Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/26-НД НИЙТЛЭГДСЭН

Өөртөө ч, өрөөл бусдад ч эдгээр зүйлсийг битгий хэлээрэй

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 9 сарын 26
iKon.MN
Зураг зураг

“Хүрэх, хүрэхгүйн хязгаарыг хүн зөвхөн оюун ухаандаа хамгийн түрүүнд бий болгодог” гэж нэгэн хүн хэлжээ.

Маш олон хүмүүс амжилтанд хүрч, аз жаргал инээд хөөрөөр бялхсан сайхан амьдралаар амьдрахыг хүсч мөрөөдөж явдаг. Харамсалтай бидний ихэнх нь хэзээ ч тэр зүйлдээ хүрч чадалгүй энэ хорвоог орхин оддог нь нэгэнт батлагдсан зүйл. Яагаад вэ? Амьдралд тулгарах олон олон бэрхшээл сорилтуудтай тулгарахаасаа өмнө бид өөрсдийн хамгийн анхны бөгөөд хамгийн хэцүү дайсантайгаа нүүр учрах болдог. Энэ бол бид өөрсдөө. Хүн өөрөө өөрийнхөө хамгийн сайн найз нь бас хамгийн том дайсан нь байж чаддаг ховорхон чадвартай амьтан. Тэгвэл өнөөдөр аз жаргал, амжилтын тэнгэр нь бүрхэг,  амьдрал нь гундуухан яваа тэр л хүмүүст хандаж хэдхэн зүйлийг хэлэхийг хүслээ. Сум нэгийг онодог ч үг мянгыг онодог гэж нэг сайхан мэргэн үг бий. Үүний адил санамсаргүй болон санаатайгаар, ил болон далдаар ямар нэг байдлаар дараах зүйлсийг та өөртөө болон өөр хэн нэгэнд хэлж байсан бол өнөөдрөөс яг одооноос та дахиж бүү эдгээр зүйлсийг хэлээрэй. Учир нь эдгээр зүйлс асаж буй галруу хүйтэн ус цацах шиг л бүхнийг унтраах чадвартай.

БИ ХАНГАЛТТАЙ САЙН БИШ

Мэдээж хүн өөрийнхөө чадал чансаа, авьяас чадварыг бодитоор үнэлж чаддаг байх хэрэгтэй. Хэдий тийм боловч өөрийгөө бодитоор үнэлэх, өөрийгөө доош нь хийх хоёр нь асар өөр зүйлс. Би чадахгүй байна гэж бодох нэг өөр хэрэг, би яаж ч чадах билээ дээ гэж бодох бол огт өөр зүйл. Тиймээс өөрийгөө хангалтгүй гэж бодож явдаг бол өнөөдөр тэр бодлоо хаях хэрэгтэй. Хүн хэзээд хөгжиж, чадварлаг туршлагатай болж чадна.

БИ ГЭР БҮЛ, НАЙЗ НӨХДИЙНХӨӨ ХҮЛЭЭЛТЭД ХҮРЧ АМЬДРАХ ЁСТОЙ

Бусдад инээд, аз жаргал бэлэглэж амьдрана гэдэг маргашгүй сайхан зүйл гэвч та өөрийгөө умартах ёсгүй. Өөрөөр хэлбэл бусдад сайхан сэтгэгдэл төрүүлэхийн тулд өөрөөсөө өөр хэн нэгний дүрд тоглож, өөрийн хүсээгүй зүйлээ хийж, өөрийн хүсээгүй хүмүүстэй хамт байх гэдэг сайн дураар өөрийнхөө аз жаргал, эрх чөлөөг тавиад явуулж байна гэсэн үг. Та зөвхөн өөрийнхөөрөө амьдарч, өөрийнхөө амьдралыг өөрөө авч явах эрх нь танд бүрэн бий.

ХҮМҮҮС НАМАЙГ ЮУ ГЭЖ ХЭЛЭХ БОЛ ГЭХЭЭС БИ ҮНЭХЭЭР АЙЖ БАЙНА

“Таны талаар хэлсэн хэн нэгний увайгүй бодол таны бодит байдал болох албагүй” гэж алдарт Лэс Браун нэгэнтээ хэлсэн байдаг. Таныг хэн ч юу ч гэж хэлсэн бай та л өөрөө хүлээн зөвшөөрөөгүй бол тэдний үг далайд шидсэн чулуутай л адил зүйлс. Үнэндээ та хичнээн сайн сайхан хүн байж олон хүмүүст тус хүргэж зөв амьдарлаа ч гэсэн энэ хорвоо дээр таныг тийм байсны чинь төлөө үзэн ядаж, муулж ярих хүмүүс байж л байгаа. Өөрөө өөрийгөө үнэлэх тэр үнэлэмждээ нөлөөлөх боломжийг өөр хэнд ч битгий олго.

МИНИЙ ХИЙЖ БУЙ ЗӨВ ҮЙЛДЛИЙГ ХҮМҮҮС ХАРААД НАМАЙГ МАГТААСАЙ

Сүүлийн үед энд тэнд “зөв хүний үйлдэл нүднээс далд ч зөв байдаг юм” гэсэн үгс их харагдах болжээ. Хийж буй бүх зүйлсээ хэн нэгнээр үнэлүүлж, хэн нэгэнд хийсэн бүхнээ сайрхан ярьж, хий хоосон магтаалын үгээр өөрийнхөө сэтгэлийг дүүргэхийг хүсэх гэдэг нь аюултай зүйл. Учир нь та энэ байдалд өөрийгөө аваачсанаар цаашид юуг ч чин сэтгэлээсээ хийж чадахаа байх болно. Яагаад гэвэл таны хийж буй ажилд хэн нэгэн онц дүн тавихгүй юм бол би юу ч хийхгүй гэсэн ахархан бодолтой, өчүүхэн дотортой тийм л нэгэн болж хувирна. Тиймээс зөв зүйлийг хийхдээ ирэх шагналд нь болж бус өөрт үлдэх сэтгэл ханамж, бусдад түгээх ач тусыг бодож хийж сурах хэрэгтэй.

МИНИЙ ХУВЬД ОДОО ДЭНДҮҮ ОРОЙТСОН

Биелэгдээгүй мөрөөдөл бус, биелүүлээгүй мөрөөдөл гэж байдаг гэж нэгэн зохиолч шүлэглэсэн байдаг. Үнэндээ одоо бүх зүйл оройтсон, би нэгэнт өнгөрсөн гэх энэ бодол нь хамгийн залхуу, хамгийн шантрамтгай хүмүүсийн хийдэг сонголт. Хэнд ч гэсэн энэ сонголт үргэлж байдаг харин амжилттай хүмүүс энэ сонголтыг хэзээ ч хийдэггүй. Насаараа хэлний багш хийсэн настай багш тэтгэвэртээ гарахдаа хийсэн сонголт нь дахин урлагийн сургуульд сурч зураач болох байсан. Танд ч гэсэн ийм гайхалтай сонголтыг хийх боломж үргэлж бий. Гагцхүү хийх л хэрэгтэй учир нь үхэл л хаяанд ирээгүй бол оройтсон зүйл гэж юу ч үгүй.

 

(Үргэлжлэл бий….)

ЭХ СУРВАЛЖ: http://www.erdenesukh.com