Үндэсний санал бодлын сар тутмын “National Opinion” судалгааны наймдугаар сарын үр дүнгээр 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой улстөрчдийн дундаас Н.Алтанхуяг, Г.Занданшатар нарын дэмжлэг бусдаасаа өндөр байна.
Гэвч судалгааны анхаарал татах үзүүлэлт нь хоёр улстөрчийн эрэмбээс илүүтэй хэнийг дэмжихээ шийдээгүй иргэдийн эзлэх хувь байлаа.
Намуудын боломжит нэр дэвшигчдийг сонгуулийн хэлбэрээр харьцуулж үнэлүүлэхэд оролцогчдын
Хоёр улстөрчийн дэмжлэгийн зөрүү ердөө 1.8 хувийн нэгж байна. Энэ зөрүүгээр Н.Алтанхуягийг илт давуу гэж дүгнэхэд хангалтгүй бөгөөд одоогоор тэд ойролцоо түвшний дэмжлэгтэй байна. Мөн аль аль нь судалгаанд оролцогчдын олонхын дэмжлэгийг аваагүй байгаа ч үүнээс сонгуулиар олонхын санал авч чадахгүй гэсэн дүгнэлтийг одоогоор хийх боломжгүй. Шийдээгүй иргэдийн цаашдын сонголт, нэр дэвшигчдийн эцсийн бүрэлдэхүүнээс өрсөлдөөний дүр зураг өөрчлөгдөх боломжтой.
“National Opinion” судалгаагаар намуудаас нэр дэвших боломжтой хүмүүсийг тус бүрээр нь нэрлэж, тухайн хүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшвэл хэр дэмжихийг мөн үнэлүүлжээ. Энэ асуултын дүн АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн дунд Н.Алтанхуяг бусдаасаа мэдэгдэхүйц ялгарчээ.
Н.Алтанхуягийг судалгаанд оролцогчдын 14.0 хувь нь “бүрэн дэмжинэ”, 29.3 хувь нь “дэмжинэ” гэж хариулжээ.
Ингэснээр түүнийг тодорхой хэмжээнд дэмжих хоёр эерэг хариулт нийлээд 43.3 хувь болж байна. Үүн дээр “зарим талаар дэмжинэ” гэсэн 15.7 хувийг нэмбэл нийт оролцогчдын 59.0 хувь нь Н.Алтанхуягт ямар нэг түвшний эерэг хандлага илэрхийлжээ. Харин “дэмжихгүй” болон “огт дэмжихгүй” гэсэн хариулт нийлээд Н.Алтанхуягийн хувьд 34.1 хувь байна.
АН-аас санал болгосон бусад хүмүүсийн хувьд “бүрэн дэмжинэ” болон “дэмжинэ” гэсэн хоёр хариултыг нийлүүлбэл О.Цогтгэрэл 21 орчим хувь, С.Ганбаатар 21 орчим хувь, Б.Пүрэвдорж 20 орчим хувьтай байна. С.Баярцогт, Р.Амаржаргал, Л.Гантөмөр нарын хувьд энэ үзүүлэлт үүнээс доогуур гарчээ.
Ингэснээр Н.Алтанхуягийн дэмжлэг зөвхөн бусад намын боломжит нэр дэвшигчидтэй харьцуулсан сонголтын асуултад өндөр байгаа төдийгүй АН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийг тус бүрээр нь үнэлүүлэхэд ч бусдаасаа өндөр байгаа юм.
МАН-аас нэр дэвших боломжтой хүмүүсийн үнэлгээгээр Г.Занданшатар мөн тэргүүлжээ. Түүнийг оролцогчдын 8.8 хувь нь “бүрэн дэмжинэ”, 22.6 хувь нь “дэмжинэ” гэж хариулсан байна. Эдгээр хоёр хариултыг нийлүүлбэл 31.4 хувь болно. Мөн 23.2 хувь нь “зарим талаар дэмжинэ” гэж хариулжээ. Ингэснээр Г.Занданшатарыг ямар нэг түвшинд дэмжсэн гурван хариултын нийлбэр 54.6 хувь байна.
Л.Энх-Амгаланг “бүрэн дэмжинэ” болон “дэмжинэ” гэсэн хариулт нийлээд 24 орчим хувь, С.Бямбацогтынх 21.5 хувь байна. С.Амарсайхан дараагийн түвшинд байгаа бол Ж.Энхбаяр, Б.Батцэцэг нарын дэмжлэг харьцангуй доогуур гарчээ.
