40 дэх удаагийн “Barilga Expo” олон улсын үзэсгэлэн яармаг нээлтээ хийлээ
Монгол Улсад орчин цагийн барилгын салбар үүсэж хөгжсөний 100 жилийн түүхт ойн хүрээнд зохион байгуулагдаж буй 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармаг өнөөдөр /2026.09.11/ “Буянт-Ухаа” ордонд 11:00 цагт нээлтээ хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн санаачлагч, “Барилга МН”-ийн үүсгэн байгуулагч, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Г.Батсүх, Хот Байгуулалт, Барилга, Орон Сууцжуулалтын яамны Төрийн нарийн бичгийн дарга М.Баяраа, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Гавьяат барилгачин, ОХУ-ын Буриад Улсын Гавьяат барилгачин Б.Жүгдэр, тус яамны Сайдын зөвлөх Б.Буяндэлгэр, Сайдын зөвлөх Н.Одгэрэл, Барилга, барилгын материалын үйлдвэрлэлийн бодлого, зохицуулалтын газрын дарга Д.Батзориг, Барилгын хөгжлийн төвийн Ерөнхий инженер З.Энх-Оргил, Хот төлөвлөлт, бүс нутаг, суурьшлын хөгжлийн газрын дарга Ж.Батболд, Монголын барилгын үндэсний ассоциацийн Ерөнхийлөгч Н.Баярсайхан, Монголын барилгачдын нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга Ч.Наранбаатар, Монголын Барилгын Гүйцэтгэгч Байгууллагуудын Холбооны Ерөнхийлөгч, МУГБарилгачин Ц.Эрдэнэбат, Барилгын хөгжлийн үндэсний нэгдсэн төвийн Удирдах зөвлөлийн дарга, МУГБарилгачин Г.Мягмар, Монгол Улсын гавьяат барилгачин Л.Шагдаррагчаа 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагийн Ерөнхий ивээн тэтгэгч “Улаанбаатар Групп” ХХК-ийн Төслийн удирдлагын газрын захирал Х.Жардембек, Ивээн тэтгэгч “ЭЙ ЖИ ЖИ ЭС” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Д.Базаргүрүү болон төр, хувийн хэвшил, мэргэжлийн байгууллагуудын бусад төлөөлөл оролцлоо.
Энэ удаагийн үзэсгэлэнд 400 гаруй үндэсний аж ахуйн нэгж, 100 орчим олон улсын компани оролцож, барилгын материал, тоног төхөөрөмж, инженерийн шугам сүлжээ, интерьер, экстерьер, дэд бүтэц, орон сууц, амины орон сууц, ногоон барилга, эрчим хүчний хэмнэлт болон шинэ технологийн бүтээгдэхүүн, үйлчилгээгээ танилцуулна.
Үзэсгэлэнгийн гурван өдрийн турш төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, инженер, техникийн ажилтан, салбарын мэргэжилтэн болон хэрэглэгчдэд зориулсан сэдэвчилсэн семинар, илтгэл, бүтээгдэхүүн, технологийн танилцуулга зохион байгуулагдана.
Есдүгээр сарын 11-ний өдөр төсөл хэрэгжүүлэгч, хөрөнгө оруулагч, байгууллагын удирдлагуудад зориулсан илтгэл, хэлэлцүүлэг зохион байгуулагдаж, барилгын чанар, аюулгүй байдал, баталгаажуулалт, норм, дүрэм, нийслэлд хэрэгжиж буй томоохон төслүүд, дахин төлөвлөлт, барилгын төслийн эрсдэлийн удирдлага болон орон сууцны зах зээлийн өнөөгийн нөхцөл байдлыг хэлэлцэнэ.
Мөн энэ өдөр 16:00–18:00 цагт “INTERNATIONAL BUSINESS MEETING” олон улсын бизнес уулзалт зохион байгуулагдаж, Монголын төсөл хэрэгжүүлэгч, захиалагч, барилгын компаниудыг олон улсын үйлдвэрлэгч, ханган нийлүүлэгч, технологийн компаниудтай холбон, шинэ түншлэл, бүтээгдэхүүн нийлүүлэлт, хөрөнгө оруулалт болон хамтын ажиллагааны боломжийг хэлэлцэнэ.
Есдүгээр сарын 12-ны өдөр инженер, техникийн ажилтан болон салбарын мэргэжилтнүүдэд зориулсан мэргэжлийн илтгэл, танилцуулгууд үргэлжилж, барилгын талбайн аюулгүй ажиллагаа, амины орон сууцны зөв төлөвлөлт, хиймэл оюун ухааны хэрэглээ, BIPV технологи, эрчим хүчний үр ашиг зэрэг шинэ технологи, шийдлүүдийг танилцуулна.
Есдүгээр сарын 13-ны өдөр амины орон сууц, ногоон барилга, сэргээгдэх эрчим хүч, халаалт, эрчим хүчний хэмнэлт болон барилгын материалын худалдаа, нийлүүлэлтийн шинэ боломжуудыг онцлон танилцуулна.
Барилгын салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, төсөл, хөрөнгө оруулалт, мэргэжлийн мэдээллийг нэг дор танилцуулдаг “BARILGA EXPO” олон улсын үзэсгэлэн, яармаг энэ жил 40 дэх удаагаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд есдүгээр сарын 11–13-ны өдрүүдэд гурван өдрийн турш үргэлжилнэ.
Барилгын салбарын шинэ бүтээгдэхүүн, технологи, төсөл, хөрөнгө оруулалт, мэргэжлийн мэдээлэл, ногоон болон эрчим хүчний хэмнэлтийн шийдлүүдтэй нэг дороос танилцахыг хүсвэл 40 дэх удаагийн “BARILGA EXPO” олон улсын барилгын үзэсгэлэн, яармагт хүрэлцэн ирэхийг урьж байна.
Ерөнхий зохион байгуулагч:
BARILGA.MN
Хамтран зохион байгуулагч:
ХОТ БАЙГУУЛАЛТ, БАРИЛГА, ОРОН СУУЦЖУУЛАЛТЫН ЯАМ
НИЙСЛЭЛИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗАР
БАРИЛГЫН ХӨГЖЛИЙН ТӨВ
Ерөнхий ивээн тэтгэгч:
Ивээн тэтгэгч:
Дэмжигч байгууллага:
БАРИЛГАЧИН ХУДАЛДААНЫ ТӨВ
ЛАН ПОЙНТ ХХК
ХҮРД ХК
LANGFANG JIZHI COUNTRY VILLA TECHNOLOGY CO., LTD.
Холбоо барих: 99907816
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
