Дуэйт Ховард ирэх 10 сараас Гүржийн лигт тоглох болсноо зарлалаа
Хойд Америкийн Үндэсний Сагсан Бөмбөгийн Холбоо (NBA)-ны тоглогч асан Дуэйт Ховард Монголын сагсан бөмбөгийн Дээд лигийн "SG Apes" багийн урилгаар улирлын өмнөх тоглолтод оролцсон билээ.
NBA-д тоглохоо больсны дараа Тайвань болон Арабын Нэгдсэн Эмират Улсын лигт замналаа үргэлжлүүлсэн Д.Ховард өнгөрсөн жил жүжигчин, дуучин Ice Cube-ийн үүсгэн байгуулсан 3х3 сагсан бөмбөгийн Big League-т тоглосныхоо дараа их спортоосоо зодог тайлах шийдвэр гаргасан юм.
Гэхдээ өдгөө 40 настай америк эр удаан зүгээр суусангүй. Анх удаа Европын лигт тоглох болсноо зарлалаа. Тодруулбал Гүржийн "Black Fortress Tbilisi" багт ирэх 10 сараас тоглох болсон байна.
Гэрээ байгуулснаа албан ёсоор хоёр тал зарласан ч цалин болон хугацааны талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.
"Black Fortress" баг нь өнгөрсөн улиралд Гүржийн хоёрдугаар лигийн аварга болсноор энэ жил дээд лигтээ өрсөлдөхөөр болсон юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
