэр амьтан хүртэл хань болж чадна. Хэдий таны явж буй замыг ойлгодоггүй, ойшоодоггүй, буруутгадаг тэр бүлэг хүмүүс амьдралд тааралдана. Гэвч энэ дэлхий 7 тэрбум хүнтэй гэдгийг та бас битгий мартаарай. Нэг хүн ойлгохгүй байлаа, таныг ганцаардууллаа гэхэд дахиад цаана нь 6,999,999,999 хүн таны мөрөөдлийн талаар хараахан сонсоогүй байгаа гэдгийг танд сануулъя.

Ингээд энэхүү цуврал маань энд хүрээд өндөрлөж байна. Уншигч таныг энэ нийтлэлүүдээс багахан ч гэсэн сэдэл авсан байх гэдэгт найдаж байна. Эцэст нь хэлэхэд амьдралд та өөрийнхөө хамгийн сайн найз бас хамгийн том дайсан байдаг гэдэг нь гарцаагүй үнэн. Гэхдээ уншигч таныг өөрөө өөрийнхөө найз байгаасай гэж миний бие хичээнгүйлэн хүсч байна тэгээд танд амжилт хүсье.

“Хүсэл мөрөөдөл байгаа цагт хүрэх хязгаар тэнгэрт л буй.”

 

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com

 

 

Зураг
14 | 18 | 19 цаг