Эдгээр үзүүлэлтийг зөвхөн хэн илүү олон дэмжигчтэй вэ гэдгээр харах нь хангалтгүй. Боломжит нэр дэвшигчийн анти-рейтинг буюу дэмжихгүй сонгогчдын хэмжээ ч Ерөнхийлөгчийн сонгуульд чухал үзүүлэлт болж байна.
Н.Алтанхуягийн хувьд “дэмжихгүй” болон “огт дэмжихгүй” гэсэн хариулт нийлээд 34.1 хувь байгаа бол Г.Занданшатарын хувьд 40.2 хувь байна. Харин зарим боломжит нэр дэвшигчийн хувьд эдгээр хоёр сөрөг хариултын нийлбэр 50, бүр 60 хувиас давжээ. Тухайлбал, АН-аас санал болгосон С.Баярцогт, Р.Амаржаргал, Л.Гантөмөр болон МАН-аас санал болгосон Ж.Энхбаяр, Б.Батцэцэгийн хувьд дэмжихгүй гэсэн хоёр хариултын нийлбэр 60 орчим хувь болон түүнээс дээш байна.
Энэ нь Ерөнхийлөгчийн сонгуулийн боломжит нэр дэвшигчдийг үнэлэхдээ дэмжигчдийн хэмжээнээс гадна эсэргүүцэгчдийн хэмжээ буюу дэмжлэгээ цааш тэлэх боломжийг хамтад нь харах шаардлагатайг харуулж байна.
Гурван үзүүлэлтийг хамтатган харахад Н.Алтанхуяг, Г.Занданшатар нар одоогоор хамгийн хүчтэй байр суурьтай боломжит нэр дэвшигчид байна. Тэд нийт сонгогчдын сонголтын асуултаар бараг зэрэгцэж байгаа бөгөөд өөр өөрийн намаас санал болгосон хүмүүсийн дунд ч хамгийн өндөр дэмжлэгтэй байна.
Гэхдээ үүнийг 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өрсөлдөөн хоёр хүний хооронд аль хэдийн тогтсон гэж ойлгох боломжгүй. Сонгогчдын 38.8 хувь сонголтоо хараахан шийдээгүй байгаа нь одоогийн хамгийн том үзүүлэлт хэвээр байна. Түүнчлэн намууд албан ёсны нэр дэвшигчдээ тодруулах хүртэл сонгогчдын хандлагыг тогтмол хэмжих шаардлагатай.
“National Opinion” судалгаа Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших боломжтой хүмүүсийн дэмжлэгийг сар бүр тогтмол хэмжиж, нас, хүйс, өрхийн орлого, намын харьяалал, хөдөлмөр эрхлэлт, газар зүйн байршил, боловсролын түвшин зэрэг үзүүлэлтээр задлан харьцуулж байна.
“National Opinion” судалгааны тухай
“National Opinion” үндэсний санал бодлын судалгаа нь нийгэм, эдийн засаг, улс төрийн болон цаг үеийн нөхцөл байдалд олон нийтийн санаа бодол нэг удаагийн санал асуулгаар бус, цаг хугацааны явцад хэрхэн өөрчлөгдөж буйг ажиглаж, өгөгдөлд суурилсан шийдвэр гаргалтыг нэмэгдүүлэх зорилготой.
Судалгаагаар төрийн байгууллага, улс төрийн нам, улстөрчдийн үнэлгээ, нийгмийн сэтгэл зүй, төрийн бодлого, олон улсын харилцаа, сонгогчийн зан төлөв зэрэг сэдвийг тогтмол хэмжихээс гадна цаг үеийн асуудлаарх олон нийтийн санал бодлыг тодруулдаг.
Судалгаанд нийслэл болон бүсчилсэн байдлаар сонгосон 11 аймгийн 18-аас дээш насны 1000 иргэнийг сар бүр хамруулдаг. Оролцогчдыг нас, хүйс, байршлыг харгалзан түүврийн аргачлалаар сонгож, судалгааны ярилцлагыг судлаач биечлэн авч, хариултыг таблет, компьютерт шууд бүртгэдэг CAPI арга ашигладаг. Ингэснээр мэдээллийг бүхэлд нь шалгаж, чанарыг баталгаажуулах боломжтой.
Судалгааны бүрэн тайланд үзүүлэлтүүдийн сар бүрийн өөрчлөлт, хүн ам зүйн дэлгэрэнгүй задаргаа багтдаг. Мөн хэрэглэгчид судалгааны аргачлал, үр дүнтэй танилцаж, мэдээллийг шалгах боломжтой.
Дэлгэрэнгүй мэдээллийг: www.opinion.mn
Холбоо барих: 72001444, contact@opinion.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!