Индэр    
56 минутын өмнө
Зураг
Нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол хэрхэн өөрчлөгдөж буйг хэмжих судалгаа

NATIONAL OPINION: Иргэдийн олонх нь тулгамдсан асуудлыг АЛЬ Ч НАМ ШИЙДЭЖ ЧАДАХГҮЙ гэж үзжээ

Редакцын бус нийтлэл
Зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Монголын нийгэм, улс төрийн талаарх иргэдийн хандлагыг сар бүр тогтмол хэмжих “National Opinion” буюу үндэсний санал бодлын барометр судалгааны наймдугаар сарын үр дүнг танилцуулъя.

Өнгөрсөн наймдугаар сард иргэдээс нийгэм, улс төр, эдийн засгийн хамгийн тулгамдсан асуудлуудыг нэрлэхийг хүсэхэд 67.1 хувь нь үнийн өсөлт, 38.9 хувь нь авлига, 36.5 хувь нь боловсролыг нэрлэжээ. Эдгээрийн араас амьжиргаа (27.7%), эрүүл мэнд (23.8%), ажилгүйдэл, нийгмийн шударга ёс, хууль хэрэгжилт зэрэг асуудал орсон байна. Судалгааны дүнгээс харахад үнийн өсөлт иргэдийн хамгийн их нэрлэсэн тулгамдсан асуудал хэвээр байна.

График 1, Нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлууд

зураг
 

Тэгвэл сүүлийн гурван сард иргэдийн амьжиргаанд ямар өөрчлөлт гарсан бэ? Энэ асуултыг сүүлийн таван сарын турш тогтмол хэмжихэд амьжиргаа дордсон гэж үзэх иргэдийн хувь нэмэгдэх хандлага ажиглагджээ. Дөрөвдүгээр сард судалгаанд оролцогчдын 9.8 хувь нь амьжиргаа “нэлээд дордсон” гэж хариулж байсан бол наймдугаар сард энэ үзүүлэлт 18.8 хувь болжээ. Өөрөөр хэлбэл “нэлээд дордсон” гэж хариулсан иргэдийн эзлэх хувь дөрөвдүгээр сараас хойш бараг хоёр дахин өсөв.

“Бага зэрэг дордсон” гэж хариулсан иргэдийн эзлэх хувь мөн дөрөвдүгээр сарын 23.2 хувиас наймдугаар сард 27.2 хувь болж нэмэгджээ.

Харин амьжиргаа “бага зэрэг дээрдсэн” гэж үзсэн иргэд дөрөвдүгээр сард 12.8 хувь байсан бол наймдугаар сард 9.6 хувь болж буурсан байна. Мөн дөрөвдүгээр сард оролцогчдын 2.1 хувь нь амьжиргаа “нэлээд дээрдсэн” гэж хариулж байсан бол наймдугаар сард 1.1 хувь болж буурчээ.

График 2, Сүүлийн 3 сарын амьжиргааны өөрчлөлт, 2026.03-08 сарын үр дүн

зураг
 

Сар бүрийн үр дүнг харьцуулахад амьжиргаа дордсон гэж үзэх иргэдийн эзлэх хувь сүүлийн саруудад нэмэгдэж байна. Харин иргэдийн тулгамдсан асуудлыг улс төрийн аль нам хамгийн сайн шийдвэрлэж чадах вэ?

Сүүлийн зургаан сарын турш тогтмол авсан судалгааны дүнгээс харахад “аль нь ч чадахгүй” болон “мэдэхгүй” гэсэн хариулт нийлээд оролцогчдын тал орчим хувийг эзэлж байна. Гуравдугаар сард эрх баригч МАН нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж чадна гэж оролцогчдын 27.9 хувь үзэж байсан бол наймдугаар сард энэ үзүүлэлт 20.6 хувь болж буурчээ.

Харин АН-ыг нийгмийн тулгамдсан асуудлыг шийдэж чадах нам гэж нэрлэсэн иргэдийн хувь сүүлийн зургаан сард 17–23 хувийн хооронд хэлбэлзсэн байна. ХҮН нам, ИЗНН, Үндэсний эвслийг нэрлэсэн оролцогчид тус бүр 1–4 орчим хувийг эзэлжээ.

Энд анхаарал татах нэг үзүүлэлт бий. Наймдугаар сарын судалгаагаар оролцогчдын 37.5 хувь нь тулгамдсан асуудлыг “аль ч нам шийдэж чадахгүй” гэж хариулсан нь аль нэг намыг нэрлэсэн хариултуудаас өндөр байна.

График 3, Нийгмийн асуудлыг шийдэж чадах нам, 8-р сар

зураг
 

Иргэдийн бараг тал нь “амьжиргаа дордсон” гэж үзэв

Судалгаанд оролцогчдын 46 хувь нь сүүлийн гурван сард амьжиргаа нь дордсон гэж хариулжээ. Амьжиргаа дордсон гэж хариулсан иргэд зургаадугаар сард 30.3 хувь, долдугаар сард 41.1 хувь байсан бол наймдугаар сард 46 хувь болж, сүүлийн хоёр сард мэдэгдэхүйц нэмэгдсэн байна. Харин 10 хүн тутмын нэг орчим нь амьжиргаа сайжирсан гэж үзжээ.

Сар тутмын өөрчлөлтөөс харахад дөрөвдүгээр сараас хойш амьжиргаа дордсон гэж хариулах иргэдийн эзлэх хувь нэмэгдсэн бөгөөд нийгэм, улс төр, эдийн засгийн тулгамдсан асуудлуудаас үнийн өсөлт сүүлийн зургаан сар дараалан тэргүүлжээ.

Байршлаар авч үзвэл нийслэлийн иргэд амьжиргааны доройтлыг орон нутгийн иргэдээс илүү мэдэрсэн дүр зураг ажиглагдсан байна. Мөн амьжиргаа дордсон гэсэн хариулт нас, хүйс, өрхийн орлогын өөр өөр бүлэгт нийтлэг ажиглагджээ.

Ирэх гурван сарын талаарх хүлээлт ч төдийлөн өөдрөг биш байна. Судалгаанд оролцогчдын олонх амьжиргаа одоогийн түвшиндээ үлдэх эсвэл цаашид дордоно гэж төсөөлжээ. Өөрөөр хэлбэл, иргэдийн хувьд амьжиргааны өнөөгийн дарамт ойрын хугацаанд хурдан буурна гэсэн хүлээлт сул байна.

Иргэдээс улс орны хамгийн тулгамдсан асуудлыг нэрлэхийг хүсэхэд үнийн өсөлт тэргүүлж, авлига, боловсрол, амьжиргаа, эрүүл мэнд, ажилгүйдэл удаалжээ. Энэ нь эдийн засгийн нөхцөл байдлыг иргэд макро эдийн засгийн үзүүлэлтээс гадна өрхийн өдөр тутмын амьжиргаанд хэрхэн мэдрэгдэж байгаагаар үнэлж буйг харуулж байна.

Гэтэл эдгээр тулгамдсан асуудлыг аль нам хамгийн сайн шийдвэрлэж чадах вэ гэсэн асуултад хамгийн олон оролцогч “аль нь ч чадахгүй” гэж хариулжээ. Энэ үзүүлэлт МАН болон АН-ыг тус тус нэрлэсэн хариултаас өндөр байна. Товчхондоо амьжиргааны дарамт нэмэгдэхийн зэрэгцээ улс төрийн намууд асуудлыг шийдвэрлэж чадна гэсэн иргэдийн үнэлгээ сул байгаа дүр зураг ажиглагдаж байна.