Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2015/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

Өнөөдөр ГАЙХАЛТАЙ САЙХАН ӨДӨР байж болно

О.ЭРДЭНЭСҮХ
2015 оны 9 сарын 12
iKon.MN

ТА заримдаа "Өнөөдөр өглөө би буруу хөл дээрээ босчихсон юм байхдаа" гэсэн сонин асуултыг өөрөөсөө асууж байсан уу? Амьдралд дандаа гэрэл гэгээтэй, сайхан байдаггүй заримдаа өдөр хоногууд нэг л хүйтэн зэврүүн байх нь бий. Гэвч тэдгээр өдрүүдэд шаналж, зовж, бухимдах үедээ дараах хэдэн зүйлсийг тунгаагаад нэг үзнэ биз дээ. Бодууштай, санаж явууштай тийм л зүйлс юм шүү.

  • Бүх зүйл үргэлж санаснаар бүтэхгүй байх нь бий

Магадгүй та урд орой нь, эсвэл маргааш өглөө нь эртлэн босч өөрийнхөө өдрийг төлөвлөдөг байж болно эсвэл үгүй ч байж болно. Заримдаа зүгээр л ямар нэг зүйлийг яг төлөвлөснөөрөө хийхийг дэндүү их хичээгээд бага зэрэг өөрчлөгдсөн зүйл дээр маш их бухимдан сэтгэл санаагаар унах нь бий. Тиймээс хэрвээ та өөрийгөө нэг ийм нөхцөлд байгааг мэдэх юм бол зүгээр л гүнзгий амьсгаа аваад өнгөрөөхийг хичээгээрэй.

 
  • Өөрийнхөө хүч чадлаас давсан зүйлс байдаг гэдгийг хүлээн зөвшөөр

Бодит амьдрал дээр хүн бүхэн супер хүчтэй биш шүүдээ. Хүн л юм болохоороо та алдаа гаргана, харамсана. Гэвч заримдаа бид өөрийнхөө хүч чадлаас, боломжоос хамаагүй их давсан зүйлийг чадахын төлөө зүтгээд чадахгүй болохоороо сэтгэлээр их унах нь бий. Ер нь бол чадахгүй зүйл байгаа бол хүлээн зөвшөөрөөд харин чадах зүйлдээ илүү их хүч энергиэ зарцуулж амьдрах нь илүү үр дүнтэй.

  • Богинохон байсан ч хамаагүй өдөрт хамгийн ихээр хүсдэг зүйлсдээ цаг гарга

Хүн бүхэнд өөрийн гэсэн нэг онцгой сонирхол, хобби байдаг. Тэр зүйлээ хийж байхдаа та цаг хэд болж байгааг, хажууд чинь хэн байгааг, хүмүүс таньруу яаж харж байгааг тэр чигт нь мартаад зөвхөн тэр зүйлдээ бүх анхаарлаа төвлөрүүлж чаддаг. Өдөрт ганц удаа ч болов түүндээ цаг гарга учир нь та тэндээс л хамгийн их урам зориг, аз жаргалыг авч өнөөдрийн энэ өдрийг гайхалтай болгон хувиргаж чадна.

  • Ямар нэг шинэ зүйлийг туршаад үз

Өдөр бүхэн ажилдаа явдаг, хичээлдээ явдаг, машинаа барьдаг, автобусанд суудаг гээд л бидний амьдрал нэгэн хэвийн хэмнэлд орчихсон харин бид өөрсдөө энэ бүхэндээ бүр дасал болоод яг л тэрэгний үхэр адил амьдарсаар л байдаг. Ингэж явсаар амьдрал уйтгартай мэт санагдаж буруу замруу буруу бодолтойгоор хазайх нь бий. Энэ бүхнээс биднийг аварч чадах нэг чухал зүйл бол ямар ч хамаагүй шинэ зүйлсийг өдөр тутмын амьдралдаа туршиж байх. Шинэ зүйл гэхээр л шинэ хувцас өмсөж, шинэ хүмүүстэй уулзахыг зөвхөн хэлээгүй шүү. Өглөө ажилруугаа арай өөр замаар явах ч юм уу ангидаа өөр ширээнд суух гэх мэтчилэн жижиг мэт боловч шинэ зүйлсийг хийх хэрэгтэй. Өчүүхэн мэт санагдавч үнэндээ эдгээр зүйлс л амьдралыг мөнхийн уйтгараас аврах болно.

  • Инээмсэглэ

Эхлээд өг дараа нь ав гэж гайхалтай үг бий. Өөдөөс минь хараад ярьж байгаа хүн инээмсэглэхгүй бол би ч бас инээмсэглэхгүй гэж бус энэ хүнд нэг сайхан инээмсэглэл бэлэглэчих юм сан гэж бодож амьдраад үз. Инээмсэглэх шалтгаан байхгүй байна шүү дээ гэж та бодож болно. Тэгвэл толгойгоо өргө, дээшээ хар та нарыг харж байна уу. Амьдралыг тань тэтгэж буй түүнд та таларх, өөдөөс нь инээмсэглэ, гүнзгий амьсгаа ав. Өөрийг тань инээмсэглэхийг харсан өөр хэн нэгэн инээмсэглэнэ, түүнийг харсан өөр хэн нэгэн мөн л инээмсэглэнэ. Учир нь инээмсэглэл чинь “халдвартай” юм шүү дээ.

  • Сайн сайхныг олж хар

Өнөөгийн бидний амьдарч буй нийгэмд эерэг бодолтойгоор эерэгээр амьдрана гэдэг нилээд бэрхшээлтэй асуудал болсон. Хаашаа л харна хар муу мэдээ биднийг хүрээлж мэдээллийн хэрэгслүүд гэрэл гэгээтэй мэдээ үзүүлэх нь өдрийн од мэт л байдаг. Энэ дундаас сайхан зүйлсийг олж харна гэдэг хэцүү гэхдээ сайн сайхан зүйлс таны хувьд юу байж болох вэ гэдэг талаар нэг бодоод үзээрэй.  Гадаа цонхоор харагдах моддын шарласан навчис, жаахан хүүхдийн цангинах инээд, аз жаргалтай нь аргагүй хөтлөлдөн алхах хос хоёр, чихэнд тань эгшиглэх таны дуртай дуу, тэнгэрт гялалзах одод гээд л энгийн мэт боловч амьдралын хамгийн сайхан зүйлс таны эргэн тойронд үргэлж өрнөж байдаг гэхдээ мэдээж та эдгээр зүйлсийг олж харахыг хүсвэл шүү дээ.

  • Ганцаараа цагийг өнгөрөө

Хүн ганцаараа байхдаа л хамгийн ихээр төвлөрч чаддаг. Өдөрт хамгийн багадаа 10 минутыг ч болов ганцаараа өнгөрөөж энэ хугацаагаа өөрийгөө тайвшруулах, тархиа амраах, эсвэл болж буй бүхнийг эргэцүүлж бодоход ашигла. Ингэж байж л амьдралд тань болж буй бүх зүйлс хяналтаас гарсан мэт тэр мэдрэмжийг зогсоож чадна.

Бүгдийг нь санаад бүхнийг байнга хийгээрэй гэж би танд зөвлөхгүй харин хамгаас хэцүү бачимдсан тэр үеүдэд тань эдгээрийн аль нэг нь хэрэг болох болтугай гэж хүсье.

 

 

Зураг
14 | 18 | 19 цаг