Канад улс Украины агаарын хамгаалалтад $254 саяын багц тусламж үзүүлэхээр болсноо зарлажээ

Т.Давааням, ikon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Пүрэв гарагт Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийтэй уулзсаныхаа дараа Канадын ерөнхий сайд Марк Карни агаарын довтолгооноос хамгаалах систем худалдаж авахад нь зориулан 350 сая канад долларын ($254 сая) тусламжийн багцыг олгохоор тохиролцсоноо мэдээлжээ.

Оросын тал агаарын цохилтоо эрчимжүүлсэн энэ үед Украинд баллистик пуужинг устгах чадвартай АНУ-д үйлдвэрлэгдсэн Patriot системийн хэрэгцээ маш их болоод байгаа.

“Орос улс энгийн иргэдийг ялгалгүйгээр онилсон харгис хэрцгий агаарын довтолгоогоо эрчимжүүлж буй энэ үед Украины агаарын довтолгооноос хамгаалах систем нэн чухал ач холбогдолтой юм” гэж Калгари хотод сэтгүүлчидтэй уулзахдаа Карни хэлжээ.

“Өнөөдөр Канад, Украин улсууд агаарын довтолгооноос хамгаалах чухал пуужинг нийлүүлэх гэрээг эцэслэн баталлаа. 350 сая канад долларын өртөг бүхий энэхүү тоног төхөөрөмжийн багц нь Украины ард иргэд, дэд бүтэц, агаарын орон зайг хамгаалахад туслах болно” гэж тэр нэмж хэлсэн байна.

Карни ямар төрлийн пуужин нийлүүлэх, тусламж хэзээ хүрч эхлэх зэрэг мэдээллийг дэлгэрүүлээгүй юм.

АНУ-ын засаг захиргаа гуравдагч улс орнуудад өөрийн Patriot зэрэг системийг худалдан авч, Украинд нийлүүлэх боломж олгодог хөтөлбөр хэрэгжүүлж байгаа бөгөөд Канадын тусламж нь үүний нэг хэсэг юм байна.

“Энэхүү тусламжийн багцад талархал илэрхийлье. Одоогийн нөхцөл байдалд энэ нь нэн чухал ач холбогдолтой юм” гэж Зеленский хариу мэдэгджээ.

Украиныг тууштай дэмжигчдийн нэг болох Канад улс нь дайн эхэлсний дараа нийт 25.5 тэрбум канад долларын тусламж амласны 8.5 тэрбум нь зэр зэвсгийн тусламж юм.

Карни бас Канад улс ойрын хоёр жилийн дотор олон сая нисгэгчгүй онгоц үйлдвэрлэдэг болох зорилт тавьсныг энэ үеэр мэдээлжээ.

Эдгээрийн гуравны нэг нь Украинд илгээгдэх гэнэ.

Канад улсад 1.3-1.4 сая украин гаралтай хүн амьдардаг нь гадаад дахь энэ үндэстний хамгийн том хүн амын бүлгүүдийн нэг юм.

Өчигдөр бас Канад улс ирэх өвөл Украины эрчим хүчний аюулгүй байдлыг дэмжих зорилгоор Европын Сэргээн Босголт, Хөгжлийн Банканд 435 сая канад долларын зээл олгох шийдвэрээ зарлажээ.

 

Эх сурвалж: Reuters