Б.Мягмардорж: Сургуулийн орчмын бүс болон шугам замд явж байгаа хүүхдийн автобуснуудын аюулгүй байдлыг дахин шалгаж байна

Д.Янжиндулам, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Сургуулийн автобусны аюулгүй байдалд хяналт тавьж байгааг мэдээллээ.

Энэ тухай Нийтийн Тээврийн Бодлогын Газрын автотээврийн улсын байцаагч Б.Мягмардорж "Наймдугаар сарын 17-31-ний хооронд хүүхдийн автобуснуудыг техникийн үзлэг оношилгоонд хамрууллаа. Энэ хугацаанд 200 гаруй автобуснаас 90 гаруй хувь үзлэг оношилгоонд бүрэн хамрагдаж, хүүхдүүдийг тээвэрлэж байна.

Хүүхдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор хичээл эхэлснээс хойш буюу есдүгээр сарын 1-нээс эхлэн сургуулийн орчмын бүс болон шугам замд явж байгаа хүүхдийн автобуснуудыг дахин шалгаж, хянах ажлыг үргэлжлүүлж байна" гэлээ.

Шалгалтын ажиллагааг Нийслэлийн Боловсролын Газартай хамтран зохион байгуулж байгааг тэрбээр тодотгов.

Тус газраас энэ хичээлийн жилд 64 чиглэлд 67 автобусаар ерөнхий боловсролын 84 сургуульд үйлчилж байгаа бол өнгөрсөн хичээлийн жилд 62 чиглэлд 67 автобусаар 82 сургуулийн сурагчдыг тээвэрлэжээ.