Швейцар улс “Үхлийн сахиусан тэнгэр” гэгддэг Нацист Германы эмчийн тухай 200 хуудас бичиг баримтыг ил болгожээ
Швейцарын Холбооны тагнуулын алба Пүрэв гарагт Нацист Германы эмч, дайны гэмт хэрэгтэн Йозеф Менгелетэй холбоотой 200 хуудас бичиг баримтыг олон нийтэд ил болгожээ.
Тэрбээр Аусшвицийн хорих газарт хоригдлууд дээр эмнэлгийн аймшигт туршилт явуулдаг байсныхаа төлөө “Үхлийн сахиусан тэнгэр” хэмээн алдаршсан эмч байсан юм.
Дэлхийн хоёрдугаар дайны үеэр түүний ажиллаж байсан Польшийн нутагт оршдог Аусшвицийн хорих газарт нийт 1.1 сая орчим хүн амь үрэгдсэний нэг сая орчим нь жүүд хүмүүс байжээ.
Менгеле шинжлэх ухааны судалгаа нэрийн дор хоригдлууд, тэр дундаа хүүхдүүд дээр харгис хэрцгий эмнэлгийн туршилтууд явуулж байсан гэдэг.
Дайны дараа тэр хуурамч нэр ашиглан Улаан Загалмайн нийгэмлэгийн бичиг баримтаар Европоос зугтсан юм.
Латин Америкт олон жил нуугдаж амьдарсан тэрбээр 1979 онд Бразилын эрэг орчимд сэлж байхдаа усанд живж нас баржээ.
Өчигдөр нийтлэгдсэн бичиг баримтад Менгеле дүрвэснийхээ дараа хуурамч нэр ашиглан Швейцарт ирсэн байж болзошгүй, эсвэл ирэхээр төлөвлөж байсан тухай тагнуулын мэдээлэл багтсан байна.
Эрэн сурвалжлагдаж байх хугацаандаа тэр Швейцарт хэсэг хугацаанд байсан эсэхийг түүхчид батлахын тулд архивын нууц бичиг баримттай танилцах боломжийг олон жилийн турш эрэлхийлж байсан юм.
Швейцарын эрх баригчид нэр нь дурдагдсан хувь хүмүүсийн аюулгүй байдлыг хангах үүднээс дээрх бичиг баримтуудыг 2071 он хүртэл нууцлах ёстой гэж үзэж байв.
Гэвч түүхч Жерард Уэтстейн уг хоригийг цуцлуулахаар Холбооны Захиргааны шүүхэд хандсан нь амжилтад хүрснээр ийнхүү ил болгож байгаа юм.
Ил болгосон бичиг баримтуудад зарим гуравдагч хүмүүсийн хувийн нууцыг хамгаалах зорилгоор нэр усыг нь дарсан байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
